Стэнд бай хөтөлбөрт хамрагдсан ч ипотек хэвийн үргэлжилнэ
2017/02/21
Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай /ОУВС/ 6 сар хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн татвар нэмж, бесээ чангалах “горимд” шилжиж байгаа. Гэхдээ бүхнийг хасна танана, болиулна гэсэн бодлого яригдаагүй аж. Тухайлбал ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэхээр болсон байна.
Энэ талаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: “Ипотекийн хөтөлбөрөөс бусад төсөвтэй адилавтар зардлын арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байх чиглэлээр ОУВС-тай тохирсон.” Гэж мэдээсэн. Энэ нь импотекийн хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Ипотекийн санхүүжилтийн тухайд, ипотекийн санхүүжилт нь Монголчуудын амьдралд чухал ач холбогдолтой, эдийн засаг – нийгмийн ач холбогдолтой хөтөлбөр учраас цаашид үргэлжилж явагдана. ОУВС-гийн зүгээс үүнийг төсвийн шинжтэй хөтөлбөр учраас цаашид Засгийн газар энэхүү хөтөлбөрийг шилжүүлэн авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Энэ зөвлөмжийн дагуу 2018 оноос энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэн өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг Монголбанк баримталж байна. Цаашид хэрхэн зөв, хүртээмжтэй үргэлжлүүлэх тал дээр зөвхөн энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийн асуудлаар Дэлхийн банкнаас техник туслалцаа авч байгаа. Цаашдаа Дэлхийн банкны дэмжлэг туслалцаатайгаар зөв, зохистойгоор үргэлжлүүлэх нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2017 онд үргэлжилнэ, өмнө ипотекийн хөтөлбөрт нийтдээ 4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкнаас олгосон. Миний өмнө дурьдсаны дагуу Монголбанкнаас 8 их наяд төгрөгийг хөтөлбөрүүдэд санхүүжүүлсний 50 орчим хувь нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан гаргасан. Энэхүү ипотекийг санхүүжүүлэхэд гаргасан 4 их наяд төгрөгийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр тодорхой хэмжээний эх үүсвэр буцаж орж ирдэг. Бид энэхүү эргэн төлөлт болон хүүгийн төлбөрөөр хөтөлбөрийг дахин санхүүжүүлж байгаа. ОУВС хүүгийн төлбөрийг улсын төсөвт тусгах гэсэн зөвлөмж өгч байгаа учраас Чойжилсүрэн сайдын хэлсний дагуу 2017 оны төсвийн тодотголоор 111. тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгах тооцоололтой байгаа. Цаашдаа Ипотекийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх хэсгийг Монголбанкнаас эх үүсвэр гаргах замаар үргэжлүүлэх болно” гэж тайлбарласан.
Монголбанкнаас Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 11 өдрийн өмнө арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн найман хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм байна.
Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк нь зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлээд байгаа аж.
Тиймээс иргэд орон сууцтай болох боломж нээлттэй хэвээр үлдэж байгаа гэсэн үг юм.