Ц.БАЯР

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ ээлжит дарга нарын дундах маргаанүргэлжилсээр л байна. Энэ маргаан гурван асуудлыг ярьж буй. НИК компанийн торгууль болон сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулиа О.Магнай эргүүлэн татдаг байсан мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 43.3 тэрбум төгрөг дарсан зэрэг асуудлаар ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өнөөдөр / 2016.04.13/ хоёр дахь удаагаа хэвлэлийнхэнд хандаад байгаа. Тэрээр О.Магнай эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бус шийдвэрүүд гаргаж НИК, Номин, СӨХ-д тавьсан бүх торгуулиа эргүүлэн татсан байсныг баримттайгаар дэлгэсэн. Энэ үеэр Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодорууллаа

-Тухайн үед шатахуун экспортолдог компаниуд үгсэн хуйвалдаж зохиомлоор үнээ нэмсэн тухай зөрчлийг ШӨХТГ илрүүлсэн тухай олон нийтэд мэдээлж та бүхний нэр хүнд өсч байсан. Улсын төсөвт нэлээн хэдэн тэрбум төгрөг төвлөрлөхөөр болсон гэж мэдээлснээр энэ асуудал намжсан. Тэгвэл одоо яагаад асуудал сөхөгдөх болов. Та ч мөн тэр үед ажиллаж байсан биз дээ?

-Тухайн үеийн мэдээлэл яагаад одоо яригдах болов гэдэг тустай асуудал. Мэдээлэл хэзээ ч яригдаж болно. Магнай миний хэлсэн үгийг гүтгэлэг гэж мэдэгдсэн. Тиймээс би хэлсэн ярьснаа баримтаар нотлохоор өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. НИК- тэй холбоотой асуудлаас эхэлье. “2012 онд НИК компани шатахууны хомсдолыг зохиомлоор үүсгэснээс үүдэн ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. 2012 оны сүүлээр шалгалт хийж энэ асуудал гурван шатны шүүхээр дамжсаар 2013 оны 10 дугаар сард эцсийн шийдвэр гарсан. Шүүхийн эцсийн шийдвэрээр ШӨХТ газраас ноогдуулсан 4.9 тэрбум төгрөгийн торгууль хууль бус гэж үзсэн. Учир нь Өрсөлдөөний тухай хуулиар / 27.2- т / тухайн компаний нийт орлогын дүнгээс торгууль бодох ёсгүй зөвхөн тухайн бараа бүтээгдэхүүний борлуулсан орлогоос тооцох ёстой гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тус компаний 2011 оны нийт орлогоос тооцсон байсан. Тиймээс тооцооллыг дахин бодож шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх үүргийг Магнайд оногдуулсан. Харин Магнай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажлаа өгсөн. Түүнчлэн шүүх хууль бус бөөрөнхий, тодотгоогүй тухайн байгууллагын орлогоос тооцсон нь буруу гэж шийдвэр гаргасан гэж шүүхийн шийдвэрийг илт худал мэдээлж олон түмнийг төөрөгдүүлсэн. Мөн миний хувьд их хэмжээний мөнгөн дүнд холбогдох асуудалд ганцаараа ажиллаж хэл ам гаргаад яах вэ гэж бодсоны дүнд таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан гэж ярьж байсан. Түүнчлэн шүүхийн шийдвэр 2012 онд ШӨХТГ-т албан тоотоор ирсэн. Шийдвэрийг авсан дор нь нэн даруй хэрэгжүүлэх байсан. Харамсалтай нь хэрэгжүүлээгүй. Гуравдугаарт, НИК-ийг их хэмжээгээр торговол компанид хүндрэлтэй бага торговол намайг идсэн гэж хардана. Тиймээс Ерөнхий сайдтай зөвшөлцсөн, Шадар сайдтай ярилцсан гэж мэдээлсэн.Тэр үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар Д.Тэрбишдагва ажиллаж байсан. Дээрх албан тушаалыг хашиж байсан хүмүүс ямар нэгэн компанийн шүүхээр шүүгдэж байгаа асуудалд оролцож торгуулийг нь ихэсгэж, багасгадаг субекьт биш. Энэ нь илт хууль бус мэдээлэл.Тооцооллыг тогтоох боломжгүй бол өрсөлдөөний тухай хуульд зааснаар тухайн компаний өөрийн хөрөнгийн 5 хувь хүртэл хувиар торгоно гэж заасан. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг жил хагасын хугацаанд биелүүлэхгүй байх ямар ч нөхцөлгүй.

-Таныг НИК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэж Магнай мэдэгдсэн. Энэ тухайд ?

- Худал гүтгэлэг. Миний зүгээс тэр үед хэрэв энэ зөрчлийн тооцоолол нь тогтоогдохгүй баримт нь олдохгүй бол Өрсөлдөөний хуулийн 27.2 т заасны дагуу өөрийн хөрөнгийн 5 хүртэл хувиар торгох тухай чиглэл өгч байсан. Тухайн үед НИК-ийн хөрөнгө миний тооцоолсноор 54 тэрбум орчим төгрөг болж байсан. Үүний таван хувь нь 2.5 тэрбум. Харин энэхүү шийтгэлийн материал намайг байхад олдсон. Хариуцсан байцаагч нь захиргааны хэргийн шүүх дээр явж байгаад санамсаргүй хавтас материалаас 2.5 тэрбум төгрөгийн материалыг харж зургийг авч надад өгсөн. Гэхдээ хоёр дахь хуудасны материалын зургийг л авсан эхний хуудсыг нь авч амжаагүй байсан. Олдсон бичгээс харахад манай байгууллагаас 2012 онд үйлдсэн албан бичиг байсан. Эл материалын эх хувь ШӨХТГ-ын архиваас алдагдсан. Энэ албан бичигт НИК-ийг 2.3 тэрбумаар торгосон. Торгуулийн тухай албан бичгийг хүргүүлэхэд НИК-ээс миний нэр дээр Захиргааны хэргийн хянан шийтгэх хуулийн дагуу торгуулийг хүчингүй болгоно уу гэсэн албан тоот ирүүлсэн. Би боломжгүй гэдэг хариуг албан ёсоор 2015 оны 8 дугаар сард албан тоотоор өгсөн. Би НИК-тэй холбоотой асуудлаар дотоод хяналтын ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Ажлын хэсгийн дүгнэлийг 2015 оны 12 дугаар сарын 16-нд танилцуулж хэн ямар буруутайг тогтоож баримт материалын хамт АТГ-т хүргүүлсэн.

- Та О. Магнайг эвлэрлийн гэрээгээр илрүүлсэн ажлаа үр дүнгүй болгодог гэж байсан?

- О.Магнай аж ахуйн нэгжүүдийг их хэмжээгээр торгож сүлжээ дэлгүүрүүдтэй нэгийгээ үзэлцэж СӨХ-ийн дээд зөвлөлийг татан буулгчихлаа гэдэг хэдий ч шүүхэд очихоор эвлэрч их хэмжээний торгуулийг хэрэгсэхгүй болгодог. Тухайлбал, Номинтой 1.1 тэрбум, “Миний сүлжээ дэлгүүр”-ийн 940 сая, СӨХ-ийн дээд зөвлөлийг татан буулгахаас татгалзаж 568.5 сая төгрөгийн торгуулийн шаардлагаас буцаж тус тус эвлэрсэн. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар эвлэрсэн гэдэг нь торгуулийг бүтнээр нь үгүй болгосон гэсэн үг биш. Дараа дахин ямар нэг зөрчилд орсон тохиолдолд ямар ч шүүх хуралдаангүйгээр торгуулийг төсөвт шууд оруулна гэж. Гэвч пратикт ийм зүйл байдаггүй.

- Олон зуун сая төгрөгөөр аж ахуйн нэгжүүдийг торгоод буцаагаад хүчингүй болгодог гэсэн үг үү?

- Тийм. Тухайлбал, “Женко Тур” болон аялал жуулчлалын нэр бүхий таван компанийг нийтдээ 268 сая төгрөгөөр торгосон. Эдгээр компаниудтай үгсэн хуйвалдаж алтерийн гэрээ хэлцэл байгуулсныг тогтоосон улсын байцаагчын дүгнэлт бий. Энэ байцаагчын тавьсан торгуулийг нь хүчингүй болгож хууль бусаар ажлаас нь халсан. Алтерийн гэрээ хэлэлцээрийн дагуу тавьсан торгуулийг хүчингүй болгохыг Өрсөлдөөний тухай хуулийн 28 дугаар зүйлээр зохицуулсан. Үүнд алтер хийсэн компани энэхүү зөрчлөө сайн дураараа илчилсэн тохиолдолд ШӨХТГ-ыг 9 гишүүнтэй газрын хуралдаанаар торгуулийн шийтгэлээс нь хөнгөлж болно гэж заасан. Гэтэл О.Магнай зөвхөн өөрийнхөө гарын үсгээр энэхүү шийтгэлийг хүчингүй болгожээ. Түүнчлэн үүнтэй адил хэд хэдэн хүчингүй болгосон шийдвэрүүд бий. Жишээлбэл, 3-10 хүртэл сая төгрөгийн торгуультай “Гурван Сор” , “Хатан сүлжээ”, “Буян” ,“Цолмон хос” зэрэг компаниудын шийтгэлийг хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо давтан хяналт шалгалт хийж улсын байцаагчын дүгнэлтийг үндэслэх ёстой.

- Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 43 тэрбум төгрөг дарсан гэсэн мэдээллээ тодруулна уу?

- Барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гэрээг тухайн үеийн БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн, ШӨХТГ –ын дарга О.Магнай нар 50 гаруй аж ахуйн нэгжтэй хяналт тавих үүрэгтэйгээр байгуулсан. Гэрээний биелэлтэд хяналт тавих үүргийн дагуу Магнай шинэтгэлийн судалгааны хүрээлэнд 10 сая төгрөг төлж 2013 оны 10 дугаар сарын 23-нд гэрээний биелэлтийг нь шалгуулжээ. Тус ТББ шалгаад тайлан дүгнэлт ирүүлсэн. Тайланд 10 аж ахуйн нэгжид 43.3 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан баримт бүрдүүлснийг нотолсон. Гэтэл үүний дагуу эдгээр аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд ил тод мэдээлж гэрээг нь цуцалж зээлийг зах зээлийн хүүгээр тооцож барагдуулах түүнчлэн Сангийн Яамны тендрийн хар жагсаалтад бүртгүүлэх ёстой байтал ямар ч алхам хийгээгүй. Материалуудыг нуун дарагдуулсан. Намайг ажил авахад ямар ч материал байгаагүй. Зарим нэг хуулбарлаж авсан материалыг нэр бүхий байцаагчын нь дүгнэлтийн дагуу дахин шалгуулахаар БХБЯ хүргүүлсэн. Үүний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн гурван компанитай холбоотой маш ноцтой хэрэг байгаа. Тусгай зөвшөөрөлгүй гурван компани хууль бусаар чанарын шаардлага хангахгүй шатахуун оруулж хэрэглэгчдийг хохироосон. Үүнд ямар нэг захиргааны арга хэмжээ ч аваагүй өнгөрөөж нуун дарагдуулсан.

Эх сурвалж:www.polit.mn