Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам. доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 70 сая болгон бууруулж чадлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг пиардах юм. Зургаан жилийн турш үргэлжилсэн Хан ресурс компанид төлөх төлбөрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан Засгийн газрын ажлын хэсэг, АНУ, Канадад суугаа Элчин сайдууд, элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанд талархаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон сайшаалаа гэсэн мэдээ хэвлэлийн хуудсаар хөвөрч байна.

Монгол Улсыг ингэж өрөнд оруулсан нь гавьяа юмуу. Нэг шинэ үйлдвэр нээсэн, нэг монгол хүнийг ажилтай болгосон бол алга ташин баяр хүргэхсэн. Гэтэл хариуцлагагүй улстөрчид л Монголчуудыг ингэж өрөнд оруулж, татвар төлөгчдийн хөлс хүчээ шавхан байж төлсөн мөнгөөр л энэ нөхөн төлбөрийг төлсөөр ирсэн дэг. Үнэндээ Ерөнхий сайд Ч. Сайханбилэг үүнийг сайрхаж, пиардах гэж оролдож байхаар харин гэрээг цуцалж, монголчуудыг хохироосон, олон улсад манай улсын нэр хүндийг барсан хулхи улстөрчидтэй, бас тухайн үед ажлыг хариуцаж ажилласан байсан эрхмүүдэд хариуцлагыг үүрүүлж, дахин ийм алдаа хийхгүй байхыг сануулсан бол алга таших ч багадна. Хэсэг нөхдийн хуйвалдаан, нэг даргын үзэгний үзүүрээр асуудлыг шийдчихэд яадаг ч үгүй юм байна, ямарч хариуцлага тооцдоггүй юм байна, Монголчууд өрийг төлчихдөг юм байна гэсэн даварсан ойлголт энэ улстөрчдөд бат суух нь. Үүнийхээ төлөө ч "Уучлаарай" гэж ард түмнээсээ гуйх соёл тэдэнд алга. Өнөөдрийн энэ парламентад ингэж өрөнд оруулахад гар бие оролцсон цөөнгүй нөхдүүд сууж л байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та тэдний хутгасан жонхууг сайшаагаад байгаатай адил сонстож байна.

Хан ресурс” компани Канадынх. Дорнодын ураны ордыг эзэмшдэг.Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцлав. Эзэмшиж байсан ашиглалтын лицензийг нь хураан авсныг эсэргүүцэж олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурал дуусахад манай Засгийн газар ялагдаж, 100 сая ам.долларын өрөнд унасан.

Хэргийн шавыг тавьсан хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Энэ хүн лүндэн буулгаж , МХЕГ-ын байцаагч нар дүгнэлт гаргаж, түүнийг нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжав нар баталгаажуулан лицензийг цуцалсан гэх. С.Баяр өдгөө Канадад, Америкт амьдарч, хааяа Монголдоо ирж телевизийн ярилцлагад орсон шиг амар жимэр амьдарч буй. С.Энхбат Кувейтэд Элчин сайдаар сууж байгаа бол Г.Манлайжав Физик-электроникийн хүрээлэнгийн дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил Цөмийн энергийн комиссийн Нарийн бичгийн даргаар тушаал дэвшүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байлаа.

Юутай ч энэ эрхмүүдээс гадна гадаадын компаниас лицензийг булааж, улсаа өрөнд оруулахад хувь нэмрээ оруулсан "нууц ноёнтнууд" цөөнгүй бий.

УИХ-ын түвшинд яригдаж, УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, зөвхөн Дорнодын ураны бүлэг ордуудад зориулсан шахуу “Цөмийн энергийн тухай” хуулийг батлан гаргасан. Тухайн үед Монголд ашигт малтмал тэр дундаа ураны асуудал үнэхээр зах замбараагаа алдсан байсан. Үүнийг Ашигт малтмалын болон Цөмийн энергийн тухай хуулиийн дагуу ном журмаар нь цэгцэлсэн хэмээн ард түмэн ойлгож байсан. Гэтэл энэ сиймхийгээр улстөрчид лоббигоо тусгаж, оросуудыг налж, Канадчуудыг жийсэн хэрэг.

Тэр үеийн баримт, мэдээллийг сөхвөл, “Хан ресурс”-ын лицензийг хураан авах шийдвэрийг тэр үеийн Цөмийн энергийн газар, Засгийн газар хуулиа баримтлан дангаараа шийдээгүй нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Шийдвэр гаргаж, эрхийг нь цуцалсан нь Засгийн газар болохоос шийдлийг нь, үүргийг нь УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн өгчээ. УИХ бол Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг чиглэл өгөх бүрэн эрхтэй төрийн эрх барих дээд байгууллага. Энэ утгаараа УИХ, түүнээс томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт бол Засгийн газар, түүний харьяа яам, агентлагуудын хувьд тэнгэрийн зарлиг л гэсэн үг. Энэ байдал ч тухайн үед “Хан ресурс”-т үйлчилсэн байж болохыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтээс харж болохоор байна.

2010.02.19 УИХ-ын Ажлын хэсэг Дорнодын ураны бүлэг ордуудтай холбоотой асуудлыг шалгаад дараах дүгнэлтийг гаргаж Засгийн газарт хүргүүлжээ. Үүнээс “Хан ресурс”-тэй холбоотойг нь онцолбол “... ”Төв Азийн Уран” компанид оруулсан Канадын хөрөнгө оруулалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд одоо түдгэлзсэн байгаа 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан авах ...” хэмээн дүгнэлт гаргаж байжээ: Өөрөөр хэлбэл тухайн үед түтгэлзүүлсэн лицензийг нь хөрөнгө оруулалт, хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээр нь цуцал гэсэн “үүрэг” өгсөн нь шууд ойлгогдохоор байгаа юм.

 

Нөгөө оросуудтай хамтарсан компанидаа Канадуудаас булааж авсан лицензийг өглөө гээд юу ч хийгдээгүй. Харин ч өрөнд ороод л дууслаа.

Өнөөдөр ийм байдалд хүргэсэн улстөрчид, албан тушаалтнууд монголчуудаас уучлах гуйх хэрэгтэй.

Х.Тэргэл

Эх сурвалж: TIMES.MN