1922 оны 08-р сарын 31-нд “Ардын хувьсгалын хэргээс урвасан” хэмээн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан Д.Бодоо, Д.Чагдаржав, Ө.Дэндэв нарын хэдэн хүнийг цаазлан хороосноор улс төрийн их хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж судлаачид үздэг.

 Өөрөөр хэлбэл 1922 онд Д.Бодоо нарыг, 1924 онд С.Данзан нарыг хилсээр хороож,1933 онд Ж.Лхүмбийн удирдсан хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагын хэрэг гэгчээр гүнзгийрч, П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгч олон бүлэг хэргээр өргөжин, 1937-1940 онуудад оргилдоо хүрсэн Монголын түүхийн хар толбыг өнөөдөр бид мартах учиргүй.  

Монголын боловсролтой, элит хэсгийг устган үгүй хийх гэсэн зохион байгуулалттай аллага байсан бөгөөд 1922 оны тэрхүү хар өдрөөс хойш Монгол улс 31,000 гаруй иргэнээ хэлмэгдүүлэн баривчилж, байцаахын зэрэгцээ эрүүдэн шүүж, тамласны эцэст буудан хороосон түүхтэй.  Үүнийг он дарааллаар үзүүлбэл:

 1932–1940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн буюу 73% нь буудуулжээ.

1932-1937 оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9% нь буудагдсан бол

1937-1940 он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийш эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлийн гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг түүхчид үндсэн гурван үе шатанд хуваадаг бөгөөд тэдгээрийг одоо дэлгүүлье.

I үе шат буюу 1922-1939 оны хэлмэгдүүлэлт:  Эхний үе шат Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хорогдов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9сарын 10нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ.

II үе шат буюу  1940-1955 оны хэлмэгдүүлэлт: Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

III үе шат буюу 1956-1990 оны хэлмэгдүүлэлт: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

Тэгвэл Монголын элит хэсгийг цагаатгах ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг шалгах, цагаатгах, нөхөх олговор олгох ажил үргэлжилж байна. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хадгалагдаж байгаа, шалгагдаагүй үлдсэн хэргүүдийг тус газрын Мөрдөн байцаах хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж, цагаатгах үндэслэл бүхий иргэдийн асуудлыг цагаатгуулахаар Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлж, эцэслэн шийдвэрлүүлж байна. Энэхүү шалгах ажиллагааны явцад сүүлийн 4 жилийн байдлаар 6131 иргэний хэргийг бүрэн шалгасан бөгөөд түүний дотор 2013 оны эхний 8 сард 378 хүний хэргийг шалгажээ. Үлдэж байгаа хэргүүдийг энэ оны эцэс гэхэд бүрэн шалгаж дуусгахаар ажиллаж байна. Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар эхний 8 сарын байдлаар 95 иргэнийг хилс хэргээс цагаатгаад байгаа талаар дурдлаа.

Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянган хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдээд байгаа бөгөөд Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Энэ оны эхний 8 сард гэхэд 30 иргэн 26,5 сая төгрөгийн нөхөх олговрыг авсан байна.  

 Өнөөдрийн байдлаар Цагаатгалын хуулийн зарим зүйл, заалтын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо болон хэлмэгдсэн иргэдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр Улсын комиссоос цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан юм. Ажлын хэсэг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг бэлтгэн Улсын комиссын даргад энэ оны 5 дугаар сарын сүүлчээр хүргүүлсэн билээ. Улсын Их Хурлын намрын чуулганд энэхүү хуулийн төслийг хууль санаачлагчаар өргөн бариулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Монгол улс энэ жил улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ ажлын хүрээнд  Өглөө 9.00 цагаас Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд, 13.00 цагаасУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд тус тус цэцэг өргөнө. Үүнээс гадна Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд хэлмэгдэгчид, тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөлтэй уулзалт хийх ажээ.   Мөн өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс Монголын залуучуудын холбоо, Оюунлаг буддист нийгэмлэгтэй хамтран 1000 залуучуудыг хамруулсан Флаш моб буюу бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулна.

А.Баярмаа