Сэжигтэнг батлан даалтад гаргахдаа шүүгчид мэдрэмжтэй хандах шаардлагатай
2016/10/11
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд өгдөг. Шүүх энэ саналыг хүлээж авах эсэхийг шийддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг хорих ангид саатуулах эсэхийг шүүхээс шийддэг. Ингэхдээ хүн алж, хүрээ талчихаагүй л бол хүний эрхийг дээдлэн гадуур байцаах нь зүйтэй гэсэн практик байдаг.
Өөрөөр хэлбэл хүнд гэмт хэрэгт сэжиглэгдээгүй л бол гадуур шалгадаг. Тэгвэл зарим тохиолдолд шүүхээс энэ асуудалд “мэдрэмжтэй” хандах шаардлага тулгарч байна. Эс бөгөөс хүний эрх, эрх чөлөө гэж ярьж батлан даалтаар шалгагдаж байгаа этгээдүүд гэмт хэрэг хийсээр байна. Ялангуяа малын хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг шүүхээс батлан даалтад гаргасны улмаас дахин малын хулгай хийх тохиолдол гардаг. Тодруулбал орон нутагт малын хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн 70-80 хувь нь дахин энэ төрлийн хэрэг хийдэг байна. Үүний улмаас малчид, ард иргэд хохирдог.
Шүүхээс батлан даалтад гарсан этгээд дахин гэмт хэрэгт холбогдож бусдын эрхэнд халдсан сүүлийн жишээ гэхэд уржигдар болсон гэмт хэрэг. Тодруулбал, ял эдэлж байгаад өршөөлийн хуулиар суллагдсан иргэн А нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа Б гэгчтэй хамтран дээрмийн хэрэг хийсэн. Ингэхдээ зэвсэглэн 10 гаруй орчим хүнийг гэмтээсэн. Б гэгчийг шүүхээс батлан даалтад гаргасан бөгөөд тухайн этгээд бусад хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдол гарлаа. Б нь хар тамхины хэргээр шалгагдаж байсан этгээд юм. Хэрвээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл зөвхөн хар тамхины хэргээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноох юм.
Б-ийн А гэгчтэй хамтран үйлдсэн хэргийнх нь төлөө түүнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар эргүүгийн хэрэг үүсгээд байгаа. Эрүүгийн хуулийн 147 нь Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэсэн зүйл байдаг бөгөөд 147.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ. Хэрвээ шүүхээс энэ Б гэгчийг хар тамхины хэргээр саатуулсан бол дээрмийн хэрэг гарч нийгмийг цочирдуулахгүй байсан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-р зүйлд ямар үндэслэлээр хүнийг цагдан хорьж болох талаар заасан байдаг. 68 дугаар зүйл. Цагдан хорих
68.1.Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.
68.2.Дараах нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:
68.2.1. өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
68.2.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;
68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн.
68.3.Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.
68.4.Энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих бол прокурор тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө шүүхэд хүргүүлсэн байна.
68.5. Шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ.
68.6. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байвал шүүх уг арга хэмжээг хэрэглэж болно.
68.7. Цагдан хорих шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан хугацааны дотор цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчийн аль нэгэнд мэдэгдэнэ.
68.8. Энэ хуулийн 68.2-т заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлгийн байгууллагын хяналтан дор цагдан хорьж болно.
68.9. Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.
68.10.Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд хэрэв шүүх шилжүүлэн хорих саналыг хүлээн авсан бол энэ тухай сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэнэ гэж заасан байдаг.
Хуульд ингэж заасан байхад шүүгчид хорих үндэслэл байхгүй гэсэн үндэслэлээр сэжигтэн этгээдүүд цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргадаг. Ядаж малын хулгайч, хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийг бариад хорьж нийгэмд гарч болзошгүй гэмт хэргээс сэрэмжлүүлж мэдрэмжтэй хандаж иргэдийн тайван байдлыг хангахад хувь нэмрээ оруулах шаардлагатайг сэрэмжлүүлж байна.