Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяртай утсаар холбогдож түүнтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Сайн байна уу, та? BreakingNews.mn сайтаас ярьж байна. Танаас нэг зүйл тодруулах гэсэн юм. Sonin.mn сайт дээр судлаач Ганхуягийн бичсэн тантай холбоотой ноцтой гэмээр мэдээ гарсан байна. Та үзсэн үү?

-Үзээгүй. Юу гарсан юм?

-Би танд уншаад өгъе. “Жастин Капла гэж ёстой нэг даварсан гар байна аа. Анх энэ хүн Ерөнхий сайд С.Баярыг зодсон гэдгээр алдаршиж байсан билээ” гэжээ. Та энд тайлбар хийхгүй юмуу?

-Ийм балай юманд хэн тайлбар хийдэг юм…

-Та тэр Жастин Капла гэдгийг таних уу?

-Таних байтугай бараагийн ч хараагүй.

-Гэтэл судлаач Ганхуяг цааш нь бичихдээ “Жастин Капла нь шанаа өгөх хэмжээний ойр нөхөд юм байна. Нэгдүгээр зэргийн хамгаалалттай байхад нь шүү дээ. Хэрэв С.Баяр энэ хэргийг дараагүй бол Жастин Капла эрүүгийн гэмт хэрэгтэн мөн” гэсэн байх юм. Яагаад тэгсэн юм бол?

-Үүнийгээ тэр бичсэн хүнээс нь асуу. Инээдтэй юм. Зодсон, зодуулсан гэх сэдэв бол сахал самбай цухуйж, бэлгийн бойжилт эхлэж байх насны л сэдэв. Би тэгж ойлгодог. Тэр наснаас нь хэтрээд би удаж байна. Чи бод доо. Би гадны ч байна уу, дотны ч байна уу аль нэг нөхөрт зодуулаад, эсвэл зодоод сууж байх уу? Тэгэх тусмаа Ерөнхий сайд байхдаа. Юм бичлээ гэхэд бага ч атугай баримжаа баймаар сан. За ингээд цэглэе.

-Уучлаарай, ганцхан асуулт. Та МАН-ын сонгуулийг удирдаж байгаа гэсэн, тийм үү?

-Тийм биш. Тийм гэж бодсон элий балай юмнууд чиний асуусныг бичээд суугаа биз.

Тодруулсан: С.Амаржаргал

Эх Сурвалж: BreakingNews.mn