“Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг. Өнөө цагийн улс төрчдөд энэ үг илүү зохимжтой. Ард түмний сонголтыг хуурч, мэхэлж авчихаад адаг сүүлд нь төрийн эрхэнд гарч зүсээ хувилгадаг “хамелион”-ууд.

Нэгэн цагт гахай үүрч, ганзагын наймаанд шогшиж явсан эрхмүүд өнөөдөр шаргал ордныг эзэлжээ. Эзлэх, эзлэхдээ энэ улсын газар шороо, байгалийн баялагт шунаж харийнхантай өвөр түрийндээ орохоос наахнуур нялуурч байна. Өнгөтэй өөдтэй бүгдийг өөрийн болгон авсан улс төрчдөд цатгалан явсан цаг алга. Ард түмнийхээ алга дарам газартай булаацалдаж, хөрөнгө чинээгээрээ гайхуулах шахам өндөр харшууд сүндэрлүүлнэ. Үнэндээ эл барилгууд өөрсдийн чинь өмч болохоос өдрийнхөө хоолыг аргацаалж байгаа иргэдийн хөрөнгө биш. “А” зэрэглэлийн газар алт болж, ашиг хонжоо хайсан бизнесмэнүүдийн шунал нэмэгдсээр. Гэтэл нийслэлчүүдийн  тэн хагас нь газартай болох мөрөөдөлд автаж хөлс хүчээ шавхаж байна.

Мөнгөтэй хүнд газар мундахгүйн жишээг өнөө цагийн улс төрчид өнгөтөөр харуулж байна. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг паркийн газраас авахуулаад түүх соёлын дурсгалт ордон, музейнууд ч мөнгөтэй эрхмүүдэд бүслэгджээ. Тухайлбал, Хүүхдийн паркийн гол хойморт 0.033 га газар аль хэдийнэ эзнээ олсон. Эл газарт эрхэм гишүүн С.Эрдэнэ 13 давхар харш сүндэрлүүлсэн гэх. Барилга “Төгс эрдэм сан” ТББ-ын нэр дээр бүртгэлтэй аж. Барилгын зориулалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүдэд зориулсан гэгдэж байсан ч өдгөө өнгөө өөрчилж өөр зориулалтаар дүнхийж буй. Энэ мэт газрын “дээрэм” дуусахгүй. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх цагаан хаалгыг өнгөрсөн онд нураасан. Үүнийг учир мэдэх хүмүүс тайлбарлахдаа “Нураахдаа биш, газарт нь байгаа юм” хэмээж байсан удаатай. Тус дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээ түлхүү хөгжсөн. Тэр ч утгаараа хөрөнгөтэй компаниуд алга дарам газрын төлөө алиатаж байж мэдэх юм.

Богд хааны ордон музейн орчмын газар хөрөнгөтэй компаниудад они­логджээ. Өнгөрсөн онд тус музейн газраас хумсалсан “Грийн эйр Гарден” гэх компани барилга барих гэж баахан төвөг удсан. Эх сурвалжууд эл компанийг  “АПУ”-гийн  охин компани гэдэг. Мөн “Ван трейд” компани тус музейн газрын 1.6 га-г хумсалж шүүхэд дуудагдаж байв. Уг компанийг “АПУ”-тай холбон ярьдаг ч зарим эх сурвалжууд “Капитал” группийнх гэлцдэг. “Ван трейд” компани нь Туул голын бургасыг шатаасан хэргээр шалгагдаж байсан удаатай.

“АПУ” гэхээр ард иргэд андахгүй. Архи, пиво, ундаа гээд үйлдвэрлэхгүй юмгүй “үнэн тасархай” үйлдвэр. Гэтэл үйлчилгээгээрээ “like” авчихаад үнэн хэрэгтээ “delete” хийж буй нь харамсалтай. Хан-Уул дүүргийн иргэд төдийгүй Богд хааны ордон музейнхэн үүнийг нотлоод өгнө. Өдөр тутмын зарим хэвлэлд “АПУ” компаниар овоглосон ах дүүс “А” зэрэглэлийн газрыг өөрийн болгосон гэх утгатай мэдээлэл цацагдсан. Энэ нь үндэслэлгүй мэдээлэл биш. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Монголчууд бид эрт дээр үеэс уламжлан ирсэн түүхэн соёлоо хайрлан хамгаалах, хадгалах үүрэгтэй. Энэ ч утгаараа эртний музейгээр аялж, их зүйлийг сурч мэддэг. Улсдаа ганцханд тооцогдох Богд хааны ордон музей мөхөлд хүрэхэд ойрхон байна. Байр савны асуудлаас болж баахан шаналж байхад, “АПУ” компанийн  балгаар алга дарам газраа алдахад хүрчээ. Үүнээс өөр эмгэнэл гэж хаана байх вэ. Үндэстэн мөхөхийн шинж биш үү. Богд хааны ордон нь 5.7 га газрыг эзэмших учиртай.  2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газрын 96 тоот тогтоол гарч “… Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоосугай” хэмээн шийдвэрлэсэн байдаг. Бодит байдал дээр газрынхаа хагасаас илүү хувийг “АПУ”-д алдсан гэнэ. Аргаа барсан музейнхэн холбогдох газруудад хов дуулгасан ч нэмэр болсонгүй дахин нэг төрийн нүүр үзэв. Үүнээс болж музейн үйл ажиллагаа үндсэндээ “зогсонги” байдалд шилжсэн гэх. Уг музей Монголын XX зууны эхэн үеийн түүх дурсгалыг бүхэлд нь хадгалдаг. Гэтэл зай талбайгаа алдсанаас болж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирчээ. Харин мөнгөөр зодож, “мөхлөөр айлгасан” компанийнхан задгай талбай гээч замбараагүй орчинг бүрдүүлж үйлчилгээгээ өргөжүүлсээр буй. Музейн газарт шунасан иргэдийг цэгцлэх тал дээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд зарим ажлыг санаачилж хийхээ амалсан. Тэрбээр салбарын сайд болсон даруйдаа Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн хамгаалалтын үйл ажиллагаатай танилцаж, газрын маргааныг  нь шийдвэрлэж өгөхөө дуулгасан байдаг. Салбарт нь нүүрлэсэн зовлонг сайд анагаалаа гэхэд газарт нь шунасан эрхмүүдийг яах билээ.

 

ХӨРШИЙНХӨӨ  ГАЗРЫГ БУЛААСАН КОМПАНИ

 

“АПУ”-гаар овоглож аавынхаа нэрийг “гээх”  шахам яваа эрхмийг Г.Батхүү гэх.  Түүнийг  Гаваагийн  Батхүү гэхээсээ илүү “АПУ”-гийнх гэх нь бий. Тэрбээр өврийн сайхан хангай нутагт өсч торниод өдгөө Улаанбаатарт суурьшиж буй. Амьдралынхаа гарааг авто засварчингаас эхлүүлээд “АПУ” компанийн босс болсон түүхтэй. Улс төрд хүчин зүтгэсэн хугацааг нь дурьдвал он тооллын хуудас олныг илээжээ. Тэгэхээр энэ цагийн улс төрч гэхээс өөр яах билээ. Харин хийсэн үйлдэл, хэлсэн үгийг нь бодохоор хэрэг алга. Товчхондоо, эрхэм гишүүний ажил, ам хоёр зөрөөд байна. Зөрөх, зөрөхдөө зүү байтугай тэвнэ орох зайтай болчихлоо. Эрхэм гишүүн 2002-2004 онд “АПУ” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан. Харин одоо зөөлөн сэнтийд тухалж зүгээр л хурууны үзүүрээр ажлаа амжуулдаг болсон сүйхээтэй нэгэн хэмээн улстөрийн хүрээнийхэн шивэр авир гэлцдэг. Эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулна гэж андгайлсан гишүүн та түүх соёлын хосгүй үнэт өв гэж юу байдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх атлаа өөрийн мэдлийн компаниараа өв соёлоо “дэвсчихлээ”. Хэдийгээр түүнийг “АПУ”-тай холбон ярьдаг ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компанийг нэг ч дурьдаагүй нь хачирхалтай. Өөрийн хөрөнгө оруулалт хийсэн гэх “Шунхлай” груп­пийн 50 хувийг эзэмшдэг болохоо өнгөрсөн оны мэдүүлэгтээ тусгасан байдаг. Энэ нь учиртай. Тэрбээр “АПУ”-гийн захирлаар ажиллаж байгаад улмаар улстөрд хүч үзэхээр дүү П.Батсайхандаа компаниа шил­жүүлсэн гэх.  Түүгээр ч барамгүй түүнийг өмч хувьчлалтай холбогдуулан ярих болов. Тодруулбал, “Тэнгис” кино театрын маргаан. Эл асуудалд эрх мэдэлтнүүд холбогдож мэдэх сэжим чих дэлсэв. Эх сурвалжуудын хэлээд байгаагаар Г.Батхүү, Сү.Батболд гээд улс төрчдийн нэрс хөврөх нь тэр. Ямартай ч бидний нэрлэж заншсан хуучнаар “Ялалт” одоогийнхоор “Тэнгис” кино театрын хувь заяа Солон­госчуудын гарт байсныг нуугаад яах вэ. Гэтэл одоо 100 хувь манай талд шилжиж мань улс төрчид нэр “холбогдчихлоо”. Өнгөрсөн намар тус кино театрын дэргэдэх барилгаас тулгуур төмөр унаж хүний аминд хүрсэн. Тухайн үед тэрхүү барилгыг Г.Батхүүтэй холбон шуугисан. Үүнийг эрхэм гишүүн төдийгүй “АПУ”-гийнхан эрс үгүйсгэж “хамааралгүй” гэхчлэн тайлбар хийж байсан удаатай.

 Б.ЧАНЦАЛ