Өвлийн цагт хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхэнд халдаж байгаа хэлбэр хэмээн өнгөрсөн хугацаанд ард иргэд болон хүний эрхийн байгууллагын зүгээс нэлээд шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсаар байсан билээ. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан.

Тодруулбал тэрбээр ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл буюу өвөл, хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Гэтэл түүний шийдвэр “Дүнжингарав-2016” хурдан морины хаврын уралдаанд нөлөөлж үнэндээ чадсангүй.

Учир нь уг уралдааныг зохион байгуулахыг Засгийн газраас зөвшөөрсөн юм билээ. Тиймээс өчигдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд “Дүнжингарав 2016” болж өнгөрлөө.
Энэ удаагийн уралдаанд нийт 1000 гаруй хурдан хүлэг уралдлаа. Жил жилийн хаврын уралдаанд хүүхдүүд мориноосоо унаж бэртэж, гэмтэх тохиолдол гардаг. Энэ үеэр 10 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртсэн талаар эх сурвалж мэдээлэлээ. Харин зохион байгуулагчид мориноос унаж, хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэсэн мэдээлэлийг өгч байна.

Ямартай ч зурагтын дэлгэцээр харж байхнээ малгайгүй, малгай нь тайлагдсан хувцасных нь энгэр задарсан хүүхдүүд нэлээд харагдана лээ. Хасах 15-20 хэмийн хүйтэнд доод тал нь 30 минут морин дээр толгой нүцгэн давхина гэдэг хүүхдүүдэд үнэдээ ахадсан ажил билээ. Угаас Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн МАН-ын дарга М.Энхболд. Мөн тэнд хурдан морьдоо уралдуудж, өөрсдийгөө баясгаж буй нөхдийн ихэнх нь УИХ-ын гишүүд болон улстөрчид байгаа юм. Тэгэхээр мөнгөтэй болон эрх мэдэлтэй хүмүүст ямарч дүрм журам, үйлчилдэггүй бөгөөд өөрсдийнхөө эрх ашиг, сонирхол хүсэл зугаа цэнгэлд тэд зориулан болохгүй зүйлийг ч болгож чаддаг гэдгийг Дүнжингараваас бид харлаа.

2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байдаг. Энэ тоо өчигдөр хэдээр нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа ч хүүхэдгүй морь цөөнгүй харагдсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлсэн. Хэвлэл мэдээлэл болон хүүхдийн эрхийн байгууллагууд сүүлийн жилүүдэд эдгээр уралдаануудыг явуулахыг эсэргүүцэх болсон тул зохион байгуулагчидтай нь хуйвалдаж бэртэж гэмтсэн хүүхдүүдийн тоог нууж, хав дарах тохиолдол ч гарах болжээ. Энэ тоо баримт нь зөвхөн хоттой ойрхон газраас ирсэн хүүхдүүдийн тоо гэнэ. Тиймээс холын аймаг, сумдад хичнээн тооны хүүхэд ийм шалтгаанаар бэртэж байгаа нь тодорхойгүй.

Өчигдөр болсон уралдааныг харахад Дүнжингарав хаврын уралдаан биш Дүнжингарав жийп машины уралдаан шиг зүйл байна лээ. Гэвч телевизийн камерт нэг ч машин нэг ч морьноос унасан хүүхэд харагдаагүй. Тэгэхээр ММСУХ-ынхон ийнхүү зохион байгуулагчид болон уралдааныг бичиж буй хэдэн телевизтэй тохиролцон, муу бүхнээ нуугаад сайн сайхныг нь ил гаргаж, үзэгчдийг хуурч байгаа юм. Яг л улстөрийн үйл ажиллагааныхаа арга барилыг энд ашиглаж байна гэсэн үг.

Н.Чимэг