Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг. Тэдгээрийн ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчний дэгдэлттэй байгаагийн нэг нь манай улс юм.

Улаанбурхан 2011 оноос улсын хэмжээнд энэ өвчин нэг ч бүртгэгдээгүй бөгөөд хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авч байсан юм. Гэвч улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвчилжээ. Харин 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдаад байна.

Тэгвэл улаанбурханаар өвчилсөн хүн хүнд, хөнгөн хэлбэрээсээ хамаарч ХӨСҮТ болон гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 622 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 390 орчим нь улаанбурхан өвчин хэмээн оношлогджээ. Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Урд шөнийн байдлаар гэхэд ХӨСҮТ 340 хүнд үйлчилж, нэлээд ачаалалтай ажилласан. Өдөрт долоон эмч нэг ээлжинд ажилладаг байсан бол одоо 14 эмч ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Мөн 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байгаатай холбогдуулан улаанбурхны эсрэг вакцинд хамруулах ажил эхэлснийг онцлов. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, био-аюулгүйн лабораторийн барилгын ажлыг дуусгах хөрөнгийн асуудлыг шийдээд өгвөл халдварт өвчний урьдчилсан тандалтыг цаг тухайд нь хийх боломж бүрдэнэ, үүнд анхаарал хандуулж өгөхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хүссэн юм.
Тус салбарынхан ачаалалтай, уртасгасан цагаар ажиллаж байгаа ийм үед илүү цагаар ажиллаж байгаа эмч сувилагчдын мөнгө, тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эм тарианы зардлын асуудлыг нэн яаралтай шийдэхэд анхаарна гэдгээ УИХ-ын гишүүд хэлсэн. Тиймээс тус төвийн удирдлагууд шийдвэрлүүлэх шаардлагатай зардал, холбогдох саналаа МАН-ын бүлэгт хүргүүлнэ гэв. УИХ дахь МАН-ын бүлэг уг саналыг судлан бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрлүүлэхэд анхаарах ажээ.

Монгол улсын хэмжээнд 1964-1992 онуудад жилд дунджаар 6320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байжээ. Анх 1973 онд дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурханы эсрэг вакцины 1 тунг, 1986 оноос 2 дахь тунг нэвтрүүлснээр өвчлөл 1986-1996 онуудад 1976-1986 оны өвчлөлтэй харьцуулбал 7,5 дахин буурчээ.

Гэвч 1990-2002 онуудад улаанбурхан өвчний 3 удаагийн дэгдэлт бүртгэгдэж 2001-2002 онд улаанбурхан өвчний 10 нас баралт бүртгэгдсэн бөгөөд 1994, 1996, 2000 онуудад 1-14 насны хүүхдэд улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийснээр дэгдэлтийг таслан зогсоосон байна.

Манай улсад 1976-2003 онд бүртгэгдсэн улаанбурханы өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлтийн үечлэл 4-5 жил байдаг байна. Улсын хэмжээнд 2004, 2005, 2010 онд улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй бөгөөд 2006-2009 онд улаанбурхан өвчний 75 тохиолдол бүртгэгдсний 36% нь 1 хүртэл насны, 19% нь 5-9 насны, 11% нь 10-14 насны хүүхэд байжээ.

А.Баярмаа