“Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон иргэн О.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хэргийг саяхан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүхээс их эмч Б.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ . Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт эмчлүүлсэн болон хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төргөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. “Ачтан” эмнэлгийн удирдлага шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдлыг өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

 

Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын мөнгө болох 104 сая төгрөгийг “Ачтан” эмнэлэг барагдуулахгүй, тус эмнэлэгийн эмч хагалгааг буруу хийгээгүй хэмээн давж заалдаж байгаа юм. Харин хохирогч эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохиролтой байгаагаа шүүх хурлын үеэр мэдэгдсэн юм. Улмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ. Учир нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзсэн юм. Тодруулбал, “Ачтан” эмнэлгийн их эмч Б.Төмөрбаатар нь өөрийгөө хагалгаа хийх явцдаа алдаа гаргаагүй хэмээн үзэж байгаа юм байна. Энэ нь хэргээ хүлээгээгүй гэсэн үг бөгөөд гэм буруугаа хүлээсэн хүн өршөөлийн хуульд хамрагддаг. Тиймээс Б.Төмөрбаатар эмч гэм буруугаа хүлээхгүй байгаа тул өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй байжээ. 104 сая төгрөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлээд байсан мөнгийг өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

 

Бид Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал эхлэхээс өмнө хохирогчийн ээж, бие төлөөлөгч болох Д.Пүрэвсүрэнтэй ярилцсан юм.

-Таны охины биеийн байдал одоо ямар байна вэ?

- Миний охин П.Түмэндэмбэрэл 37 настай гурван хүүхдийн эх, шүдний эмч хийдэг байсан. 2013 онд анх хагалгаанд орохдоо дөрөвхөн сартай охинтой байсан ч биеийн байдлаас болж охин нь мөөмнөөсөө гаран ээжээсээ хол удаан байсан. 2013 онд цөсний хүүдийгээс чулуу авах мэс заслыг дурангаар хийлгэхээр “Ачтан” эмнэлэгт мэс засал буюу хагалгаанд орсон. Тэгтэл хагалгаа алдаатай буруу хийгдсэнээс болоод өдийг хүртэл миний охин эрүүл мэндээрээ хохироод байж байна. Амь нас нь “Сонгдо” эмнэлгийн хүчинд аврагдсан боловч одоо биеийн байдал нь маш хүнд байна. Олон жил охиноо эрүүл мэндээр нь хохироогоод өөрсдөө ч эдийн засгийн хувьд хохироод өдийг хүрлээ. Охин маань одоо Япон улсад эмчилгээ хийлгэж, байнгын асаргаатай байна.

- Энэ шүүх хуралд ямар шийдвэр гараасай гэж хүсэж байна?

- 2013 онд хагалгаанд орсон ч гэсэн хэрэг нь одоо болтол шийдэгдээгүй байна. Ингэж явсаар жилийн өмнө шүүх уг хэргийг хянан хэлэлцээд хагалгаа хийсэн их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзсэн. Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгож суллагдсан. Гэхдээ Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэр Б.Төмөрбаатар эмчтэй хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг “Ачтан” эмнэлэг миний охинд учирсан хохирлыг буюу эмчилгээний зардлыг барагдуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Гэтэл тэр шийдвэрээ хүлээн зөвшөөрөхгүй дахин давж заалдах шатны шүүхэд хандсан байна лээ. Одоо бидэнд бүх баримт нотолгоо нь анх хагалгаа хийсэн эмч буруутай гэсэн эмч нарын баримт нь байгаа. Ийм байхад дахиад давж заалдах шатны шүүхэд хандаад явдаг л юм байна. Баримт нотолгоо нь байхад дахиж давж заалдаад байдаг нь ямар учиртай юм бол тэрийг гайхаад байна. Давж заалдах шатны шүүх хурал нь одоо орох гэж байна. Энэ асуудлыг шүүгч нар ойлгоод зөв талаас нь үнэн бодитой шийдвэр гаргаж өгөөсэй л гэж хүсэж байна.

 

- Өнгөрсөн хугацаанд ямар хагалгаа, эмчилгээнүүд хийгдсэн бэ?

- Анх бол “Ачтан” эмнэлэгт цөсний чулуу авахуулах хагалгаанд орсон. Дараа нь яаралтай “Сонгдо” эмнэлэгт нарийн гэдэс татаж авчран элэгтэй ойрхон тасарсан хэсэгт орлуулж оёсон. Мөн хоёр ч удаа гуурс суулгасан. Энэ мэтээр анхны хагалгааны хүндрэлээс болоод олон хагалгаанд орохын зэрэгцээ эмчилгээ хийлгэж явсан. Таван удаа хагалгаанд орсон хүн одоо ямар хүнд байгааг төсөөлж байгаа байх. Хэвлийн шарх, сорви, наалдац, хоолны шингэц ямар байхав бас хэцүү л байна. Одоогоор мөн л Япон улсад мэс засал хийлгэж эмчийн хяналтад байгаа.

 

- Хагалгаа хийсэн Б.Төмөрбаатар эмч та тэй уулзсан уу?

- Бид нартай ганц ч удаа уулзаагүй, холбогдоогүй байсаар байгаад Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болоход нүүр нүүрээ харсан. Одоо ч энэ хэвээрээ байна ерөөсөө холбогдоогүй асуудлын талаар ярилцаа ч үгүй явж байна. Тэгж явсаар одоо энэ шүүх хурал дээр уулзах гэж байна даа.

 

Бид шүүх хурал эхлэхээс өмнө “Ачтан” эмнэлгийн эмч Б.Төмөрбаатар болон түүний өмгөөлөгч н.Одонтунгалагаас хэдэн зүйл тодруулах гэж оролдсон юм.

 

- Таныг хагалгаа хийх явцад алдаа гарсан гэх баримт байхад яагаад давж заалдах шүүх хуралд гомдол гаргасан бэ?

- За би энэ талаар мэдээлэл өгөхгүй манай өмгөөлөгчөөс ав гэсэн хариулт өгсөн.

Өмгөөлөгч н.Одонтунгалаг мөн адил тодорхой хариу хэлсэнгүй. Гэхдээ “Энэ шүүх хурлаар эмч Б.Төмөрбаатарыг буруутай, үгүйг шийднэ” гэсэн хариулт өгсөн юм.

Өмгөөлөгчийн яриаг сонсоход эмч Б.Төмөрбаатар хагалгааны явцад алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа гэдгийг мэдэгдсэн юм.

Одоо уг хэргийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх юм. Улмаар гэм буруутайг нь тогтоох ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

О.Номин