Та бидний амгалан тайван байдлыг сахиулах үүрэг хүлээсэн цагдаа нарыг чадавхижуулах зорилгоор сүүлийн гурван жил дараалан мэргэшүүлэх сургалтад хамруулдаг болсон байна. Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарстай” ам дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулдаг ажээ. Энэ жилийн хувьд 05-р сарын нэгнээс эхлэн нийт 14 ээлжээр цагдаагийн алба хаагчийг сургалтад хамруулахаар ажиллаж байгаа юм байна. Нэг ээлжид 270-300 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд цэргийн зохион байгуулалттай байрлаж байгаа юм. Цастай бороотой, шуургатай нартай гэх мэт цаг агаарын ямар ч нөхцөлд сургалтыг хийж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Сургалтыг:

  • Цагдаа ба хүний эрх: Цагдаагийн ажиллагаа өргөн хүрээнд явагддаг. Албан үүргээ биелүүлэхдээ хүний эрхийг зөрчихгүй байх талаар олон улсын гэрээ, конвенцод болон Монгол улсын хууль тогтоомжийг энэ хичээлээр зааж байгаа.
  • Харилцааны ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэл: Зарим нэг алдаа гаргасан цагдаагийн алба хаагчаа болж Монголын цагдаа буруутай мэт харагддаг тохиолдол байгаа. Тиймээс энэ алдааг аль болох гаргахгүй байх, хүүхэдтэй, сэжигтэнтэй, хохирогчтой яаж харьцахыг энэ хичээлээр зааж байгаа.
  • Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа: Баяр наадам, гадаадын зочин төлөөлөгчийн айлчлал, эмх замбараагүй байдлын үеэр хэрхэн ажиллахыг энэ хичээлээр зааж байгаа.
  • Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх чадвар:
  • Албаны бэлтгэлжилт: Гав бороохойг хэрхэн хамгаалах хэрэгсэл болгон ашиглах, бие хамгаалах урлаг зэргийг энэ хичээлээр зааж байгаа.
  • Эмнэлгийн анхан шатны тусламж гэсэн сэдвээр хичээллэж байгаа бөгөөд сэтгүүлчдэд сургалт хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулсан юм.

Сургалтын талаар Нарстай хээрийн сургалтын дарга, Хамгаалалтын I газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баярмагнай: “Цагдаагийн бүх алба хаагчийг сургалтад хамруулахыг хичээдэг. Сургалтад 5000 орчим алба хаагч хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 3000 орчим алба хаагчийг сургалтад хамруулаад байна. Нэг ээлж гурван өдөр үргэлжилж байгаа. Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид сэтгэл ханамж 89.9-93.9 хувьтай байгаагаа илэрхийлж, сургалтын хугацааг сунгах хүсэлт ихээр ирсэн. Бид цагдаагийн алба хаагчдаа чадавхижуулахад анхаарч байна” гэв.

Ингээд сургалтад ашиглаж байгаа тусгай хэрэгсэл, усан хөөргийн машин зэргийг сэтгүүлчдэд танилцуулсан. Тухайлбал таны харж байгаа энэ хамгаалах хэрэгсэл доргионоос хамгаалдаг. 29 “гох дэгээтэй” өмсөхөд болон өмсөөд явахад бэрх 4.9 кг жинтэй. Энэхүү хамгаалалтыг өмсөж тайлахад 3 минут зарцуулдаг ажээ.

 

Усан хөөргийн машин. Таван хүний багтаамжтай энэ машин өөрөө 7 тонн жинтэй. 6 тонн усны багтаамжтай. 2-3 цоргоор шүрших хүч, хэмжээг тааруулдаг. Гаднаас нь шатаахыг завдсан тохиолдолд усаар унтраадаг.

Үүний дараа алба хаагчдын сургалтад хамрагдаж байгаа байдалтай танилцуулсан.

 

270-300 гаруй алба хаагч хамрагдаж байгаагаас 7-20 гаруй нь эмэгтэй алба хаагчид байсан юм. Эр хүнд ч ахдахаар бэлтгэл хийж байгаа эмэгтэй алба хаагчид түүртдэггүй ажээ.

Хамгаалалтын хоёр дугаар газрын ахлагч С.Баттөмөр: Цагдаагийн байгууллагын хээрийн сургалт жил бүр зохион байгуулагддаг. Миний хувьд сургалтад хоёр дахь удаагаа хамрагдаж байна. Албаны бэлтгэл байдлыг хангаж байгаа. Цагдаагийн мөрдөс зүүсэн эмэгтэй алба хаагчийн үүрч байгаа ачаалал, үүрэг хариуцлага эрэгтэй алба хаагчидтай нь ижил байдаг. Сургалтаар ихийг сурч байгаа.

 

Хээрийн сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдын хувьд өглөө 06:00 цагт босч 2000м-т гүйж, бэлтгэл хийдэг байна. Улмаар өглөөний ундаа уугаад 09:00-19:30 цаг хүртэл амрах завгүй бэлтгэл хийдэг юм билээ. Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид өөлөх гоочлох зүйлгүй, үр дүнтэй, өгөөжтэй сургалт боллоо гэдгийг хэлж байсан. Харин хөндлөнгийн нүдээр харахад төсөв мөнгө нь тааруу байгаа болохоор сургалтын материаллаг бааз зарим тохиолдолд“хүндрэлтэй” харагдсан. Тушаалаар ажилладаг тул байгаа юмандаа түшиглэн бэлтгэл хийж байгаа нь энэ үеэр ажиглагдав. Тухайлбал цагдаа нарын байрлаж байгаа майхны зарим нэг нь талаараа урагдсаныг оёж, нөхөх, бөхөлсөн нь харагдсан.