Нийгэмд дуулиан болоод буй МИАТ-ийн хэрэг улам бүр ээдрээ­тэй болж байх шиг байна. Учир нь “МИАТ” ХК-ийг анхнаасаа дам­пуу­руулж  шинэ авиа компанийг гар­гаж ирэх зорилготой байжээ.

Уг нь энэ хэргийн тухай анх зарим улстөрчид болон хэвлэл мэ­дээл­лийнхэн нэ­лээд ул суурьтай ярьж бай­сан. Түүнийг нь тухайн үед төр засаг удирдаж байсан нөхөд чихнийхээ хажуугаар гаргасан гэж одоо буруутган ярьж байх юм.


Тухайлбал,  “Бодь”, “Жен­ко” групп хамтран “Мон­голиан Эйрлайнс”  груп­пийг байгуулж байсан. Гэтэл тун удалгүй тус ком­панийн 30 хувийн хувьцааг “Монголын алт” корпораци 2011 онд худалдаж авч байсан түүхтэй. Уг нь “Монголиан Эйрлайнс” гэх нэрийг “Изинис Эйрвэйз” компанийн ерөнхий захирал С.Мөнхсүх эзэмшдэг байсан. Гэсэн ч тус компанийн хөрөнгө оруулагчид “Мон­голиан Эйрлайнс” гэдэг нэ­рийг С.Мөнхсүхээс 400 мян­ган ам.доллараар худал­дан авсан гэцгээж байгаа юм.


Тухайн үед “МАК”-ийн удирдлагууд “Монголиан Эйрлайнс” группт хувьцаа эзэмшдэггүй гэж мэлзэж байсан.  Өнгөрсөн мягмар гарагт УЕПГ-аас мэдээлэл хийхдээ УИХ-ын нэр бүхий зарим гишүүнийг МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгах болсон гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл шалгуулах ги­шүүдийн тоонд Н.Номтой­баярын нэр цохиж яваа аж. Учир нь мөнгө угаахад ашигласан гэх “Монголиан Эйрлайнс” компанийг анх байгуулахад тэрбээр хувьцаа эзэмшигч “МАК”-ийн өмнөөс тууз хайчилсан.

МИАТ-ийн ноёдууд “Монголиан Эйрлайнс”-аар дамжуулан мөнгө угааж эхэлсэн гэх тэр үед Н.Номтойбаяр тус компанийн ТУЗ-ийн ги­шүү­ний албан тушаалтай байсан юм. Түүний 30 хувийн хувьцаа эзэмшдэг компанид нь их хэмжээний мөнгө угаах үйл ажиллагаа нүдэн дээр нь болж байхад эрхэм гишүүн мэдээгүй байна гэдэг нь бүр хачирхалтай. Гэхдээ Н.Номтойбаяр уг хэрэгт гар бие оролцоогүй байсан ч хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа шалгуулах нь гарцаагүй болсон бололтой.


Харин “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир тус компанийн 70 ху­вийг худалдаж авах шийд­вэрийг  шинэ оны өмнөхөн гар­гаж байсан гэнэ. Хам­гийн сонирхолтой нь тус компанийн захирал асан Б.Хоролсүрэн саатуулаг­дахаа­саа өмнө “МАК-ийн нэр дээр хамгийн том хувьцаагаа шилжүүлсэн аж. Үүний дараа тун удалгүй “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир “Монголиан Эйрлайнс” группийн удирд­лагуудыг хүлээн авч уулзаж, компанийн 70 хувийг эзэм­ших болсон тухайгаа албан ёсоор зарлажээ.

Түүнчлэн хоёр шинэ онгоц авахаар төлөв­лөж компанийн санхүү­гийн асуудалд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа ч дурдсан гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ням­тайширыг аль эртнээс тус компанийг сонирхож,  эхнэртэйгээ цуг агаарын аялал хийж, ажилчдынх нь судалгааг авч байсан гэж ярих юм билээ. Бүр нис­лэгийн компанийнх нь нэрийн товчлолыг “МАК” компанийнхаа нэртэй ижил болгосон байжээ.  


Мөн охин Н.Цэлмүүний­гээ “Монголиан Эйрлайнс” группийн гүйцэтгэх захир­лаар томилохоор зэхэж байна гэх мэдээлэл ч байгаа юм. Үүнийгээ “МАК”-ийнхан тайл­­­барлахдаа “Монгол Улсад тэргүүлэх хэмжээний нис­лэгийн том авиа компани болгоно” гэсэн амлалт ажилчдадаа өгсөн аж. Энэхүү амлалтыг нь сонссон ажилчид уналтад ороод байсан компани нь мөнгөтэй  хүний  мэдэлд очсонд сэтгэл их л хангалуун байх болсон аж.


Учир нь МИАТ-ийн хэрэг сөхөгдсөнөөс хойш тус компанийн санхүүгийн асуудал хүндэрч, үйлч­лүү­лэгчид ч гомдол гаргах болсон гэнэ. Ямартай ч олны анхаарлын төвд байгаа МИАТ болон “Монголиан Эйрланс” группийн ард улс­төрийн томчууд, гадны хө­рөнгө оруулагчид бий гэдэг нь ч мөрдөн байцаалтын явцад тодорхой болж байгаа бололтой.


Гэхдээ энэ бүхний эх­лэлийг тавихад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар. Учир нь түүнийг  нэлээд их хэмжээний хувь эзэмшдэг гэж ярих юм билээ. Үүний нэг илрэл нь “Монголиан Эйрланс” групп ТӨХ-ны  тогтоолоор сүр­дүүлэн Монгол Улсын хилийн бүсэд байрлах “МИАТ” ХК-ийн эзэмшлийн барилгыг нурааж, компа­нийнхаа барилгыг бариулж байсан юм.


Тэгэхээр Монголын тол­гой баячуулын оролцсон эл хэрэгт нэр төртэй олон хүн татагдаж, хэрхэн эцэслэн шийдэгдэх нь хүлээлт үүс­гээд байна.