Улсын их хурлын ээлжилт сонгууль хаяанд ирлээ. Тиймдээ ч энэ сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хуулийн хуагцаанд буюу өнөөдөр нийтэд албан ёсоор ил болчихлоо. Анзаарах нь ээ урлаг соёлынхон болон спортынхон улстөр рүү хошуурсан харагдаж байна.

Хүн нь ямар хүн бэ гэдгийг эс тооцвол парламентад цус сэлбэх боломжтой мэт харагдаад явчихлаа. Тодруулбал дуучин Г.Эрдэнэтунгалаг, С.Жавхлан Бэки буюу Г.Мөнхбаяр, Нара буюу М.Нарантуяа, А.Сүхбат аварга, Н.Түвшинбаяр аварга зэрэг нэлээд залуус нэр дэвших юм байна.

Өмнө нь домог болтлоо мөнхөрсөн МАН, АН хоёрын хөгшин гишүүдийг улираан сонгосоор тэд тэнд амьдарч бас дархлагдсан. Харин эцэст нь улс эх орны байдал ийм болсон байна. Ийм гэдэг нь эдийн засгийн байдал, иргэдийн амжиргаа, залуусын боловсрол, хүмүүжил, гэмт хэргийн гаралт өсөх зэрэг тулгамдсан асуудал ихтэй монголын нийгэмийн байдал тааруухан буйг хэлж буй юм.

Харин сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч, интернэтийн хэрэглээ хүн бүрийн хэрэглээ болсноор, сошиал медиа хөгжиж, иргэд мэдээллийг түргэн шуурхай, олон өнцгөөс, олон эх сурвалжаас авдаг болсон. Мэдээлэл авсан иргэд харин өөр өөрсдийн ухаанаар улстөрчдийн үйлдэлд үнэлэлт дүгнэлтээ өгч буй. Тэгээд тэдний дүгнэлтээр бол манай парламентынхан “болохгүй бүтэхгүй” байна гэж байгаа юм.

Тодруулбал өнгөрсөн хугацаанд “Унхаантнууд нь улстөрөөс зугтааж, тэнэгүүд нь улстөрд дурлаж байгаа тул ийм байна” гэж олон нийт ойлгосон. Тиймээс эх орныхоо ирээдүйд санаа зовнисон зоригтой хэдэн залуус нэр дэвшихээр шулуудсан байна. Дуучин нь дуугаа дуулах хэрэгтэй, бөх нь барилдах ёстой улстөрд орж тэнэглэлээ гэх мэдээлэл гараад эхэллээ. Гэхдээ үүнийг АН болон МАН-ын олгиархууд, тэдний тойрогт нэр дэвшиж буй өрсөлдөгчид нь гаргаж байгаа гэдэг нь ойлгомжтой.

Иргэдийн хүсэн хүлээж байсан хүмүүс нэр дэвшээгүй байж болно. Ямартай ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэлээдгүй нөлөөгөөр парламентад цус сэлбэх ёстой гэдэг ойлголт хүмүүст хүрсэн байна. Олгиархууд хэвлэлийнхнийг худлаа бичдэг, худлаа ярьдаг гэж бусдад ойлгуулах гээд байдаг. Хэрэв худлаа зүйл бичсэн бол тэд хүний нэр төр гутаасан, гүтгэсэн хэргээр шоронд орох байлаа. Гэвч өнөөдөр ийм байдалд хүрсэн нэгч сэтгүүлч алга. Тэгэхээр Сэтгүүлчдийн бичдэг, ярьдаг зүйлүүд үнэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэвлэлүүд үүргээ гүйцэтгэж байна. Хэн нь нэр дэвшиж, хэн нь хэнийгээ сонгож, ямар парламентаар эх орны асуудлаа удирдуулах нь яг одоогоор иргэн таны ухааны, сонголтын хэрэг боллоо шүү.

Н.Чимэг