ОХУ-д очдог Хятад жуулчид ба Монголд ирдэг Хятад жуулчид

Хятад Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах асуудлыг хоёр яамны түвшинд боловсруулж, УИХ-аар яаралтай оруулан батлуулах гэж улайрч байна. Энэ асуудлыг олны анхаарал сарнисан Цагаан сарын өмнө УИХ-аар оруулсан болоод баталж магадгүй юм.

Хэрвээ амжихгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэхээр зориод байгаа юм байна. Дээрээс ч тийм үүрэг даалгавар өгсөн юм байх. Х.Оюунхорол сайдтай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Ц.Мөнх-Оргил сайдтай Гадаад харилцааны яам хэний хүслээр Хятадуудыг визгүй зорчуулах асуудлыг цэгцлэхээр зүтгээд байгаа нь сонин.

Хятадын дарга Си Жиньпиний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нөлөөлж, Хятадуудыг Монгол Улсад олноороо орж ажил хийх нөхцлийг нь бүрдүүлж өгвөл гурван орны эдийн засгийн коридорын асуудал дахь Монгол Улсын байр суурийг харж үзэж болох юм гэх зүйл ярьсныг олон улсын шинжээчид онцолсон. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийн зүгээс “Хөх үнэмлэх” гэгчийг санаачилж сонгуулийн өмнө УИХ-аар оруулан батлуулах гэсэн боловч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч санаснаа гүйцэлдүүлж чадаагүй. Өдгөө “Хөх үнэмлэх”-ний цаана хэн байсныг олон нийт мартжээ. Мартуулах ажлыг ч давгүй хийсэн байна. Ухаандаа бол “Хөх үнэмлэх” гэгч зүйлээр хятадуудыг Монгол Улсад вагон вагоноор нь оруулж ирэх гэж байсан юм.

Тэгвэл энэ санаархал нүүрээ угаагаад, хувцсаа солиод ороод ирсэн нь Хятад Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах асуудал юм. Хамгийн хөгийн нь, энэ асуудлыг эрх баригч МАН-аас цөөнгүй хүмүүс дэмжиж, бусдыгаа лоббидохоор оролдож байна. Учир мэдэх зарим хүмүүсийн ярьснаар, Ц.Элбэгдорж, М.Энхболдын нарын тохироо ч гэх.

Ямартаа ч, Монгол Улс Далай Ламын айлчлалтай холбоотойгоор Хятадтай муудсан харилцаагаа сэргээх, Бээжингийн эрх баригчдаас 4 тэрбум ам.долларын зээл авч түүгээрээ бондын хүү төлбөрөө төлөхийн тулд буулт хийж байгаа нь энэ юм. Нөгөө талаас яамдын зүгээс Хятадуудыг Монгол Улсад нэг сар буюу 30 хоногийн хугацаатай визгүй зорчуулах болохоос урт хугацаагаар визгүй зорчуулахгүй хэмээн тайлбарлаж байгаа. Мөн аялал жуулчлалаар ирж буй Хятадуудад дээрх визийг олгоно хэмээн мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч Хятадууд манай оронд 30 хоногийн хугацаатай орж ирээд аялах бус ажил хийж, харлах нь газар авна гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Үүнээс өмнө виз чанга байхад хятадууд Монгол Улсад олноороо орж ирдэг, визний хугацаагаа хэтрүүлдэг, хууль бус аргаар визээ сунгуулдаг явдал хэтэрхий задгай байсан. Тэгээд ч Монгол Улсад Хятад Улсын иргэд аялал жуулчлал гэхээсээ илүү ажил хийхээр л ирдэг. Яг л Монголчууд Солонгост аялалын шугамаар очоод ажил хийдэгтэй адил. Тэгтэл визний нөхцлийг хөнгөвчилж, хятадуудыг бүр ихээрээ орж ирэхийг дэмжих нь үндэсний аюулгүй байдалд маш том аюул заналхийлж байна. Тэгээд ч манайх шиг зүүн өмнө зүгийн алс бүс нутгуудаасаа эхлээд хятаджиж бас дээрээс нь цөлжиж байгаа оронд энэ шиг илүү зан хэрэггүй.

ОХУ-д ч байдал яг адилхан. Тус улс хятадуудыг нэг сар визгүй зорчуулдаг болсон. Үр дүнд нь ОХУ-ын алс дорнод нутгууд хятаджаад ирлээ. Орон нутгийн блогуудад бичсэнээр, тэнд очсон хятадууд ногоо тарьж, ажилсаг байдлаараа орос эрчүүдээс илүү үнэлэгдэх болж. Тиймдээ ч ажилгүй, архичин орос эрчүүдээс залхсан хүүхнүүд Хятад эрчүүдтэй олноороо суух болсон байна. Гэхдээ эцэс сүүлд нь, Хятадтай суусан Орос эмэгтэйчүүдийн ихэнх нь харамсч байгаа тухай мэдээлэл цөөнгүй байдаг юм.

Нинж