Эрх мэдэлтнүүд 93,7 тэрбум төгрөгийг хааш нь хийчихэв
2013/09/24
Саяхан УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан нарыг Баян-Өлгий аймагт ажиллах үед АИ-92 шатахуун нэг литр нь 2000 төгрөг хүрсэн байжээ. Тэгэхээр тус нутгийн иргэд шатахууны үнийг нийслэлчүүдээс 330 төгрөг илүү төлж байна гэсэн үг юм.
Харин зарим аймагт АИ-92 шатахуун тасалдаж эхэлсэн байна. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүдэл суудал хийх зэрэгт хүндрэлтэй байгаа тухай иргэд өгүүлж байгаа. Түүнчлэн орон нутгийн иргэд шатахууны үнэ тун удахгүй нэмэгдэнэ гэдэгт сэтгэлзүйгээ хэдийнэ бэлтгэсэн ажээ. Яг одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд АИ-92 шатахуун мөн л ховор байгаа. Тухайлбал, “Содмонгол” группын салбар түгээгүүрүүд болон бусад жижиг ШТС АИ-92 шатахуун түгээхээ болиод хэд хонов. Өнгөрсөн пүрэв гаригт нийслэлийн 11 дүгээр хороололд байрлах ШТС, Баянбүрдэд байрлах “Жаст ойл”, Тасганы овооны ойролцоо байрлах “Содмонгол”, “Синчи ойл”, “Жаст ойл” компанийн ШТС-д АИ-92 бензин тасалдсан удаатай. Мөн валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор нефть импортлогчид шатахууныхаа үнийг нэмэх хүсэлтээ Уул уурхайн яам болон Газрын тосны газар, ШӨХТГ-т удаа дараа илэрхийлсээр байгаа. Учир нь холбогдох байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад импортлогчид шатахууны үнийг дур мэдэн өсгөх боломж энэ удаад байхгүй. Энэ бүх саар үзүүлэлтээс харахад тун удахгүй Монголд “Модон хохимой” өдөр айлчлан ирэх нь тодорхой болжээ.
...Хэрэв Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” эрх мэдэлтнүүдийн хэлж байгаа шиг үр дүнгээ өгсөн бол бид өнөөдөр шар гэрлээ анивчуулаад ШТС бүрээс АИ- 92 хайгаад явж байхгүй байв. Орон нутгийн иргэд ч литр шатахууныг нийслэлийн хэрэглэгчээс даруй 300 гаруй төгрөгийн илүүгээр худалдан авч хэтэвчээ сэгсрэхгүй байх байлаа...
Тиймээс тун удахгүй манай улс гадаадын хөрөнгө оруулалт нам зогссон, төсвийн алдагдал их хэмжээгээр хүлээсэн, олон улсын тавцанд нэр хүнд нь шал мөргөсөн, дотооддоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон нефтийн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж яг л монгол зурхайн хэллэгээр гарзын үүд нь нээгдсэн айл болон хувирч мэдэхээр байна. Тэгээд ч шатахууны үнийн хэлбэлзэл иргэн бүрийн хэтэвчинд гэнэтийн шалгалт хийдэг зүй тогтол болон хувирсан гэдгийг монголчууд хангалттай мэдэх болоод удаж буй.
Уг нь Засгийн газраас “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг өнгөрөгч оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж, Монголбанкнаас 11 компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон билээ. Ингэснээр шатахууны нөөц хоёр дахин, тэр дундаа АИ- 92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн гэдэг тайлбарыг ч Уул уурхайн яамнаас өгч байсан юм. Тэр ч бүү хэл ОХУ- ын “Роснефть” компаниас шатахууныхаа хэрэглээний 90 хувийг бүрдүүлдэг байсан бол одоо БНСУ, Беларусь, БНХАУ-аас шатахуун нийлүүлснээр үнэ улам буурах боломжтой гэж Ерөнхий сайд хэлж байв. Үүнээс гадна энэ салбарт Оросын эрхшээлээс гарахын тулд “Монгол 93” шатахууныг дотоодын зах зээл дээр нэвтрүүлсэн. Гэвч монгол нефтиэс гарсан хятад шатахууны хувь заяа жилийн дотор мөн л уналтын байдалд шилжлээ. Уг нь “Монгол 93” шатахууны нээлтийн үеэр өгсөн мэдээлэлд сар бүр 10 мянган тонн буюу дотоодын найман өдрийн хэрэгцээг хангахуйц шатахуун БНХАУ- аас орж ирж байхаар болсон тухай дуулгасан. Түүнчлэн АИ-92 шатахууны сарын хэрэглээний 25 хувийг хангана гэсэн тооцоог ч Уул уурхайн яамнаас танилцуулсан билээ. Гэтэл эрх мэдэлтнүүдийн энэ яриа домог болон ард хоцорчээ.
Дэлхийн 269 орныг хамруулан хийсэн олон улсын судалгааг үзэхэд шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийг эзлэхэд л макро эдийн засагт эрсдэл дагуулдаг гэжээ. Гэтэл манай улсын шатахууны импорт дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлдэг. Тодруулбал, монголчууд сардаа дунджаар 60-70 мянган тонн шатахуун хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тэгэхээр эрх мэдэлтнүүдийн хэлж буйгаар шатахууны нөөц гурав дахин нэмэгдсэн гэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнгээр өнөөдөр манай улсад ойролцоогоор 200 мянган тонн АИ-92 шатахууны нөөц байгаа ажээ. Тийм байтал ШТС-ууд нь жолооч нарыг толгой сэгсрэн угтаж, хөдөө орон нутагт АИ-92 гэлтгүй АИ-80 шатахуун нүдний гэм болоод буй зэргээс харахад Засгийн газрын гишүүд өнөөг хүртэл ард иргэдээ хуурсаар байжээ. Одоо шатахууны үнийг тогтворжуулж, хэрэглээг таслахгүй гэж дур мэдэн татвар төлөгчдөөс авсан 94 орчим тэрбум төгрөг хаашаа орсон бэ гэдэг асуултыг араасаа дагуулж байна.
Хэрэв Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” эрх мэдэлтнүүдийн хэлж байгаа шиг үр дүнгээ өгсөн бол бид өнөөдөр шар гэрлээ анивчуулаад ШТС бүрээс АИ-92 хайгаад явж байхгүй байв. Орон нутгийн иргэд ч литр шатахууныг нийслэлийн хэрэглэгчээс даруй 300 гаруй төгрөгийн илүүгээр худалдан авч хэтэвчээ сэгсрэхгүй байх байлаа. Тэгэхээр Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгосон 11 компанидаа хариуцлага тооцохоос өөр аргагүй болж. Харин Засгийн газрын ажилд ард түмэн онош тавихын зэрэгцээ 93.7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан тайланг нь нэхэх цаг болсон байна.