Нарны цахилгаан станц барих санамж бичигт талууд гарын үсэг зурлаа
2016/05/06
- -Энэ төсөл Монголд хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Өнөөдөр энэ сайхан нарлаг өдөр Монголд нарны сэргээгдэх эрчим хүчний 50 мега ваттын цахилгаан эрчим хүчний санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ төслийг хамтарч хэрэгжүүлэхээр болсноор Монгол Солонгосын эрчим хүчний салбарт томоохон ажлын эхлэлийг тавилаа гэж ойлгож байна. 2017 оны эхний хагаст Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Бидэнд бодууштай зүйл их бий. "Буянт-Ухаа" нисэх буудлыг яагаад өөрчлөх болов гэхээр хотын утаанд байгаа учраас онгоц буухад хүндрэл учирдаг тал бий. Энэ байдлаас үүдэн төслийн санаа гарч ирсэн юм. Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудлыг "Green airport" чиглэлээр хөгжүүлэх санаа төрсөн. Үүний тулд нисэх буудлын үндсэн болон нөөц цахилгааны эх үүсвэр нь нарны цахилгаан эрчим хүчээр ажилладаг байх нь зүйтэй гэж бодсон. Тиймээс төвийн эрчим хүчинд суурилсан 50 мега ваттын нарны цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлж байгаа юм.
-Ямар хугацаатайгаар төслийг хэрэгжүүлж байна вэ?
-Төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Эхнийх нь 15 мега ватт 2017 оны эхний улиралд, дараагийнх нь 2019 онд 15 мега ватт, гурав дахь нь 2021 онд 20 мега ватт ашиглалтад орно. Төвийн эрчим хүчний шугаманд холбогдох учраас хүн бүр хэрэглэгч болох ач холбогдолтой. Уг төслийг хэрэгжүүлснээр монголчууд дэлхийн дулаарлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. 50 мега ваттын нарны цахилгаан станц гэдэг 12 сая мод тарьсантай тэнцэх хэмжээний буянтай ажил болж байгаа. Тэгэхээр ногоон хөгжлийг дэмжиж байгаа хүн бүр төслийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэл төгс байна. Энэ төсөлд хамтрагч тал болох "Idea bridge", санхүүжүүлэгч "Kepco kdn" буюу Солонгосын эрчим хүчний салбарт тэргүүлэх шилдэг компаниуд ажиллахаар болж байна.
Т.Дүүрэн