Дэлхийн бүх хөөрхөн багачууд өнөөдөр хүүхэд насныхаа хамгийн гэгээн, дурсамжтай, сэтгэл догдлон хүлээдэг, аз жаргалтай өдөртэй уулзаж байна. Улаанбаатар хотын хүүхэд багачууд төв талбайдаа цуглан, хотын төв баярын уур амьсгалд дарагдаж, бяцхан үрсийн инээд цалгисан энэ өдөр бяцхан үрсээ баярлуулж болох олон үйл явдал өрнөх нь ээ.

Тухайлбал, 500 хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна. Мөн 1000 хүүхэд найрал дуу дуулж, 2000 гаруй хүүхэд уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр сонирхуулна.

Энэ үеэр 1000 хүүхдийн парад алхаж, баярлахаар цугласан хүүхдүүдэд баярын мэнд хүргэхээс гадна хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг ч зохион байгуулах юм билээ. Түүнчлэн өмнөх жилүүдийн баяраас онцлог болгож буй нэг зүйл нь “Монгол наадам цогцолбор”-т өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан ч болох юм билээ. Мөн “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ зэрэг үйл ажиллагааг ч зохион байгуулах аж.

Хэрвээ гэрээсээ хол явж, бяцхан үрсээ баярлуулж амжихгүй гэвэл дүүргүүд ч хүүхдийн баярыг өөр өөрсдийн талбайд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. Тиймээс гэртэй хамгийн ойр газар очиж баярлах бүрэн боломжтой. Энэ мэтээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяр өргөн дэлгэр сайхан болох нь дамжиггүй. Гэхдээ баярлаж, хөөрч явахдаа хог тарьж, орчноо буртаглахгүй байгаасай. Мөн хүүхэд төөрч, гэмтэж бэртэхээс ч болгоомжлох ёстойг мартах учиргүй юм. Хүүхдүүдээ жилд ганц тохиох баярынх нь өдөр сэтгэлд нь хүртэл баярлуулах нь зүйн хэрэг. Гэвч энэ өдөр хүүхдийнхээ эрх зөрчигдөж байгаа асуудлыг дорвитой ярьж чадахгүй байна.

Тухайлбал, наснаасаа эрт хүнд хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарцлагдах зэргээр олон байдлаар хүүхдийн эрх нь зөрчигдөж байгаа. Уг нь Хүүх­дийн эрхийг хамгаа­лах тухай хуульд хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй гэж заасан. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно зэрэг заалт ч олон байдаг. Гэвч хүүхдүүдийн хэдэн хувь нь энэ эрхийг эдэлж, аюулгүй таатай орчинд сурч боловсрон амьдарч байгаа нь тодорхой бус. Бидний нэрлэж заншсанаар боломжтой гэх тодотголтой айл өрхийн хүүхдүүд л эрхээ эдэлж амьдарч байна. Харин энэ нийгэмд боломжтой айлаас боломжгүй айл өрхийн тоо хэд дахин ихэсч хүүхдээ тэжээн тэтгэх нь байтугай өөрсдийгөө тэжээлгэх хандлага олширч эхэллээ.

Тиймээс баярын өдөр нь зөвхөн баярлуулаад өнгөрөх бус тэдний эрхийг хэрхэн хам­гаа­лах талаар хууль эрх зүйн орчноо эргэн харж, хэр­хэн сайжруулах талаар том­чууд буюу хүүхдийн гэх то­дот­гол­той байгууллагууд илүү­тэй дуугарах хэрэгтэй бай­гаа юм. Сүүлийн жилүүдэд хүүх­дийн амь насыг бүрэлгэх, хүчин­дэх зэрэг байж боломгүй гаж үзэгдлийг байдаг л юм шиг хүлээн авах болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэлзүй цочирдож, сэрдхийсэн байдлаар хүлээн авахаа больчихоод байна. Гэмт хэрэг гарч л байдаг, мэдээлж л байдаг гэсэн байдлаар хан­даж байгаа. Тиймээс хэрхэн сэ­рэмж­лэх тухай асуудлыг ч давхар ярих цаг болжээ. Хүүхдийг хам­гаа­лах­даа төр засаг, бай­гуул­лага, эцэг эхийн зүгээс тавих анхаарал халамжийг дээд цэгт хүргэх нь чухал байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Отгон