Олон нийтийг төр сонсдог нь үнэн болов уу. Хэрэв сонсдог бол нэг л зүйлийн тухай дуугаа нэгтгэн “дүнгэнэлдэж” буйг мэдэх үү. Энэ бол “Төрийн ордны өмнө буу дуугаргасан этгээдийн талаар яагаад чимээгүй болчихов.

Хэрэв хэн дуртай нь Төрийн ордны өмнө буу дуугаргаж болдог бол энэ улс орон яах вэ” гэдэг талаар юм. Банк, ломбард, шатахуун түгээх станц дээрэмдэхэд сүрдүүлэх зорилгоор буу дуугаргадаг байсан бол энэ удаад төв талбайд, Чингис хааны хөшөөний өмнө “гал нээлээ”. Тэсэрч дэлбэрэх бүрэн боломжтой гар бөмбөгүүд олдлоо. Энэ бүхэн ямар нэг хууль хүсээд байгаа юм биш үү. Өмнөх парламентын үед хавар, намрын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад харагддаг байсан Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн найруулах хуу­лийн төсөл батлагдахгүй байсаар сонгуультай зол­госон. Үүнд цагдаагийн байгууллагын “хууччуул”, энэ төрлийн бизнес эрхэлдэг байж болзошгүй нөхөд саад хийдэг байсан гэж УИХ-ын экс гишүүн ярьж байна.

Монгол Улсад Галт зэвсгийн тухай хууль анх 2001 оны дөрөвдүгээр сарын 26-нд батлагджээ. Нэг жилийн өмнөх байдлаар манай улсад 43 мянга 768 галт зэвсэг бүртгэлтэй гэсэн тоог мэдээлж байв. Гурван сая орчим хүн амтай улсын хувьд арай ихдэхгүй гэж үү. Харамсалтай нь энэ тоо жилээс жилд нэмэгдээд байгаа юм. Мөн одоо мөрдөж буй Галт зэвсгийн тухай хуульд “гажиг” их байна. Наанадаж галт зэвсэг эзэмших, ашиглах эрх хүсэж өргөдөл гаргаж буй иргэдэд тавих шаардлагаа өндөржүүлэх хэрэгтэй байгааг өнөөдөр хууль хэрэгжүүлж буй цагдаагийн албан хаагчид шүүмжилдэг. Тухайлбал, уг хуульд 18 нас хүрсэн иргэн галт зэвсэг эзэмших, ашиглах эрх хүсэх боломж нээлттэй байдаг аж. Гэтэл цэргийн алба хаасан эсвэл галт зэвсэгтай харьцах, хадгалах чадвар бүхий, ядаж 24 нас хүрсэн иргэнд уг эрхийг олгохоос заахгүй бол аюултай гэдэг нь хэнд ч тодорхой.
Манай улсад галт зэвсгийг спорт, ан агнуур, онцгой объектын харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах зөвшөөрөл өгдөг. Мөн хот суурин газарт галт зэвсэг хэрэглэхийг хориглодог бөгөөд ганцхан тохиолдолд зөвшөөрдөг нь золбин нохой, муур устгахад зөвшөөрдөг гэнэ. Гэтэл өнгөрсөн оны эхээр нохой, муур устгадаг газрын ажилтан галт зэвсгээ буруугаар ашиглан өөрийгөө буудан амиа алдсан тохиолдол гарсан байдаг. 
ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээр бол галт зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн хэрэг 2008 онд 71, 2009 онд 49, 2010 онд 27, 2011 онд 26 болж жилээс жилд буурсаар байгаа гэж байна. Гэхдээ л нийслэлийн хэмжээнд 10 мянга орчим гэж бүртгэгддэг галт зэвсгийн тоонд итгэхэд бэрх. Учир нь цагдаагийнханд бүртгүүлэхгүйгээр галт зэвсэг эзэмших эрх мэдэл, боломж бүхий хэсэг хүрээгээ тэлсээр байгаа гэж хардах үндэслэл хангалттай бий. Эдүгээ дундаж цалинтай, бараг л ядуу ангилалд ордог хэрнээ Монголын хамгийн баян хэсгийнхэнтэй эн тэнцүү амьдарч буй цагдаагийн хурандаа нарын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж үзвээс авлига, эсвэл зэвсгийн наймаа эрхлэлт байсан болов уу. Гэвч эдгээрт хамаарах хуулиудыг батлагдахаас өмнө тэд баялгийг хуримтлуулж амьдралын баталгаагаа хангачихсан болохоор тэдэнтэй “зууралдах” хүсэл хэнд ч байдаггүй бололтой. 
Дараагийн асуудал бол тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой хууль эрх зүйн актуудын тухай юм. Энэ оны нэгдүгээр сард Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн сураг дуулдаж эхэлсэн. Голдуу уул уурхайн зориулалтаар импортолж буй бодис, хэрэгслүүдтэй холбоотой бөгөөд мэргэжлийн байгууллагын хяналтыг сайжруулахад чиглэсэн нь харагдаж байна. Саяхан гарсан “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр тэргүүнтэнд холбогдох хэргийн тухайд л гэхэд Эрүүгийн хуулийн 177.1-д заасан зандалчлах буюу олон нийтэд аюул учруулах байдлаар заналхийлсэн, 91.2.13-т заасан нийтэд аюултай аргаар буюу хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдыг хөнөөхийг завдсан гэх хэргийг үүсгээд байгаа юм билээ. Харин тэдний хэрэглэсэн тэсрэх бөмбөг, галт зэвсэг ямар замаар орж ирснийг төдийлөн онцлоогүй, хуулийн зүйл заалт хэрэглэсэн байдал мэдэгдсэнгүй. Ямартай ч хууль бусаар орж ирээгүй, хураагдсан зэвсгүүд бүртгэлтэй байсан гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Албан ёсны зөвшөөрөлтэй “Их ав” дэлгүүрээс гадна хэчнээн байгууллага, хувь хүн галт зэвсэг худалддагийг цагдаагийн байгууллагын бүрэн хяналтад байдаг гэж итгэх нь хэтэрхий гэнэн хэрэг болох биз ээ. 
Иймд өмнөх парламентын үед батлагдаж чадаагүй Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодист тавих хяналтын тухай хуулийг энэ удаад “босго давуулах”, тэрхүү саад хийгээд байсан нөлөөллийн офицерүүдээс хараат бусаар УИХ уг хуулийг баталж чадна гэдэгт найдаж байна. Эс тэгвээс эдийн засаг хийгээд бусад асуудлаас түрүүлээд өөр арга замаар тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдаж мэдэх нөхцөл байдал хэдийнэ үүсчихээд байгаа юм биш үү. Үнэхээр гаднынхны “гар хөл”, зааварчилгаа оролцсон, эсвээс хувьдаа хөрөнгө завшихын төлөө халуун зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрч амьдралаа залгуулж буй дотоодын иргэн байгаа бол тэдэнд шинэчлэлийн Засгийн газар, өнөөдрийн парламент “эх оронч” мөн эсэхээ харуулж төрийн төмөр нүүрийг харуулах цаг нэгэнт болжээ. Ямартай ч бид аюулгүй байдлын хувьд тийм ч баталгаатай бус улс орон, нийслэлд амьдарч байгаа бололтой. Иймд иргэдээ хуулиараа хамгаалах ажлыг төр, эрх баригчдаас өөр хэн хийх билээ.


У.Оргилмаа