Ч.Үл-Олдох

“Миний ээж” булан 11 дэх жилдээ шинэ зочны хамт уншигч танаа мэндчилж байна. Энэ удаагийн зочноор “Их Модунь” компанийн санхүү хариуцсан захирал Г.Чинцогт уригдсан юм.

 

-“Миний ээж”-ийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. Эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр ээж гэдэг эрхэм хүний тухай, энэ сэдвээр ярилцах нь сайхан завшаан юм. Танай ээж, аав ямар хүмүүс байв, нутаг ус хаана вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Баярлалаа. Энэ сайхан сэдвээр ярилцахаар урьсан танд болон танай хамт олонд баярлалаа. Та бүхэнд болон танай уншигчдад, Монголынхоо бүх ээжүүд, эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлье. Манай ээж Сүхбаатар аймгийн Баянтэрэм сумын уугуул Шагдарын Банзрагч гэж хүн бий. Энэ жил нас сүүдэр 80 хүрч байна. Аав, ээж хоёр маань нэг аймаг, сумын хүмүүс. Миний аав Халтарын Гөлгөө гэж хүн байсан юм. Сүхбаатар аймгийн орлогч даргаар олон жил ажилласан, хамт олон, найз нөхөддөө түшигтэй, нутаг усныхандаа нэртэй, олонтойгоо сайхан хүн явлаа. Бид эцэг эхээс зургуул, хоёр нь охин, дөрөв нь хүү. Энэ жилийн цагаан сараар ах дүүсээрээ цуглаж золгоцгооход ээж минь зургаан хүүхдээсээ гарсан ач, зээ нийлээд 50 дахь шинэ хүнийг угтаж авч бөөн баяр боллоо. Ач зээ, зээнцэрээ үзсэн буянтай буурал байгаа юм даа, миний ээж.

Ээж Ш.Банзрагч, аав Х.Гөлгөө нар.

 

-Аав, ээж хоёрынхоо амин эрдэнэ нь гэж өөрийн чинь тухай сонссон. Өөрийнхөө тухай яриач?

-Би өөрийгөө ижий аав хоёртоо ирсэн бурхны бэлэг гэж боддог юм /инээв/. Ээж, аав хоёр минь намайг их ч эрхлүүлж өсгөсөн дөө. Яагаад гэвэл, миний дээр таван охин төрүүлээд алдчихсан юм гэнэ лээ. Тэгээд нутгийнхаа нэртэй ламаар үзүүлж, нэр авч, хүний дэргэд өлгийг минь задлахгүй энхрийлж өсгөөд, зургаан нас хүртэл буруу энгэртэй дээл өмсүүлж байсан гэдэг. Бас хүүхдийнхээ хүйсийг хэлэхгүй, хүү төрсөн гээд нууж байсан гэж ярьдаг юм. Аав ээж хоёр минь эрхлүүлж өсгөсөн болохоор ах дүүс маань ч намайг эрхлүүлж, хүндэлж хайрлаж ирсэн дээ. Бас сайн хань заяаж ханьдаа эрхлээд зогсохгүй хүүхдүүддээ, найз нөхөддөө хүртэл эрхэлж яваа ийм бүсгүй дээ.

-Хэдийнээс ээжтэйгээ хамт амьдарч байна вэ?

-Би аав, ээжийн эрх охин. Хүнтэй суулаа гээд хадмынх руу яваагүй гэртээ байсан. Аав, ээжтэйгээ хамт байж байгаад Солонгос руу явсан юм. Тэнд нөхөртэйгээ хамт зургаан жил ажилласан. Солонгост байхдаа нийслэлийн ойролцоо байшин бариулсан, тэнд аав, ээж хоёр минь намайг иртэл амьдарч байгаад ирээд цуг байх болсон доо. Ер нь бол ээж, аав хоёр үр хүүхдүүдийндээ очно. Хүүхдүүд нь тэднийгээ гэртээ аваачихыг хүснэ. Очвол ганц хоноод гэрээ саналаа гээд хүрээд ирдэг юм. Одоо ээж маань бас тэгж хэлдэг. Гэртээ бурхандаа мөргөж суух шиг сайхан юм алга гэдэг юм.

Энэтхэгийн Дармасалад очих үеэр.

 

-Хайртай охины нөхрийг бол аав, ээж хоёр нь их шинжсэн байх?

-Миний хань минь ээж, аав хоёрын хайртай хүргэн нь байгаа юм. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Манай хүн багадаа сахилгагүй хүүхэд байлаа, гэхдээ цагаан сахилгагүй. 10 төгссөнөөс хойш манайхаар хааяа орж гарна. Ээж минь өөрийн хүүхэд шиг хоол хийгээд тавьчихсан суудаг сан. Тэгж байгаад цэрэгт явах боллоо.Гэтэл аав дээр очоод “Аав аа, хүү нь цэрэгт явлаа” гэсэн байгаа юм. Аав гайхаад “Сайн яваад ирээрэй” гээд түрийвчнээсээ 50 төгрөг гаргаж өгч. гэртээ ирээд “Манайхаар гүйгээд байдаг өндөр хүү цэрэгт явлаа, ааваа гээд ирлээ, би сандарлаа” гэж ярьж байсан. Гэхдээ манай хүн сахилгагүйтээд нэг удаа ээжийн тэвчээр барагдсан уу “За хүү минь чи замаа бод, би ч охиноо татаж авъя” гэсэн удаатай. Тэгэхээр нь би “Би хамт явлаа” гээд гэрээсээ гарах гэж байсан. тэрийг миний хань одоо хүртэл яриад бахархдаг юм. Бас манай аавд зарим хүн “Охиноо яагаад сахилгагүй хүүхэдтэй суулгаж байгаа юм бэ” гэдэг байсан гэсэн. Тэгэхэд аав “Миний охин өөрөө мэдэг” гэсэн гэнэ лээ. Тэрэнд нь би одоо ч баярладаг. Ээж, аав минь биднийг албадаад салгасан бол би яаж ч явах байсан юм билээ, халуун дулаан гэртээ ээж, аавтайгаа өтлөө ч үү, үгүй ч үү. Ийм сайн ханьтай учраа ч уу, үгүй ч үү гэж бодоод баярладаг. Миний ханийг Б.Цогтсэргэлэн гэдэг. “Их Модунь” ХХК-ийн захирал. Анх компани байгуулаад манай аав дээр очиход “Миний хүүхдүүд сайхан нэртэй компани байгуулжээ. Модунь Шанью Монголын их хаан байсан юм. “Их Модунь” Монголын хамгийн сайн компани байх болно” гээд цав цагаан цаасан дээр компанийн маань тамгыг дарж өгөөд, “Миний охины тамга хаана байна” гээд санхүүгийн тамгыг бас дарж өгч байлаа. Тэгээд “Миний хүүхдүүд мунлаг явна” гэж ерөөж байсан. Миний хань бид хоёр тэр үгэнд нь одоо ч бэлэгшээж баярлаж, дурсч байдаг.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Хүү, охинтой. Охин маань хадамд гарч бид эмээ өвөө болсон.

-Одоо ээжийн тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Танай ээжийг сайхан хоолойтой хүн, урлагаар явсан бол нэртэй дуучин байх байсан юм гэж нутгийнхан нь хуучлахыг сонссон?

-Миний ээж одоо ч сайхан дуулдаг юм. Энэ жилийн Цагаан сараар ээж минь “Алтан гадас” одонгоор шагнуулж, сэтгэл нь хөдлөөд үр хүүхэд бидэндээ өөрийнхөө дуулах дуртай “Үлэмжийн чанар” дуугаар дуун хадаг өргөж биднийгээ баясгасан. Багаасаа урлагийн үзлэг, сайн дурын уран сайхнаар явж, Бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож явсан гэж хуучилдаг. Хожим нь аймгийнхаа Хөгжимт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байгаад олон хүүхэд төрүүлж, өсгөх цаг хугацаа шаардсан нөр их хөдөлмөр байдаг болохоор дуучны ажлаа орхисон юм билээ. Сүхбаатар аймгийнхан андахгүй дээ, аймгийн Хөгжимт жүжгийн театрт “Алтан гургалдай” Ичинхорлоо гэж сайхан дуучин, уран бүтээлч байсан юм. Ээж маань Ичинхорлоо гуайтай хамт дуулдаг байсан гэдэг. Ээж минь олон хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ улс орондоо янз бүрийн ажил хийж явсан. Соёл урлагийн салбарт дуучнаар ажиллаж, эрүүл мэндийн салбарт хүний санитор хийж, аймгийн авто баазад ня-бо, сүүлд тэтгэвэртээ гартлаа материал хангамжийн хэлтэст боловсон хүчнээр ажиллаж явсан ажилсаг хүн дээ. Ойрдоо бие нь жаахан чилээрхүү байгаа. Намайг “Миний ээж” ярилцлагын буланд зочноор уригдсанаа хэлээд, “Танаас бас сэтгэгдлдийг чинь сонсохсон гэж байна” гэхэд минь “Ээж нь юм ярьж чадахгүй нь дээ. Сэтгүүлч охинд баярлалаа гэж хэлээрэй. Ээжтэйгээ авахуулсан сайхан зураг байвал хэвлүүлээрэй. Би их баярлаж байна шүү” гэсэн. Миний ээж юунд ч хэзээ ч уурладаггүй, дандаа инээж явдаг , амгалан дөлгөөн сайхан буурал бий. Намайг хүмүүс ижийгээ дууриасан, дандаа инээж явдаг гэж найзууд маань хэлдэг юм. Ижий минь манайхаар орж гарч буй хүмүүсийг хүний өөрийн хүүхэд гэхгүй, хүргэн, бэрчүүл гэж ялгахгүй бүгдийг нь хайрлаж, хоол унд, таваг аяга хаана байна гээд хэнээс ч түрүүлж хөдөлдөг , хөнгөн шингэн, сайхан сэтгэлтэй хүн дээ.

Цагаан сарын баяраар халуун ам бүлээрээ.

 

-Аав чинь хэр халамжтай хүн байв?

-Аав минь дандаа удирдах ажил хийж явсан хүн дээ. Миний ээж, аав хоёр нэг нутаг усны хүүхдүүд, 16-хан настайдаа анх танилцаж, анхны охиноо өлгийдөж байсан гэдэг. Тэгээд цэл залуухан 37 настайдаа өвөө, эмээ болсон хоёр доо. Би дороо нэг дүүтэй. Манай дүү, том эгчийн хүү хоёр нас чацуу. Аав минь ээжид жигтэйхэн их хайртай, хар залуугаас ханилсан хань минь гэдэг байлаа. Удирдах ажил хийдэг хүмүүс цаг зав багатай байдаг ч аав минь ээжид аль болох цаг гаргаж, тус дэм болох гэж чадах чинээгээрээ зүтгэдэг байсан юм. Аав минь хожим тэтгэвэрт гарсан хойноо “Ханиараа зөндөө халамжлууллаа, одоо миний ээлж, ачийг нь хариулж байна” гээд өглөө босч, ээжид цайг нь чанаж өгч байсансан. Аав минь ажилсаг хүн байсан, ер нь тэр үеийнхэн тийм л хүмүүс байдаг даа. Анх ээж минь эмнэлэгт үзүүлээд элэгний хавдар гэсэн онош гарахад манай аав сэтгэлээр их унаж байсан. “Чи байхгүй бол би яах юм бэ. Эмчлүүл” гээд нулимс унагааж байсан. Гэсэн ч аав минь хөгшнөөсөө өмнө хорвоог орхисон. Өвчин эмгэг хэлдэггүй эрүүл саруул сайхан аав минь нэг өдөр ханиад хүрчих шиг боллоо, хоолой өвдөж байна” гээд байж байснаа гэнэт биднээсээ явчихсан. Ээж минь ааваас хойш “Хүүхдүүдээ аавыгаа алдаад шаналж байхад өвчин хэлээд юухэв гээд өөрийгөө их ч сайн эмчлүүлсэн юм. Тэрэндээ л одоог хүртэл явж ирлээ. Хүнд өвчин туссан ч найман жил бидэндээ харагдаад явж байна гэдэг, асар их сэтгэлийн хат, тэвчээр юм даа. Үр хүүхдээ гэсэн эх хүний сэтгэл ийм л хүчтэй байдаг юм байна.

Далай багшийн шавь Чойжин ламтай хамт.

 

-Ээжтэйгээ хамт байхыг би аз жаргал гэж боддог. Ээжтэйгээ хамт амьдарч, цайгаа хувааж уугаад явж байхад юу бодогдох юм бэ?

-Их сайхан шүү. Миний ээж 40 гарсан намайгаа эрхлүүлж, сая Цагаан сарын өмнөхөн хүртэл өглөө босч, цайг минь чаначихаад сэрээж байлаа. Орой ч бас хөөрхөн. Утсаар залгаад “Хэзээ ирэх вэ. Миний хүү ямар хоол идэх вэ” гэж асуугаад хийгээд тавьчихсан байна. Өглөө намайг 6.40 цагт босоход гал тогооны гэрэл асаатай байвал би буцаад унтчихдаг. Тэгэхэд ээж ид цай, хоол хийж байна. Амралтын өдөр ч гэсэн ээж минь өглөө хэдэд явахыг асуугаад аажуухан явахаар бол өөрөө бас жаахан дугхийж аваад цай, хоол хийх ажилдаа орчихсон байна. Намайг эрхлүүлээд л байна. Намайг сайн ханьтай боллоо гэж их баярласан даа, манай ээж.

-Ижийгээ баярлуулах сан, ачийг нь бага ч болутгай хариулах сан гэж хүн болгон хичээдэг. Хэр олон баярлуулав?

-Би ээжийнхээ ачийг яаж хариулна даа гэж их боддог. Баярлуулах сан гэж бас зөндөө боддог. Гэхдээ “Охиндоо баярлалаа” гэдэг үгийг олон сонссон шүү, ээжээсээ. Егүзэр хутагтын хойд дүрийг тодруулах ажлаар Энэтхэг явж, Далай багшийн амьдардаг Дармасалад очихдоо ижийгээ дагуулж явсан юм. Ижийгээ Далай багшид мөргүүлж, Далай багшийн шавь Чойжин ламтай уулзуулсан юм. Хутагтыг тодруулах ажилд оролцож, адис авсан. Энэ бүхэнд ээж минь маш их энерги, эрч хүч авч, асар их баярласан. Энэтхэг явсан тухайгаа найз хөгшчүүлдээ, орсон гарсанд хуучилж, “За нөгөө Энэтхэг явсан бичлэгээ тавьчих” гээд хөөр хөгжөөн болсон сон. Энэтхэг явах үеэр гадаад паспорттой болсон юм. Нэг өдөр ажлаасаа иртэл Итгэл хамбад аялах аялалд бүртгүүлчихээд сууж байсан. Тэрэндээ өөрөө их баярласан, сэтгэлийн их эрч хүч авсан. Аялж ирээд бие нь хөнгөн шингэн, сэтгэл санаа нь өөдрөг сайхан болсон. Харин ноднин хамгийн том зээ хүүгийнх нь хүү бурхан болоход сэтгэлээр унаж “Би дахиж муу юм үзмээргүй байна” гээд нулимс унагаж суусан даа, хөөрхий. Саяны Цагаан сараар удмынхаа 50 дахь шинэ хүнийг угтаж авч түүндээ их баярласан. Хамгийн сонин юм нь, манай ээж Энэтхэгт очоод бурханд мөргөж, залбирч явахдаа “Эмээ та юунд залбирч мөргөж байна даа” гэсэн хүмүүсийн асуултад “Би ганц зээ хүүгээ охинтой болоосой гэж боддог. Эмээ нь тийм л юм гуйж явна” гэж байсан. Зээ хүүгийнх нь хүү өнгөрч сэтгэлийг нь шаналгасан ч энэ жил тэднийх охинтой болж ээж минь баярласан. Одоо бодоод байх нь ээ, би ижийгээ Энэтхэг рүү дагуулаад явсандаа өөртөө их баярлаж байгаа. Бид хоёрыг хамт явуулах нь ханийн минь санаа байсан. Бас нэг зүйлээр би ижийгээ гайгүй баярлуулсан гэж боддог.

Г.Чинцогт ээж, хань, хүүхдүүдийн хамт.

 

-Тэр нь юу билээ?

-Өдий хүртэл ижийнхээ сэтгэл санааг амар амгалан байлгаж чадаж байгаадаа баярладаг. Эх хүний сэтгэл амар амгалан байх шиг том аз жаргал үгүй юм билээ. Үүнийг би өөрөө ээж болоод бүр ч илүү ойлгосон. Санаа сэтгэл нь төвшин амгалан, өөдрөг сайхан байх нь хүнд урт нас, аз жаргал хайрладаг юм болов уу гэж би боддог.

-Өөрийн чинь хувьд ээжийнхээ ямар зан чанарыг өвлөв?

-Миний ээж олонтойгоо хүн дээ. Хар багаасаа үерхсэн найзууд нь гээд хөгшчүүл манайхаар их ирнэ. Тэдэнтэйгээ ширээ тойрч суугаад хуучилна, дуулна. Ямар дуу вэ гэхээр “Дурлаж бичсэн захидал нь одоо надад байна аа” гэсэн гоё үгтэй хуучны сайхан дуунууд байх жишээтэй. Ээжийн багын найз нь Эрдэнэцагаан сумын уугуул Саруул гэж сайхан буурал бий. Тэр хүн “Би энэ хоёрын захиаг зөөдөг байлаа” гээд манай аав, ээжийн тухай сайхан дурсамж хуучилдаг юм. Ээж, аав хоёр хөдөө ажиллаж байгаад аав албан тушаал дэвшиж аймаг руу явах болж л дээ. Тэгсэн ээж дээр очоод “Би аймаг явах гэж байгаа, чи явах уу” гэж асууж. Ээжийн ээж нь жижигхэн дугуй ааруулууд боож өгөөд “За чи хүнээ аваад яв даа” гэсэн гэдэг. Аав нэг жижигхэн гэртэй аймгийн төвд орж ирээд амьдралаа эхэлсэн түүх нь тийм. Тэр дурсамжаас гадна аав морьтой давхиж ирээд ээжийг “Гараад ир” гээд болздог байсан тухай хөгжилтэй зүйл их ярина. Мөн аав өөрөө ирж чадахгүй болохоороо найз хүүхнээр нь захиа өгөөд явуулдаг байсан. Тэрийг нь зөөж байснаа ээжийн найзууд одоо ч яриад хөгжилддөг юм. Тэр дурсамжаа ярихаараа “Дурлаж бичсэн захидал нь одоо надад байна аа” гээд дуулна. Ээж сайхан дуулдаг ч манай аав бол дуулдаггүй хүн байсан. Баяр ёслол болоход “Би уухыг нь ууя, манай хүн дуулна” гэдэг сэн. Аав минь ээжийг урлагаар нь явуулаагүйдээ жаахан харамсдаг байсан шиг байгаа юм. Нэг удаа ярьж суугаад тийм үг цухуйлгаж байсан.

Банзрагч гуай энэ жил удмынхаа 49 дэх шинэ хүн буюу ач охин, 50 дахь шинэ хүн зээнцэрээ тосч авчээ.

 

-Танайханд ээжийнхээ хоолойг авч төрсөн, дуучин байна уу?

-Байхгүй. Манай гэрт найзууд маань цуглаж дуулж хуурдахад ээж бүгдийг нь үнсээд, хамт суугаад дуулж хуурдна шүү. Ээжийг эзгүйд ирсэн зочид, найзууд хаачив гээд үгүйлээд байдаг юм.

-Танайхан ээж, ааваас зургуулаа гэж байна. Ямар мэргэжил эзэмшиж, аль салбарт ажиллаж байна?

-Хамгийн том эгч маань 63-тай, цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад хөдөө мал маллаж байгаа. Дараагийн ах 60 хүрч байгаа, нутагтаа малчин. Нэг ах маань барилгын инженер, “Немон” компанийн захирлаар ажилладаг. Бага ах маань эмч хүн, мэргэжлээрээ ажиллаагүй, хувийн хэвшилд ажилладаг. Түүний дараагийнх нь би, “Их Модунь” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Дүү маань “Немон” группын барилга хариуцсан захирлаар ажилладаг.

-Ээж, аав хоёрын чинь амин захиас, одоо та нарын амьдралдаа баримталж яваа зарчмыг сонирхоё?

-Ээж, аав хоёр маань бидэнд олон таван үг хэлж загнаж зандарч байгаагүй. Биднийг чиг зүггүй эрхлүүлнэ. Тэглээ гээд бид буруу яваагүй. Нэг их захиа сургамж хэлж үглэдэггүй. Хэлдэг үг нь нэг их эрдэм боловсролтой бол гэхээс илүү гол нь хүн байгаарай, хүнтэй нөхөрсөг бай, сэтгэл сайтай яв, хүнийг битгий гомдоо, үр хүүхдүүддээ эрхлүүл гэдэг сэн. “Зан сайтынд хүн цугладаг, замаг сайтай нууранд загас цугладаг” гэгчээр намайг мэдээ орсон цагаас эхлээд л манайх олон хүн бужигнасан, хөл хөөр болсон айл байсныг санадаг. Одоо манай ах эгч нарынх ч тэр, манайх ч тэр хүн цуглах дуртай айлууд шүү. Биднийг багад манайд гэр дүүрэн хүн цуглаж, хүүхдүүд шуугилдаад хоол идэж байхад хүмүүс гайхаад “манай хүүхэд гэртээ юу ч идэхгүй танай руу гүйгээд байх юм” гэдэг байлаа. Бас хүүхдээ “Гэртээ хоолоо идэхгүй олон хүүхэдтэй айлын хоолыг хороолоо” гэж ирээд загнана. Ээжийн хийсэн боорцогт манай найзууд их дуртай. Хөөлт сайтай том том пэмбэгэр боорцог хайрдагсан. Найзууд маань одоо ч тэр тухай дурсч байдаг юм.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. “Миний ээж” ярилцлагын булангийн маань сэтгэлийн шуудангаар дамжуулж хүмүүст юу хэлэхийг хүсч байна вэ?

-Хорвоо дэлхий бүхэлдээ эх хүнээс үүсч бий болсон болохоор бүгдээрээ ижийгээ хайрлаж явцгаая. Монголынхоо бүх сайхан ээжүүдэд аз жаргал хүсье. Та нар минь урт насалж, удаан жаргаж үр хүүхдүүдтэйгээ хамт байгаарай. Үр хүүхэд бидэндээ түшигтэй, баярлуулж яваарай. Ээжтэй хүн жаргалтай гэж сайхан үг бий. Энэ сайхан ярилцлагад урьж баярлуулсан, ээжүүдийг нь давхар баярлуулсан буянтай ажилд нь амжилт хүсье.

Эх сурвалж: www.polit.mn