Увс аймаг 110 мянган боодол өвс үнэгүй, 2200 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр малчиддаа өгсөн.

“Илгээлтийн эздийн илгээсэн өвсийг зарлаа, түрийвчээ түнтийлгэлээ” гэсэн мэдээлэл хуурай өвсөнд тавьсан түймэр шиг газар авч байна. Мэдээж энэхүү мэдээллийг зөвхөн зарлаа гэдэг өнцгөөр хараад, мэдээллээд, “сэтгэлээ өвтгөөд” байх хялбар. Гэхдээ “Увс аймаг зудтай, хүнд, урт өвлийг давж, хатуухан хавартай золгож байгаа. Аймгийнхөө нөөц боломжоор малчиддаа хэрхэн тусласан бэ? Одоо дахиад хөрөнгө мөнгөний нөөц үлдсэн үү” гэдгийг тодруулах шаардлага бий болж байна.
Өвөл өнжихгүй...
Өвлийн улирал ирдгээрээ ирнэ. Зун бороо бага орж хуурайшиж гандсан учраас өвөлдөө эртнээс бэлдэе гэсэн уриалгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газар 2015 оны 7-р сараас эхлэн дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Өвөл өнжихгүй” аяныг зохион байгуулж, үр дүнд нь малчид өмнөх жилүүдэд бэлтгэдэгээсээ 2-3 дахин их өвс тэжээл нөөцлөн бэлтгэсэн байдаг. Аймгийн хувьд нөөцөө нэмэгдүүлэн бүрдүүлж, сум бүрийг орон нутгийнхаа хөгжлийн сангаас тодорхой мөнгө төсөвлөн батлуулж, өвс тэжээл бэлтгэх чиглэл өгсөн. Энэ дагуу 12 сум 2016 оны төсөвөө батлахдаа орон нутгийн хөгжлийн сангаасаа өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд мөнгө төлөвлөн зарцуулсан байдаг. Ингэж бэлтгэсэн өвс тэжээлээ нэг дор биш 1-р сарын 20-оос, 2-р сарын 15-аас, 3-р сарын 1-ээс гэх мэтээр хуваарь гаргаж, хамгийн хүндэрч байгаа хэсгүүдэд, хэцүү үед нь тусламжаа өгч чадсан.


Увс аймаг боломжит нөөцөө хуваарилан зарцуулсан
Увс аймаг урт, хүнд, зудтай өвлийг давж байна. Хүнд өвлийг давж байгаа малчиддаа туслах, дэмжих ажлыг шат дараатай зохион байгуулсан. Тодруулбал 460.2 сая төгрөгийн үнэтэй 110 мянган боодол өвсийг үнэгүй, 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 2200 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн байдаг. Улсын нөөц болон Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудаас өвс татаж авахад 366.3 сая төгрөг, иргэн аж ахуйн нэгжүүдээс нэмж өвс, тэжээл худалдан авахад 42.2 сая төгрөг, сумуудад өвс тэжээл хүргэх зардалд нийт 65.6 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Мөн 12 сум Орон нутгийн хөгжлийн сангаасаа мөнгө төсөвлөж нийт 120 сая төгрөгийн 450 тонн тэжээлийг нэмж авчээ. Эдгээрийг нийлүүлж мөнгөн дүнгээр тооцвол 1.6 тэрбум төгрөгийг улс, аймаг, сумынхаа нөөц боломжийг дайчлан гаргаж, малчиддаа тусламж үзүүлжээ. Үүнээс гадна Улаан Загалмай, Ногоон алт болон аймгийн хэлтэс агентлагууд санаачилга гарган малчдад өвс тэжээл болон хүнсний дэмжлэг үзүүлсэн байна.


2009, 2010 онуудад жил дарааллан зуд болсон. Тухайн үеийн эрх баригчид дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар 1.1 сая толгой малаа алдсан байдаг. Харин энэ удаагийн зуднаар боломжит бүхий л нөөцүүдийг оновчтой хуваарилан зарцуулсны хүчинд Увс аймаг хэмжээнд 120 гаруй мянган мал хорогдоод байна. Энэ нь нийт малын 4.4 орчим хувь юм.
ЗАРЛАА гэх атлаа ЯАГААД гэдгийг нягтлаагүй мэдээллүүд...
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөрт зочноор оролцохоо “...Увс аймаг өвлийг давахын тулд боломжит бүх арга хэмжээгээ авлаа. Одоо зарцуулах нөөц, хөрөнгөгүй боллоо гэдгээ албан ёсоор мэдээлж, улмаар гамшгийн нөхцлийг хэсэгчлэн зарлаж, Олон улсын байгууллагуудын тусламж авах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүссэн байдаг.” Харахын заяа байвч, хазахын заяа байдаггүй гэдэг шиг хичнээн үнэгүй, хандивын зүйл байсан 1400 км-ийн алсад татаад, тээвэрлээд авах хөрөнгө мөнгөний нөөцгүй болсон гэсэн үг. Ийм л учраас “Илгээлтийн эзэд”-ийн илгээсэн 800 боодол өвс, 200 уут тэжээлийг Улаангом сум хариуцан татаж, өвс тэжээлийн тусламж бага очсон Улаангом сумын малчиддаа өгөхөөр болсон. Улаангом малчидтайгаа ойлголцоод тээврийн зардлын талыг сумынхаа Засаг даргын нөөцөөс гаргаад үлдсэн 50 хувийг нь малчдаар гаргуулах шийдэлд хүрсэн байна. Малчдад хандивын өвс зарлаа гэдэг нь тээврийн зардалд гарсан 5.2 сая төгрөг болсныг жолоочтойгоо тохиролцон 5 саяар ачуулсан байна. Энэ мөнгө сумын Засаг даргад биш хотоос ачиж ирсэн жолоочийн тээврийн хөлсөнд очиж байгаа юм.