Түүний амьдрал бусдынхаас анги ондоо. Туулсан зам, туурвисан бүтээл, үзэглэсэн үг, үнэний төлөө тэмцсэн бүхэн нь "содон". "Содон хүмүүс" номыг нь уншаад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн даацтай бүтээл болох тухай мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Хааяауулзах бүртээ хэнээс ч сонсоогүй, номноос уншаагүй сонин сайхныг өгүүлдэг эрхэм сэтгүүлчийн яриа уншсан зохиол нь юмуу,учирсан тохиосон үйл явдал нь юмуу гэмээр адармаатай санагддаг. Тэр ийм л хүн. Цагдаагийн байгууллагыг 53 жилтасралтгүй сурвалжилсан Г.Жамьян гуай "эсэргүү" гэсэн нэр хоч зүүж явсан ч энэ нь түүний үнэний төлөө тэмцэж явсны гэрчболон үлдэж дээ. Товлосон цагтаа хоцордоггүй, тогтуухан яриа нь тоосгүй үнэн эрхэм хүмүүн бидэнтэй хэрхэн ярилцсаныг табүхэндээ хүргэе.

-БИ ТАСРАЛТГҮЙ 53 ЖИЛ ЦАГДААГ СУРВАЛЖИЛЖ БАЙНА-

Би цагдаагийн байгууллагыг 53 жил сурвалжилж байгаа. Та нарыг төрөөгүй байхаас эхэлсэн. "Улаанбаатарын мэдээ" сонинд 1962 онд мэргэжлийн сурвалжлагчаар томилогдон, төр захиргааны байгууллагын ажил хариуцсан юм. Тэр үед төр захиргааны байгууллага гэдэгт маань цагдаа, хуулийн байгууллага ордог байлаа. Цагдаа бол 1-рт миний бахархал. Хоёрдугаарт миний хамгаалагч. Ийм учраас би цагдааг үргэлж хүндэлж үе үеийн удирдлага, хэвлэлийн албаныхантай нь нэг харахад найз, нөгөө бодоход цэрэг шиг нь яваад л ирлээ. Цагдаагаас бараг бүх шагналыг нь авсан даа. Миний энгэрт байгаа шагналуудын дийлэнх нь цагдаа хуулийн байгууллагаас өгсөн шагналууд байдаг.

  Цагдааг би хэдэн төрөл янзаар бичсэн. Нэгдүгээрт цагдаагийн түүхтэй холбоотой. Иргэдийг хамгаалахын тулд ямар их ажил хийж байв? Яаж зовж зүдэрч байв? Үүнийг л эрэн сурвалжилж гаргаж байсан даа. Монголын хоёр том хулгайч, рецедив гэмт хэрэгтнүүд, бүлэглэлийн толгойлогч гээд "Британника" тольд орсон хүмүүсийг сурвалжилж байсан. Нэг нь шилэн Дамдин, нөгөө нь чонон Борис "Британника" тольд орно гэдэг чинь их том гэмт хэрэгтнүүд байх нь байна шүү дээ. Энэ хоёр хүн яаж яваад гэмт хэрэгтэн болсон үүх түүхийг би эрэн сурвалжилж ном, сонинд бичсэн юм. Тэднийг олохын тулд, барихын тулд, цаазлахын тулд хуулийн байгууллага хэрхэн ажилласныг эрэн сурвалжилсан. Зөвхөн энэ хоёр биш л дээ. Ер нь ийм гэмт хэрэгтнүүдийн хойноос би их явсан.

-ТЭД ЯМАР ХҮМҮҮС БАЙВ-

Бидний үед чонон Борис бол тийм аюултай, шилэн Дамдин тэгээд, ингээд гээд бараг үлгэр домог дайтай юм ярьдаг байлаа. Энэ хүмүүсийг одооныхтой харьцуулах юм бол тийм айхтар гэмт хэрэгтнүүд байсангүй. Чонон Борис гэхэд хүүхдүүдийг хамаандлаад хулгай хийлгэдэг. Хутга барьж сүрдүүлээд хэдэн төгрөгийг нь авдаг хүн байсан. Нэг удаагийн зодоон дээр хүн хутгалсан чинь тэр нь үхчихсэн. Тэгээд энэ хэргээс болоод цаазлагдсан хүн юм. Одоо бол хүн хутгалсан хүн цааз байтугай бараг танилтай бол зүгээр гарчихаж байгаа. Чонон Борисын фото зураг бүх юм надад бий.

  Шилэн Дамдин бол хулгай хийдэг нэг бүлэгтэй. Хэд хэдэн удаа шоронгоос оргосон. Хамгийн сүүлд Гандангийн орчим барилгын байгууллагын цалинг хулгайлж аваад хулгайч нарт тараагаад баригдсан хүн шүү дээ. Энэ бол цааз ял авах нь битгий хэл, одоо цагт 10 жилийн ял авах ч байсан юмуу үгүй ч юмуу. Цагдаагийнхан сүүлд энэ хэргийг дахин шалгасан байдаг юм. Тэгээд нэг мөрдөн байцаагч сонинд "Энэ бол дээд тал нь 10 жилийн ял авах хэрэг" гэж ярьсан байдаг. Тэгсэн чинь шууд буудчихсан. Шилэн Дамдин гэдэг чинь гайхалтай гоё хүн байж. Шүүх хуралд орохдоо хав хар костюм, цав цагаан цамц, хар өнгийн зангиа зүүгээд гутлаа нүүр харагдтал тослоод ордог байсан. Монголд тийм хүн байсан ч юмуу үгүй ч үү. Хамгийн сүүлд шоронд байхад нь дэргэд нь туршуул тавьсныг мэдэлгүй "За энэ Ю.Цэдэнбал миний зүрхээр туг тахих гэж байгаа юм байлгүй дээ" гэж ярьсан нь Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Самбуу гуайд хүрч, "Энэ нөхөр чинь ирээдүйд төр бусниулах том хэрэгтэн байна даа. Үгүй хийхгүй бол болохгүй хүн байна" гээд Самбуу гуайн үгээр энэ хүнийг цааш нь харуулсан. Гэх мэтчилэн ийм түүхийг сурвалжилж бичдэг байлаа. 200 гаруй эрэн сурвалжилж бичсэн нийтлэл бий. Хорь, гучин хувь нь цагдаагийн байгууллагатай холбоотой.

-ТӨРИЙН НУУЦ ИХТЭЙ УЧРААС ЦАГДААГ СУРВАЛЖЛАХАД МАШ НАРИЙН АРГА УХААН ХЭРЭГТЭЙ-

Цагдаад онцлог юм бий. Төрийн нууц ихтэй учраас цагдааг сурвалжлахад нарийн арга ухаан хэрэгтэй. Энгийн газар очиж сурвалжлах, цагдаагийн газар очих хоёр анги ондоо. Тэд ч үүргийнхээ дагуу ярих ярихгүй юм, би ч асуух асуулт, бичих юмандаа анхаармаар зүйл маш их бий. Чулуунбат хурандаа бид хоёр чинь их ойр байлаа. Хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэж байхад нь очиж ярилцлага авч байсан. Чулуунбат хурандаагаас би ганцхан юм гуйдаг байхгүй юу. Өөрийн чинь ботилж хадгалсан номоос авч нийтэлье гэсэн чинь "За хоёулаа тэгж толгойгүй болж яах вэ" гэсэн. Аймаг бүрт нэг нэг байдаг гэсэн тэр ном. Тэр номыг олж үзэж чадаагүй юм. Зүгээр энгийн газар бол ямар ч ном материалыг үзэж болно шүү дээ.

  Би бас цагдааг их өмөөрч бичдэг хүн. Цагдааг өмөөрсөн ганц хоёрхон юм хэлье, та нарт. Жишээлэх юм бол цагдаагийн хурандаа Д.Мөрөн бол тухайн үедээ Шерлок Холмс шиг л мөрдөгч байсан юм. Д.Мөрөнгөөс би олон удаа ярилцлага авч арга ажиллагааг нь сурвалжлан "Цагдаад баатар яагаад төрж болдоггүй юм" гэсэн гарчигтай нийтлэл бичиж байлаа. Тэгээд дор нь "Д.Мөрөнг баатар болгоё" гээд биччихгүй юу. Түүнээс хэдэн жилийн дараа Мөрөнд гавьяат хуульч цол олгосон. Хүмүүс надад хэлдэг л юм. "Жамьян чи Мөрөнг бичиж байгаад цол олгуулчихлаа гэж". Миний бичсэний сайнд шагнаагүй, төр харж үзээд гавьяат хуульч цол олгосон л доо. Би цагдаатай холбоотой юм бичих болгондоо "Цагдаагаас яагаад баатар төрж болдоггүй юм" гэж бичдэг. Бусад газраас л өчнөөн баатар төрөөд байдаг, тийм ээ. Хүний амь дүйж яваа улсуудаа яагаад баатар болгож болдоггүй юм гэж дандаа нийтэлдэг дээ.

  Мөн цагдааг шагналтай болгоё гэж олон удаа би бичсэн. Хэрэг төвөгтэй хөөцөлдөж явж байгаад өөд болсон, эрэмдэг зэрэмдэг болсон гээд янз бүрийн цагдаа байна. Улс эх орныхоо төлөө, олон түмний төлөө амь хайргүй зүтгэж байгаа цагдаа нарыг дэс дараатай шагнал олгодог журамтай болгоё гэж олон бичсэн ч ердөө анхаардаггүй. Олимпийн аварга баатар, гавьяат болж байна. Тэгэхэд гэмт хэрэгтнүүдтэй улаан гараараа тулалдаад өөд болсон, эрэмдэг зэрэмдэг болсон ер нь гавьяа байгуулсан улсад яагаад шагнал, зэрэг олгож болдоггүй юм гэж би бичдэг байхгүй юу. Нэлээн дээр үед би гэмт хэргийн хойноос явж байгаад нас барсан цагдаагийн гэр бүлийнхэнд зуун сая төгрөг өгдөг байя гэж мөнгө хатуу байхад бичиж байсан. Одоо бол түүнээс илүүг өгөх хэрэгтэй л дээ. Эрэмдэг зэрэмдэг болсон цагдаад 80 сая, үүргээ сайн биелүүлсэн цагдаад 50-60 сая төгрөг буцалтгүй тусламж болгож, төрийн дээд шагнал олгодог байя, цалинг нь нэмье гэсэн санааг их олон дахиж бичсэн. Ингэж цагдаагаа өмөөрч бичиж явлаа.

  Мөн шүүмжлэх цагт нь шүүмжилж байсан даа. Болохгүй бүтэхгүй юм цагдаад бас байдаг л юм. Хуйвалддаг, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх үйл ажиллагаанд танил тал тохой харсан байвал хатуухан тоншчихдог байлаа. Тэгэхэд сэтгүүлч Г.Жамьян тэглээ, ингэлээ гэж сүйд болж байгаагүй ээ. Тодорхой баримтаар бичиж байсан болохоор цагдаагийн нөхдөө дэмждэг юм. Цагдаагийн байгууллагыг бүхэлд нь шүүмжилж байгаа биш, дотор нь байсан үл бүтэх "юмнуудыг" дор бүр нь шүүмжилж байсан. Цагдаа, НАХ-ынхан оролцсон сэдвүүдээрээ "Содон хүмүүс" ном гаргасан даа. Одоо хоёр дахь нь бэлэн болчихоод ивээн тэтгэгч олдохгүй байж байна. Цагдаад алдсан ч юм бий, оносон ч юм бий дээ.

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР МААНЬ ШУДАРГА Л АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ-

Цагдааг гол нь ажил үүргээ гүйцэтгэхэд нь гадны ямар нэг нөлөө байхгүй шударга байгаасай л гэж би боддог. Цагдаа шударга биш байвал, монгол шударга биш болно гэхэд хилсдэхгүй. Манай цагдаа бол их хөгжиж дэвшиж байгаа. Дутуу дулим юм их л байсан. Аль ч салбар тийм л байсан даа. Цагдаагийн бие бүрэлдэхүүний хувьд их өсч өндийсөн. Цагдааг дээд сургуулиар бэлдэж, хол ойр явуулж их юм үзүүлдэг болжээ. Ийм байгаагүй юм. "Долдугаар сарын нэгний" хэргийн дараагаар Б.Пүрэв генерал бид хоёр ярилцлага хийж, цагдаагийн техник хэрэгсэл дэндүү сул байна гэдэг дээр санал нийлсэн юм. Б.Пүрэв генералын ярилцлагыг хүмүүс их олзуурхсан. Долдугаар сарын нэгний хэрэгт цагдаа нарыг буруутгаад байдаг. 7 сарын нэгний гол буруутан нь талбай дээрх хүмүүс тарж байхад онц байдал тогтоосон Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Засгийн газрын онц байдал тогтоох үүрэг авсан С.Баяр, онцгой байдлыг гардан удирдах үүрэг бүхий хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил. Энэ гурвын гол буруугаас тэнд аймшигт үйл явдал болсон. Онц байдал тогтооно гэдэг чинь бүх бэлтгэлийг хангасан байх ёстой. Ингэж хангаагүй байж онц байдал зарласан. Ядаж л нулимс асгаруулагч, утаан хөшиг, хүчтэй усан хөөрөг... гэх мэт урьдчилсан зүйл байх ёстой. Гэтэл шууд л гал нээгээд эхэлсэн. Б.Пүрэв генерал ч их ярьсан би ч дараагаар нь орчин үеийн хамгийн шилдэг техник хэрэгслийг цагдаад бий болгох хэрэгтэй юм байна гэдэг талаар асуудал хөндөж хэд хэдэн удаа бичсэн юм.

  Монгол цагдаа-Монгол төрийн манаа, ард түмэндээ үйлчилж байх хэрэгтэй. Ийм л хоёр гол үүргийг гүйцэтгэнэ. Цагдаа зөвхөн ямар нэгэн асуудал болоход хэдэн сайд дарга нарыг хамгаалдаг хүмүүс биш. Би тэр тал дээр хатуу зогсдог хүн. Жишээлбэл, талбай дээр ордныг тойруулаад хэдэн давхар цагдаа зогсоочихдог. Үүнийг би буруу гэж боддог. Цагдаа ард түмнээ л хамгаалж байх ёстой. Төрөө хамгаалдаг тусгай албаныхан бий. Улаанбаатар хотын цагдаа, хэдэн мянган цагдаатай гэдэг билээ? Тэр цагдаа бол ард түмнээ хамгаалах ёстой гэж би боддог хүн. Төр тэртэй тэргүй тусгай хамгаалалтад байдаг газар л даа. Төрийг хамгаалах гэж сүйд боллоо. Төмөр хайс хашаа юу юу ч барив даа. Би яахав үзгээрээ бичиж хамгаалсан даа.

-НАМАЙГ ЭСЭРГҮҮ БОЛГОСОН СУРВАЛЖЛАГА-

Би Орос цэргүүд автобус мөргөж осол гаргасан тухай сурвалжлага бичээд, 10 жил 6 сар нутаг заагдан модны комбинатад мод үүрсэн. Сүүлдээ хүнд ажил хүчрэхээ байгаад хөнгөн ажлын акт гараад диспичер болсон. Мартын 8-ны шөнө Их сургуулийн үүдэнд ажлаасаа тарж явсан чихэр боовны үйлдвэрийн ажилчдын автобусыг оросын гурван согтуу офицер машинтай ирж мөргөөд зугтаасан байхгүй юу. Автобус нь бүтэн эргээд шатаж байхад дотроос нь 20 хүнийг 19-тэй залуу татаж гаргаад хашлага түшүүлж суулгаад хэвтүүлээд өөрийнх нь толгойны ар талаас цус гоожиж байхад бүсээрээ боочихоод зөөж дуусгаад өөрөө гэмтэлд очиж удалгүй нас барсан. Тэр сурвалжлагыг маргааш өглөө нь хамгийн түрүүнд би бичсэн. Согтуу орос офицер мөргөснийг би мэдээгүй "нэг том машин ирж мөргөсөн" гэж бичсэн байсан. Тэгсэн чинь орос офицерууд мөргөсөн байж таараад орос монголын найрамдалд харш, эсэргүү гээд намайг ялласан даа.

  Тэгэхэд Төв хороо намайг намаас хөөгөөд ажлаас халаад прокурорын мэдэлд өгсөн. Прокурорын мэдэлд өгнө гэдэг нь "энэ Жамьянд эрүү үүсгээд хорь" гэсэн утгатай. 1979 он юм даа. Тэгэхэд Нийгмийг аюулаас хамгаалах яам, Прокурор, цагдаа голлож надад их тус болсон юм шүү. Хамгийн гол нь цагдаа, Нийгмийг аюулаас хамгаалахын хяналт тавьдаг гол хүн нь С.Бүдрагчаа гэж улсын прокурор байлаа шүү дээ. Бүдрагчаа прокурор хянаж үзээд "Эрүү үүсгэх гэмт хэргийн асуудал биш" гэж үзээд намайг аварсан юм шүү дээ. Тэгээд Намын төв хороо өөрөө арга хэмжээ авч байгаа нь тэр. Нутаг заагаад модны үйлдвэрт өгчихсөн юм. Дараа нь намайг харж үзээд "Улаанбаатарын мод боловсруулах комбинатад ажилчнаар өглөө, 450 төгрөгнөөс илүү цалин өгч болохгүй" гэсэн бичигтэй очиж байлаа. НАХЯамны хүн байнга дэргэд байна. Нэг ёсны хорих юм даа. Хамгийн хэцүү эсгүүрийн цехэд хуваарилагдаад амралтад амрах, хурал дээр үг хэлэх, хуралд суух эрхгүй болсон. Улс төр иргэний эрх хязгаарлагдмал. Гэхдээ гэр орондоо амьдарна. Ийм байдалтай 10 жил 6 сар болсон. Тэгээд би үүнд гомддоггүй. За яахав, миний амьдралд нэг тийм төөрөг зураг байгаа л биз гэж хааяа боддог. Би 43-тай очиж, 54-тэй эргэн ирж ажилдаа орж байгаа юм. 43-54 нас гэдэг бол хүний хийж бүтээх ажлаа дүгнүүлэх хамгийн сайхан нас байдаг байхгүй юу. Энүүнд л би хамгийн их харамсдаг юм. 54 настай цагаатгагдаад "Багш" сонинд ирсэн. Энэ сониныг би анх байгуулалцсан.

-"17 ЧИНГЭЛЭГ СПИРТ"-ИЙН ХАМГИЙН ЧУХАЛ БАРИМТ НАДАД БАЙСАН-

17 чингэлэг спиртийн хэргийн мөрөөр би эрэн сурвалжилсан юм. Хаанаас хэн оруулж ирсэн, хаана борлогдсон бэ гээд. Ерөөсөө л хад мөргөөд байсан. Ярихаасаа, ойртохоосоо зугтааж байсан, тэр хүмүүс. Тэгсэн чинь нэг өдөр нэг хөгшин надтай уулзахаар ирлээ. Тэр хүнд 17 чингэлгийг хуваарилсан дэвтэр байсан. Гар бичмэлээр. Тэр дээр "сэр" гэчихээд 3000 литр гэсэн байсан. Өөр янз бүрийн юм бий. "Пор" гээд төд ч гэх шиг. Тэр хөгшинд материал яаж очсон бэ гэхээр хүргэн нь голдуу согтуу байдаг нэг нөхөр байж л дээ. Тэр хүргэн ардчилсан хүчин засгийн эрхэнд байхад нэг том алба хашиж байсан юм. Эрх баригч мафийнхан борлуулах үүргийг Батсайхан гэж тэр нөхөрт өгсөн байгаа юм. Батсайхан нь тэр үед Их хурлын бүлгийн ажлын албаны дарга. Тэр нөхөр согтуу явж байгаад арын суудал дээрээ нэг дэвтэр орхисон нь тэр дэвтэр байсан байгаа юм. Тэр хөгшин дэвтрийг олоод үзэж л дээ. Тэгсэн чинь улсын нууц байж байхгүй юу. Мань хүн хүргэндээ жаахан таарамж муутай, надад авчраад өгчихсөн. Сонинд Батсайханы зурагтай, гар бичмэлээр нь тэр чигт нь тавьчихсан. Тэр нийтлэлийн мөрөөр их шуугилаа. Нууц материал хэн хаанаас олж тавив гээд л их юм болсон.

  Би мөчөөгөө өгсөнгүй. Тэр хуваарилсан газруудаар явлаа. "Пор" гэдэг нь прокурорт байж таараа гээд л. "Сэр" гэдэг чинь сэргийлэх байж таараа. Тэгээд ЦЕГ -ын дарга, генерал Ч.Амарболдтой уулзаж сонингоо үзүүллээ. Би энэ материалыг сонинд тавьсан. Эх сурвалжаа би хэлэхгүй ээ, сэтгүүлч хүн эх сурвалжаа хэлдэг түүх байдаггүй. Би танаас ганцхан зүйл лавлая. "Сэр" гэдгийг сэргийлэх гэж би бодож байна. 3000 литр архийг аваад сэргийлэхийнхэн юу хийсэн юм? Та нар авчээ дээ гээд тулгахгүй юу. Генерал Ч.Амарболд царай нь сонин болоод нэг инээмээр, нэг уурламаар болоод "Үгүй ээ хө сэр гэдэг чинь сэрүүлэг сонин ч байж болно шүү дээ" гээд булзааруулж байсан юм. Тэр үед сэрүүлэг сонин их нэр хүндтэй байлаа шүү дээ. Би тэгээд "За тийм байж, та хүлээхгүй нь" гээд муудсан ч үгүй, сайдсан ч үгүй явлаа.

   "Пор" гэдэг нь прокурор, 2000 литр авснаа хүлээж байгаа юм. Манай албаныхан авсан байж магадгүй, бид мэдэхгүй гэж дарга нар нь хариулсан. Дарга нар нь биеэсээ зайлуулсан л даа. Ер нь газруудын дарга нар аж ахуй санхүү рүүгээ чихэж байгаа юм л даа. Тэгээд л өнгөрсөн. Энэ хэрэг дээшээ их явсан. Их хурал, Засгийн газар гээд л....

  Би тэр хөгшин, дэвтэр хоёрыг их нууцалсан. Нэг өглөө ажилдаа ирсэн чинь арын өрөөний цонхоор хүн ороод миний ширээг нэгжээд бүх юмыг тараагаад хаясан байсан. Өнөө дэвтрийг л эрээд байсан бололтой. Би тэрийг мэдэж байсан болохоор хамаатныдаа аваачаад нуучихсан байсан. Тэгээд цагдаад хэлсэн. Цонхны яг дэргэдүүр гардаг муу усны хоолой дамжиж яваад хоёр давхрын манай өрөөний цонхоор орсон байгаа юм. Энэ хэргийн дараа эрхлэгч, орлогч эрхлэгч бид хурал хийсэн. Одоо яах вэ гэж. Би материалаа нуучихаад байгаа. Ү.Хүрэлбаатар эрхлэгч: Надад дэвтрээ авчраад өгчих. Би маш нууц хадгалах хэрэгтэй гэхээр нь жаахан бодож байгаад эрхлэгчдээ авчраад өгчихсөн юм. Тэгээд юу болох нь вэ гэж чих тавиад байсан. Би дэвтрээ авдаг юмуу гэхээр их нууц хадгалсан гээд эрхлэгч буцааж өгөөгүй. Тэгээд л 17 чингэлэг спиртийн хэрэг хав дарагдсан байхгүй юу. Би уг нь цагдаад өгье гэж бодсон. Тэгснээ Амарболдоос жаахан сэжиглэсэн байхгүй юу. Өөр дээрээ хадгалж байгаад юу болох бол гээд. Эрхлэгч маань надаас илүү хөдлөөд асуудлыг шийдэх болуу гэж найдаад. Тэгээд л өнгөрсөн дөө. Дэвтрээ эргэж хараагүй. Хожим сонсох нь ээ Батсайхан тэр хэргээс болоод ажлаасаа халагдаад гадаадад элчин энэ тэрээр явсан гэлүү. Лав Монголд байхгүй. Тэр баримтыг надаас авах гэж мөнгө амласан тохиолдол ч гарсан. Ийм авилгын чанартай юм байнга таарна. Сурвалжлагуудаар минь дамжуулаад цагдаагийн нөхдөдөө нөлөөлөөд өгөөч, ийм юм бичээд өгөөч гэх хүн зөндөө таарна. Тийм юм хийгээд байсан бол өдийд тэрбумтан сэтгүүлч болоогүй юмаа гэхэд, ядаж л унах унаатай байх биз.

  Надад шударга явсны маань ач гавьяа нэг байдаг. Модны үйлдвэр хувьчлагдахад хашаа дүүрэн байсан банз модыг хувааж аваад ачаад явцгаасан шүү дээ. Чи нэг зуслангийн байшингийн мод аваач гэдэг ч юмуу цехийг нь хуваагаад авъя гэх санал асар их ирсэн. Би тэндээс шүдний чигчлүүр ч аваагүй. Тэр улсууд шалгагдаад янз бүрийн юм болж байна шүү дээ. Айж ичээд л. Нойргүй хоноод л. Би тэгэхэд тайван бүтэн нойртой унтаж байдаг. Энэ маань л жаргал, бахархал юм. Насан туршдаа нэг үг санаж явдаг. Миний ээж бичиг үсэггүй хүн ч гэсэн "хөлс дусаалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм шүү" гэж сургадаг байсан. Авилгатай тэмцэх газар "шударга үнэний элч" гэж шагнал бий болголоо. Тэр шагналын хоёр дахийг надад өгсөн. Би тэрийг ямар ч шагналаас илүү их хүндэлж бахархаж явдаг.

  Зовсон хүн жаргадаг гэж үг байдаг. Сэтгүүлч Г.Жамьян гуайн бичиж байсан нийтлэл, сурважлага бүхэн хүний сэтгэлдхүрдэг. Үзгээрээ үлгэрлэж, үгээрээ үнэ цэн мөн чанараа таниулна гэдэг сэтгүүлчийн хөдөлмөрийн хамгийн том бахархал юм.Цагдаагийн байгууллагаа тасралтгүй 53 жил сурвалжилсан ахмад сэтгүүлч маань урт насалж удаан жаргаж, уран бүтээлээрээүргэлж шинэлэг байх болтугай.

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулж "Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг" номонд өгсөн ярилцлагыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

Эх сурвалж: