Энэ долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, спортод болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Улс төрд "Оймсоо шидэх моод дэлгэрэв". Монголын эдийн засгийн чуулганы хаалтын үеэр З.Энхболд үг хэлсэн юм. Харин түүн

рүү Дархан Уул аймгийн АН-ын дарга асан, эдийн засагч Л.Наранбаатар эсэргүүцэл илэрхийлж, "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн, энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" хэмээн орилж, гутлаа тайлан оймсоо шидэх гэж байсан түүний үйлдлийг хамгаалалтынхан зогсоосон юм. Түүнийг ийнхүү үгээ хэлэхэд УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс олон" гэж хэлэв.

Л.Наранбаатар нь Дархан-Уул аймагт төрж өссөн, одоогоор Гложекс компанийн ерөнхий захиралын албыг хашиж байгаа юм. Тэрбээр 2002 онд ШУТИС -ийн уул уурхайн инженерийн сургуулийг уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжлээр төгсжээ. 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн эдийн засагч мэргэжлээр магистерийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Шарын голын нүүрсний уурхайн мастераар эхлүүлж, 2003 оноос МАК-ын эдийн засагчаар ажиллаж байв. Харин Уул уурхайн зураг төслийн Гложекс кампаниа 2008 онд үүсгэн байгуулж, амжилттай ажиллуулж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа гэнэ. Мөн 2006 онд Монголын уул уурхайн залуучуудын холбоог үүсгэн байгуулсан нэгэн. Ийнхүү оймсоо шидэж эсэргүүцэл үзүүлсэнийхээ төлөө тэрбээр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчиж, УИХ-ын даргад үзэл бодлоо зүй бусаар илэрхийлсэн гэж үзэн Төрийн ордны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж захиргааны арга хэмжээ авахаар шалгаж байгаа юм.

Сонгууль ойртсон энэ үед дараагийн ээлжинд хэн оймсоо шидэх юм байгаа юм бол гэж гишүүд ихээхэн болгоомжилж байгаа ажээ.

Сар дамнасан ХҮН-ын асуудал нэг мөр шийдэгдэв. Намын төв хорооны гишүүдийн олонхийн саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан шийдвэр хоёр ч удаа гарсан. Харин ХҮН-ын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөв. Түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо.

 

Нийгэмд сайхан мэдээгээр долоо хоногоо үдэж байна. Мундаг жаалуудаар бахархлаа. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгэн оршин суугчийн гэрт гал түймэр гарах үеэр тус газрын ойролцоо тоглож байсан 8-12 насны эдгээр хүүхдүүд шатаж буй гэрт байсан 58 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварсан баатарлаг үйлс бүтээжээ.

Үүгээр зогсохгүй эрэлхэг жаалууд гал сөнөөгчид ирэхээс өмнө галыг унтрааж амжсан гэнэ. Хойч үеийнхэн маань баатарлаг үйлс гарган хүний алтан амийг аварсанд бахархаж буй хүмүүс олон нийтийн сүлжээ сайтаар тэднийг бахархан шагшиж байна

Унших бичгийн хичээлийг Иргэний болосрол болгон хөтөлбөрт оруулж иржээ

Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтад хэрэглэж байгаа сурах бичгүүд сүүлийн жилүүдэд өгөөжгүй болсон гэхэд болно.

Өдгөө 12 жилийн сургалттай болсон нь маш их шүүмжийг дагуулдаг. Зургаан настай нэгдүгээр ангид элсэн суралцаж анги улирах асуудал гарч байгаа талаар сонсох тийм ч таатай байгаагүй. Уран зохиолын хичээлийн цагийг сургалтаас хасаж монгол хэлний хичээлтэй уялдуулж зааж эхэлсэн гэж яамнаас нь мэдэгддэг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл "час" хийсэн сурах бичиг хэвлэгдэн гарахгүй байна.

2005 оноос унших бичиг, монгол хэлний сурах бичгүүдийг нэгтгэжээ. Өөрөө хэлбэл, монгол хэлний сурах бичигт, унших бичгийн хичээлийн сэдвүүд багтсан байгаа юм. Харин 2014 оноос эхлэн бага ангид унших бичгийн хичээл орохоо больж, монгол хэлний хичээлийг ганцааранг нь үлдээжээ. Монгол хэлний хичээлтэйгээ нягт уялдаа холбоотой явдаг байсан холбоо тасарч. Үүний улмаас "Одоогийн хүүхдүүд ном уншихаа больсон. Чөлөөт цагаа интернэтэд өнгөрүүлдэг" гэдэг шүүмжээр дүүрчээ. Ингэж шүүмжлэхийн оронд сурах бичгүүдэд ямар эх, унших зохиол багтаж вэ гэдгийг судлаад нэг үзээрэй гэж эцэг, эхчүүдэд зөвлөж байна.

Энэ талаар материал цуглуулах хэрэг гарлаа. Нэлээдгүй олон номын дэлгүүрүүд болон ховор ном худалддаг хувь хүмүүс, багш нараас өмнө нь сургалтад хэрэглэж байсан цагаан толгой, унших бичиг, монгол хэлний номыг сураглаж эсийг тус олов. Гэхдээ чамлахаар чанга атга гэж цөөнгүй хэдэн номыг олж, одоо сургалтад ашиглаж байгаа сурах бичигтэй харьцуулалт хийлээ. Харьцуулалтын явцад, сурах бичигт багтсан үг хэллэг, үгийн баялаг, сонгосон эх, сэдэв жилээс жилд чанаргүй болж, хүүхдийг номын амтанд оруулах зүйл үгүй болсон нь тод харагдлаа. Тухайлбал, хоёрдугаар ангийн сурах бичгээс эхлээд сул үг, ярианы үг маш их ихээр сурах бичигт оржээ. Мөн сурах бичгүүдийн агуулга хүүхдийнхээ нас, сэтгэхүйд дэндүү ахадсан байв.

Ийнхүү өөрийнхөө харьцуулалтыг хийж дууссаны дараа эрдэмтэн, багш нарын үгийг сонсож ярилцахаар тэдний эрэлд гарлаа. Олон жилийн туршлагтай "хал үзэж халуун чулуу долоосон" ахмад багштай уулзаж түүнээс ярилцлага авахыг хүсэхэд "Өөрийн хийсэн зүйлийнхээ алдааг хэлэх болж таарах нь ээ" гээд тэрбээр зөвшөөрсөн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Бага ангийн боловсрол /цуврал-2/: Зөв бичих дүрмийн аль нь зөв бэ? буюу Цээж үү, Чээж үү

 

“Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт анхаармаар байна. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна.

Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн холбоотой ажээ.

Садан, төрлийн холбоотой хүмүүсийг тодотгох байдлаар үзүүлбэл энд дарж баримттай танилцана уу

Л.Батжил: 75-р тогтоолыг цуцлуулахаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд хандаад байгаа

2015 оны 07-р сарын 09-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоол гарсан. Энэ нь нутгийн оршин суугчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс нутгийн иргэд “Халх гол миний нутаг” ТББ байгуулан өмгөөлөгч Г.Батбаяртай хамтран ажиллаж байгаа.

Тэгвэл Халх гол сумын өнөөгийн байдал ямар байгаа талаар бид "Халх гол миний нутаг" ТББ-ын тэргүүн Л.Батжилтай ярилцсан ярилцлагыг эндээс уншина уу

 

Эдийн засаг: Үлэмж өртэй Монгол, Иргэд нь хуулиа мэдэхгүйгээсээ болж арилжааны банкуудад дарлуулж байна

Эдийн засгийн хямрал гээч үүсээд байгаа нь ард иргэдийн амьдралд ихээхэн нөлөөлж байгаа. Сонгууль дөхөж буй энэ үед өр нэмэх асуудал яригдах нь бидний ирээдүйг бүрхэг болгож буйтай агаар нэг.

Манай улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох нөхцөл үүсэх гээд байна хэмээн З.Энхболд хэлж байсанг нэхэн сануулья. Сануулахын учир нь Монгол улсын өр нэмэгдэж байна. Өрөндөө баригдсан "Үлэмж өртэй Монгол" болоход тун ойртов.

2016 оны төсвийг батлахад гаднаас зээл авах эрхийг Засгийн газар УИХ-аас авсан гэдэг. Энэ хүрээнд Credit Suisse банкнаас 250 сая ам.доллар авчээ. Гэтэл энэхүү зээлийг төсвийн алдалдлаа нөхөх гэж авсан байж болох талаар шуугиан дэгдэж эхлэхэд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор аваагүй гээд Сангийн сайд Б.Болор хариулт өгчихлөө.

Манай улсын дотоод өр 3.2 их наяд хүрчихсэн. Засгийн газрын өр долоо орчим тэрбумд хүрсэн энд ЗӨВХӨН УЛСЫН ӨРИЙН талаар сийрүүллээ.

Харин одоо МОНГОЛЫН ИРГЭД ХЭРХЭН ӨРӨНД орж ТӨЛЖ чадахгүй байгаа талаар баримттайгаар доор дурдья. 218.1 Хөдөлгөөн”-ийнхэн ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэхийг шаардаж эхний ээлжинд дуу хоолойгоо хүргэсэн. Тэд Монгол улсын Иргэний хуулийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" хэмээн заасан байдаг. Уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхгүй байгаа гэдгийг онцолсон юм.

Өргүй хүн Монголоос олоход тун хэцүү болсон үе. Тэгвэл ханшийн алдагдлаас үүсээд байгаа өр зээлээ төлж чадахгүй байгаа иргэд хуулиа мэдэхгүй байна. Тодруулбал, Монгол улсын Иргэний хуулийг 2002 онд батлан гаргасан. 14 жил уг хуулийг арилжааны банкууд хэрэгжүүлээгүй бөгөөд мөрдөөгүй юм.

Баримт: Хас банкнаас байрны зээл авсан иргэн дээрх хуулийн дагуу эрхээ эдлэхгүй байгаа бөгөөд Онцгой албан татварын хуулинд орсон өөрчлөлтийг мөн зөрчжээ. Эл татварын хуулинд тухайн өдрийн Монгол банкны долларын ханшаар тооцно гэсэн заалтад "1470" төгрөг хэмээн хуулиа баталсан. Тэгвэл энэ хуулийн заалтыг мөн л Хасбанк зөрчиж.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг үндсэн хуулийн заалтыг давхар зөрчигдөж байгаа нь энэ.

2010 онд Хас банкнаас 30 мянган долларын зээл авсан нэгэн харилцагч өнөөдөр зээлээ 2050 төгрөгөөр бодож төлсөөр байна. Энэ иргэн 2020 он хүртэл буюу 10 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээл авсан нь энэ юм. Өнөөдрийн байдлаар 7 мянга гаруй доллар буюу 8 мянган долларыг төлжээ. Харин 22 мянга 580 долларыг төлөх үлдэж. Энэ иргэн тухайн үед зээлээ авахад доллар 1200 орчим байжээ. Тэгэхээр 22 мянга 580 доллар үлдсэнг өнөөдрийн ханшаар 2050 төгрөгөөр бодоход 46 сая 289 мянган төгрөг болж байна. Үүнээс харахад 6 жил өрөө төлж явсаар байтал авсан мөнгөнөөсөө давсан зээл төлж байгаа нь тун харамсалтай.

Ганцхан энэ жишээг дурьдахад л бид яагаад хямрал өртөж, зээлтэй монгол болоод байгаа нь тодорхой харагдаж байна.

Урлаг: Монгол улс "Дэлхийн аварга үсчинтэй боллоо" Дэлхийн аварга шалгаруулах үсчин шалгаруулах "Hair world 2016" тэмцээн БНСУ-д боллоо. Монголын үсчид багаараа хүрэл цом, "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан алтан цом хүртжээ. Анх удаагаа Дэлхийн аварга үсчинтэй боллоо. Тэрбээр 2005 оноос хойш "Видал" салонд ажиллаж байгаа бөгөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноор мастер үсчин Д.Одонгоогийн багт ажиллах эрхтэй болж байсан гэнэ. Мөн гоо сайхан нүүр будалтын төрөлд Нараа хүрэл медалийн эзэн болжээ.

Спорт: Тамирчид Олимпийн эрхээ авсаар байна. БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болж буй "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10, эмэгтэй гурван жинд өрсөлдөж байгаагаас манай улсаас таван тулаанч хагас шигшээд үлдсэн. Тодруулбал, эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангасан юм. Манай тамирчид өчигдрөөс олимпийн эрхийн шийдвэрлэх тулааныг хийж Б.Чинзориг, Д.Отгондалай нар өрсөлдөгчөө ялан финалд үлдэж, РИО-гийн эхний эрхүүдийг авсан. Тэгвэл өнөөдөр Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат өрсөлдөгчөө хожин олимпийн эрх авсан бол Н.Шинэбаяр харамсалтайгаар ялагдлаа.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа