Хөдөө хээр явахдаа машинаасаа буугаад  бие засчхаад ирэхэд хэчнээн даардаг билээ. Төсөөлөгдөж байгаа хүйтэнд  7-13 настай хүүхдүүд -20 хүртэлх хэмийн хүйтэнд 30-40 км/цагийн хурдтайгаар морь унаж байна.  Гар хөл хацар нь хөлдөж байна. Хэрвээ жоохон л сэрэмж алдах юм бол мориноос унаж гэмтэх, амь насаа алдах эрсдэлтэй.  

Ийм байхад Засгийн газраас энэхүү харгислалыг дэмжиж шийдвэр гаргасан байх юм.  Тодруулбал “Дүнжингарав” хурдан морины төвийн бүсийн уралдаан ирэх гуравдугаар сарын 5 буюу XVII жарны тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн долоонд Хүйн долоон худагт зохион байгуулагдахаар болсон.  Энэхүү шийдвэрийг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэж, Засгийн газарт өргөн барьснаар батлагдсан байна.

Хахир өвлийн хүйтэн, хаврын хавсаргатай үед хүүхдээр хурдан морь унуулдаг улс манайх. Үүнийг дэмжигчид өөрсдийнхөө үр хүүхдийг дулаан гэртээ байлгадаг.  Харин уяачид нь өөрсдөө  ангийн үстэй хувцас өмсөж зовлонг нь мэдэрдэггүй.  Үүнийг өвлийн уралдаанд айраг түрүү авсан зургуудаас харж болно. Морь унаач хүүхдүүд нь дэрчийтлээ даарчихсан, уяач нэртэй “хөвсгөр” эрхмүүд нь халууцсан шинжтэй зогсож байгаа харгис зураг харагдах болно.  

Хурдан морины уралдааны үеэр хүүхэд хохирч байсан тоо баримтуудаас дурдвал, 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаснаас 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болж байв. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтэж, 25 хүүхэд хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байжээ.  Үүнээс гадна аймаг, сумдын уралдаанд оролцсон хүүхдүүд бэртдэг. Тэдэнд хэдэн цаас  өгсөн болоод хэргийг нь дардаг.

 

Тиймээс  үнэхээр уралдуулж баясах гээд байгаа бол уяачид нь өөрсдийнхөө хүүхдүүдийг унуул.  Засгийн газрын гишүүд ч гэсэн хаврын хавсаргатай өдрүүдэд ийм харгис шийдвэр гаргасныхаа төлөө өөрсдийнхөө хүүхдүүдийг унуул. Үгүй бол битгий бусдын хүүхдийн ирээдүйгээр дэнчин тавьж зугаац.