Ю.Кручкин: Оросын хэвлэл мэдээллийнхэн Монголын талаар ташаа ойлголттой байна
2016/06/16
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн 6 дугаар сарын 5-нд Монголд хийсэн ахархан хугацааны айлчлалтай холбогдуулан монгол судлалын салбартай шууд хамаагүй Оросын Дорно дахины судлаачид нэлээд дэлгэрэнгүй тойм тайлбар хийжээ.
Тодруулбал, доктор Алексей Маслов, доктор Сергей Лузянин болон сэтгүүлч Светлана Гомзикова нарын бичсэн зүйлүүдийг уншаад зарим талаар урам хугарлаа. Энэ бол Монголд чухам юу болж байгааг бүрэн хэмжээгээр таниулж чадахгүй байгаа цөөн тооны монгол судлаачдын буруу гэдгийг шуудхан хэлье.
Манай Оросын Дорно дахиныг судлаачид болон сэтгүүлчдийн өгсөн ярилцлага, бичсэн өгүүллүүд нь бодит баримтуудыг шууд гажуудуулсан, нэгэн хэв загварын дууриамал зүйлээр дүүрэн байлаа.
Тухайлбал, А.Маслов ярилцлага өгөхдөө “АНУ олон жилийн туршид Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг байсаар ирсэн, ЗХУ-ын барьсан олон үйлдвэрийг Хятад болон АНУ-тай хамтран ашиглаж байгаа” гэжээ.
Миний хувьд, Монголд 25 жил ажиллаж амьдрахдаа ийм үйлдвэрүүдийн тухай ямар нэгэн зүйл огт сонсоогүй ээ. Светлана Гомзикова-гийн бичсэн өгүүллийг Монголын хэвлэл мэдээллийнхэн тун шуурхай орчуулсан, гэхдээ зарим хэллэгийг нэлээд зөөлрүүлсэн байна лээ.
Өгүүлэлд дурдахдаа “Монголын нутаг дэвсгэрт Оросын дээд сургуулиудын хотхонууд байдаг. Монголын хүн амын бүхэл бүтэн үе орос хэлээр яг л эх хэлээрээ мэт ярьдаг. Тэдний хувьд орос хэл бол хоёрдахь хэл нь юм” гэжээ. Эхнийх нь ч тэр, дараагийнх нь ч тэр хоёулаа буруу ташаа байна.
Оросын их дээд сургуулиудын салбаруудаас Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн салбар л “арай чүү амьсгаатай” байгаа. Бусад сургуулиудын хувьд аль эрт хаалгаа барьсан.
Жишээ татвал, 2009 оны 5 дугаар сарын 13-нд Орос болон Монголын Ерөнхий сайдаар ажиллаж байсан В.Путин, С.Баяр нар Улаанбаатарын Төмөр замын дээд сургуулийн байрны хажууд Эрхүүгийн Зам харилцааны дээд сургуулийн салбарыг ёслол төгөлдөр нээж байсан.
Гэтэл тухайн оны тавдугаар сарын 14 гэхэд энэ салбар ул мөргүй алга болж, зөвхөн орос хэлний кабинет ажилладаг тухай яриа бий. Ийм худал үг яриа Остап Бендерийн хүртэл зүүдэнд орохгүй болов уу.
Хамгийн ихдээ гэхэд тус улсын хүн амын 3 хувь нь л орос хэлийг сайн мэддэг, түүнийг ажил амьдралдаа ашигладаг юм. Монгол хэлнээс орос руу орчуулга хийж чадах синхрон орчуулагч олно гэдэг нь бараг боломжгүй зүйл бөгөөд албан ёсны баримт бичгийг орчуулчих хүн олддоггүй.
2009 онд В.Путинийг дагалдан Монголд ирсэн Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник орчуулагч олж чадаагүй тохиолдол бий. Оросын талын санал болгосон үнээр Оросын хөдөө аж ахуйн техникийг худалдан авахаас Монголын тал татгалзаж байна гэдгийг тэрбээр шууд ойлгоогүй учраас зүгээр л инээгээд зогсч байлаа.
Сэтгүүлч С.Гомзиковагийн бичсэн өгүүлэлд “Орос улс тодорхой төслүүдийг Монголтой хамтран хэрэгжүүлэхээр түвшинд хүрсэн” гэж дурджээ. Гэтэл бидэнд эдгээр төслийн талаар сонссон дуулсан зүйл огт алга. Харин Зөвлөлтийн үед барьсан Эрдэнэт УБҮ, “Монголцветмет” хамтарсан үйлдвэр болон “Улаанбаатар төмөр зам”-ын талаар сайн мэднэ.
Удахгүй 23-24-ний өдрүүдэд Ташкентад болох ШХАБ-ын уулзалтын үеэр чухамхүү төмөр замын төслүүдийн талаар хэлэлцэх юм. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос, Монгол судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан В.Грайворонский-гийн ярьснаар, Америкийн компаниуд Хятадын хилээс холгүй орших зэсийн ордуудыг ашиглах тендерт маш идэвхтэй оролцож байжээ. Гэтэл бид энэ талаар огт сонсч дуулаагүй билээ.
АНУ-ын зүгээс Монголд бодитой зүйл юу хийж байна вэ гэвэл, энэ нь боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт юм. Улаанбаатарт англи хэлний сургалттай American school, International school гээд 10 гаруй дунд сургууль ажилладаг. Bloomberg болон Eagle гэсэн Америкийн хөрөнгө оруулалттай телевизийн сувгууд англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг.
Гэтэл орос хэлээр нэвтрүүлгээ цацдаг цорын ганц телевизийн суваг болох “Аист” зарлал мэтхэнийг түгээж, Хятадын ӨвөрМонголын богино хэмжээний нэвтрүүлгийг цацаж байх жишээтэй. Харин америкчуудын хувьд, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг мормонуудын нийгэмлэгийг нэгэнт бий болгоод байна.
Тэгэхээр миний хувьд Москвагийн Дорно дахины судлаачид болон сэтгүүлчидтэй санал нийлэх нэг л зүйл байна. Тэр нь юу вэ гэвэл, улстөр, эдийн засгийн талаар яриа хэлцээ хийх тал дээр АНУ-ыг бодвол Орос, Хятад хоёрт илүү боломж байгаа, харин Оросын хувьд хятадуудаас суралцах зүйл их байна гэсэн дүгнэлт юм.
Д.Жаргал
Эх сурвалж "Монцамэ" агентлаг