Тухайн өрхийн амьжиргааны түвшинг халамжийн байгууллагаас тогтоосон
2016/10/07
Хүний хөгжил сангаас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог байсныг эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг шалтгаанаар өнгөрсөн долдугаар сараас түр зогсоосон.
Тэгвэл саяхан энэ мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгасан. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь энэ мөнгө олгогдоно гэсэн үг. Гэтэл өнөөдөр өрхийн амьжиргааны түвшингээ 1-10 бүлэгт хамааруулах гэсэн олон иргэд харьяа хорооныхоо хөдөлмөр, халамжийн халамжийн хэлтэс хандаж байгаа аж.
Өрхийн амьжиргааны түвшинг дүүрэг, хорооноос тогтоодоггүй
Энэ талаар иргэдэд дэлгэрэнүй мэдээлэл хүргэх үүднээс Сүхбаатар дүүргийн V хорооны Засаг дарга С.Бат-Өлзийгөөс дараахь тодруулгыг авлаа.
-Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг гаргахад хороо ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Хорооны зүгээс ямар нэгэн оролцоогүйгээр энэ судалгаа хийгдсэн. Өөрөөр хэлбэл, халамжийн байгууллагаас гэрээт ажилтан, тоологч нар гарган айлуудаар явуулж, тусгай асуулгаар энэ судалгааг авсан. Түүнээс тухайн айл аль бүлэгт хамаарахыг хороо тодорхойлдоггүй. Тэгэхээр тухайн өрхийн амьжиргааны түвшинг халамжийн байгууллагаас тогтоосон гэсэн үг.
-Саяхан Засгийн газраас хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин 1-10 бүлэгт хамаарах айлын хүүхдүүдэд олгох шийд гарсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөнөөс хасагдсан олон иргэд холбогдох газарт хандахад “Хорооноос ирсэн нэрсийн дагуу энэ мөнгийг олгож байгаа” гэсэн мэдээлэл өгсөн байна?
-Иргэд буруу ойлгосон байж магадгүй. Дүүрэг, хороо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоогүй учраас нэрийг явуулна гэсэн ойлголт байхгүй. Харин халамжийн мэргэжилтэн хороон дээр сууж ажилладаг болохоор иргэд тухайн хороо амьжиргааг нь тогтоочихлоо гэж ойлгосон байж болох юм.
Тухайн хороон дээр ажилладаг халамжийн мэргэжилтэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг буюу дүүрэг, хорооноос тусдаа статустай гэсэн үг. Хэрэв иргэдэд ийм асуудал тохиолдвол дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй.
Зочин · 2016/10/07
za zailaa. 60 huvid n olgoj bgaa bol manai huuhed yahaaraa hasagddiin. mongolchuud tiim yaduu bolchoogui bailtai.
Зочин · 2016/10/07
okay