Ханиад томуу дэгдсэн энэ цаг үед дур мэдэн эм хэрэглэж улам хүндрүүлж байгаа хүн олон байна гэж эмч нар анхааруулж байна.

Ямарваа нэгэн өвчинд дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг байнга анхааруулдаг ч Монголчууд бид эмийг танин шүтэж хоол шигээ л хэрэглэх болсон. Зарим хүмүүс байнгын эм ууж яваа харагддаг. Тэд эмчид үзүүлж зөвлөгөө авч ууж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Ихэвчлэн амнаас ам дамжсан яриагаар өөрсдийгөө эмчлэх гэж дайрдаг улс.

Ханиад хүрэх, хоолой өвдөх үедээ хүссэн эмээ дурын эмийн сангаас худалдан авч хэрэглэдэг нь нууц биш болсон. Эмийн зохисгүй хэрэглээнээс болж иргэд олон төрлийн антибиотик биедээ дасал болгон, эрүүл мэндээ хохироосоор байна гэдгийг мэргэжлийнхэн онцоллоо. Эмийн санчид иргэдэд дур мэдэн эм уухад нь туслаж буй нь хамгийн харамсалтай.

Дээр үед "Эмчийн жоргүйгээр олгодог ёс байгаагүй" гэдэг. Өдгөө энэ арга маш ихээр үгүйлэгдэж байгаа билээ.

Нүдний гэм болсон энэ үйл явдалд зарим нэг нь ундууцаж мэднэ. Гэхдээ зөвхөн эмчийн жороор эм олгож байвал дур мэдэн хоол шиг идэж уухаа болино. Ингэж гэмээн эмийн зохисгүй хэрэглээг таслан зогсоох нь зүйн хэрэг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эмийн зохистой хэрэглээ” аяныг зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, иргэдийн эмийн зохисгүй хэрэглээг мэргэжлийн байгууллагаас хянахаар болж байна. МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монголд эмийн хэрэглээ зохисгүй хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдээд байна. Дурын хүн ханиад хүрэхээрээ эмийн сан орж, дуртай антибиотикоо авах болсноор өнөөдөр бид эмэнд дасалтай болчихож. МХЕГ-аас өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санд нэгдсэн шалгалт явуулсан” гэлээ. Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын явцад 3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь хяналтын горим зөрчсөн, 57.5 тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хугацаа нь дууссан эмээр үйлчилж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Түүнчлэн нийслэл 13 аймагт эмийн сан нийт 31 хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан, жороор олгодог эмийг жоргүйгээр олгосон, андуурч өөр үйлчилгээтэй эм өгсөн зэрэг ноцтой зөрчлүүдийг илэрчээ. Өнгөрсөн онд хийсэн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 129, хүчинтэй хугацаа дууссан 192, хаяг шошгоны зөрчилтэй 134, нийт 468 нэрийн эм, бэлдмэлийг илрүүлсэн аж.