Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна.

Тогтоолын төсөлд гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах зэрэг зарчмуудыг баримтлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тус тус төсөөлсөн байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхээргүй байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засгийн энэхүү хүндрэлээс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудын хүрэх хугацааг дахин сунгаж, шилжилтийн зохицуулалтыг дахин томьёолох шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас, 2020 оноос алдагдалгүй байхаар хуульчилсан юм. Дээрх зарчмуудыг тусган тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ.

 

Гадаад эдийн засгийн таагүй нөхцөл байдал, дотоод эдийн засгийн хүндрэл нь эдийн засгийн идэвхжилийг сулруулж, төсвийн орлогыг их хэмжээгээр бууруулах нөлөөллийг үзүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд төдийлөн өсөхөөргүй байдал ажиглагдаж байгаагаас богино болон дунд хугацаанд төсвийн орлого огцом нэмэгдэхээргүй байна. Сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбогдуулан зарлагын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага байна. Энэхүү эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудын хүрэх хугацааг дахин сунгаж, шилжилтийн зохицуулалтыг дахин томьёолох шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас, 2020 оноос алдагдалгүй байхаар хуульчиллаа. Дээрх зарчмуудыг тусган тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байна.

 

Төсвийн орлогыг төлөвлөхөд баримталсан зарчим Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж болон макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцож, боловсрууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэсийн тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 65 хувийг Ирээдүйн өв санд тус тус төвлөрүүлэхээр тооцлоо. Ирэх онд татварын орчинг тогтвортой байлгах бодлогыг баримтлан шинэ төрлийн татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй. Түүнчлэн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын бааз суурийг өргөжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын тогтвортой орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. “Оюу толгой” төслийн далд уурхай, “Таван толгой цахилгаан станц”, “ДЦС-3 өргөтгөл”, “Таван толгой”, “Гацуурт” зэрэг зарим томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр тооцлоо. Эдийн засгийг эрчимжүүлэх татварын бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг дотоодод бий болж байгаа түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж, төлөх ёстой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь хүртэл бууруулах бодлогын арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр тусгалаа. Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох бодлогыг ирэх жил үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд УИХ-аас шинэчлэн баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн худалдан авалтын баримтаар сугалаа зохион байгуулах ажлыг үргэлжлүүлж, улмаар энэ онд төлсөн татварын 20 хувийг нь буцаан олгох замаар бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг бүртгэн татварын бааз суурийг тэлж, бүртгэлийн тогтолцоог сайжруулахаар тооцлоо. Татварын орлогын нэр төрөл тус бүрээр мэдрэмжийн шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж, төсвийн орлогын тооцоололд ашиглалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тооцлоо. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлогыг баримтлан ажилласнаар төрийн өмчийн компаниудын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэхээр тооцжээ.

 

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн зарлагын төслийг боловсруулахад төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн алдагдлыг зорилтот түвшинд хүргэх зорилгоор нийт зарлагыг бууруулах, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах чиглэл баримталлаа. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөгт хүрч 2016 оны тодотголоор батлагдсан түвшинтэй харьцуулбал 1,130.4 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2017 онд 32.7 хувьд буюу 2014 оны гүйцэтгэлийн түвшинд хүрэхээр байна. Уг үзүүлэлт 2011 онд ДНБ-ий 46.1 хувьтай буюу хамгийн өндөр түвшинд хүрч байсан бол 2015 он хүртэл хугацаанд буурч, 2016 онд дахин 40.1 хувьд хүрч огцом нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төсвийн зардлыг ихээр нэмэгдүүлэх хандлагатай холбоотой байна. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2016 оны тодотголтой харьцуулахад -1,130.4 тэрбум төгрөгөөр буурахад хөрөнгийн зардал -855.8 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл -495.0 тэрбум төгрөгөөр, бараа, үйлчилгээний зардал -123.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч, зээлийн хүүгийн зардал 306.2 тэрбум төгрөгөөр, татаас шилжүүлгийн зардал 37.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагыг 2016 оны тодотголтой харьцуулбал улсын төсвөөс санхүүжих нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ -1,130.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь бараа, үйлчилгээний зардал -147.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал - 809.8 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл -639.1 тэрбум төгрөгөөр буюу нийт - 1,596.5 тэрбум төгрөгөөр буурсан бол зээлийн хүүгийн зардал 306.2 тэрбум төгрөгөөр, татаас ба урсгал шилжүүлэг 37.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна. Харин гадаад зээл болон тусламжийн эх үүсвэрээс хэрэгжих төслийн нэгжүүдийн урсгал зардал, хөрөнгө оруулалт, дамжуулан зээлийн зардал өмнөх оны тодотголоор батлагдсан түвшинтэй харьцуулбал 122.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 857.7 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны урсгал зардлыг нийт 6,937.3 тэрбум төгрөгөөр тооцсон талаар төсвийн төсөлд тусгажээ.