Дэлхий дахиныг байлдан дагуулж явсан Монголчууд тэртээх 13-р зууны үед үүрэг хариуцлагаа ухамсарлан, хууль ёсыг дээдлэн, зарлиг цаазыг дор бүрнээ сахин биелүүлдэг байжээ.

Их эзэн Чингис хаан буруутныг гэсгээх, үүрэг хариуцлагаа алдсаныг цээрлүүлэхийг ёсчлон хэрэгжүүлдэг байсан нь түүний амжилтын нэгэн нууц гэлтэй. Тэр цагт гэм буруутан хууль ёсны дагуу цээрлэл хүлээдэг байсан бол өнөө цагт "дээдлэн хүндлэгддэг" болжээ.

Ингэж хэлэхийн учир нь 2008 оны 7 сарын 1-ний өдөр гэм зэмгүй таван хүн амиа алдахад хүргэсэн албан тушаалтнууд өнөөдөр төрийн өндөр албанд томилогдсоор байна. Тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр өдгөө Их Британид элчин сайдаар томилогдсон бол Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүнээр сонгогдон, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байна. Тагнуулын дарга байсан Р.Болд Туркт суух элчин сайдаар томилогдсон. Тэд 7 сарын 1-ний эрдэнэт хүний амь нас хохирсон үйл явдалтай их бага хэмжээгээр холбоотой  албан тушаалтнууд юм.

Гэтэл одоо бүр  байчихаад 7 сарын 1-ний хэргээр шалтгаалан шүүхээс ял сонссон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдыг гадаад улсад суух элчин консулаар томилохоор яригдаад эхэлжээ. Түүнийг ингэж албан тушаалд томилох болсон шалтгааныг 7 сарын 1-ний үйл явдлын дараа тухайн үеийн дарга нарын өмнөөс хариуцлага хүлээн шоронд суусныхаа “өр төлбөр”-өө авч байгаа үйлдэл гэж хардах хүмүүс байна.

Ямартай ч  Ч.Амарболд генерал албан тушаалд горилон МАН-ын дарга  нарыг чилээж байгаа сурагтай. Ч.Амарболд генералын хувьд төрийн албанд ажиллаж байхдаа хариуцлага алдсан нь үнэн, түүнийг Цагдаагийн байгууллагыг удирдаж байхад буюу 2018 оны 7 сарын 1-нд таван залуу  цагдаагийн бууны суманд өртөж буудуулан нас барсан нь үнэн, үймээн самууны үеэр олон арван хүн гэмтэж бэртсэн нь үнэн, эцэст нь  энэ хэргийн улмаас Ч.Амарболд гэдэг хүн гэм буруутайд тооцогдон шоронд ял эдэлсэн нь маргашгүй  үнэн.

Гэтэл ийм улс төрийн  "гэмт буруутай этгээд" гадаад улсад эх орноо төлөөлөх дипломатч болдог жишиг манайхаас өөр улсад байхгүй бизээ. Дипломат алба бол өндөр ёс зүйтэй,  нэр цэвэр, олон улсын харилцаа, хууль эрх зүй, гадаад хэлний өндөр мэдлэг туршлагатай мэргэжлийн хүмүүс ажилладаг онцгой салбар. Гэтэл өнөөдөр дипломат албыг ялсан нам албан тушаалын бялуу болгон хувааж, улс төрийн хувьд тэтгэвэрт гарч буй, эсвэл намын дарга нарын өмнөөс хариуцлага хүлээж явсан этгээдүүдийг  "дэвшүүлэн зайлуулах" зарчимаар томилдог байдал хэрээс хэтэрлээ.

2016 оны сонгуулиар иргэд МАН-д итгэл үзүүлэн төрийн эрх барих боломжийг олгосон. Гэвч эрх баригчид  “овт шар” С.Баярыг Лондонд элчин сайдаар томилсон нь иргэдийн зэвүүцэл дургүйцлийг өдөөж, томилсон нам, дарга нарынхаа чихийг халууцуулахаар тогтохгүй гадаад улсад Монгол улсын нэр хүндийг шавартай хутгаж, Британи улсад "байх суух газаргүй" болоод эх орондоо буцан ирж байгаа тухай мэдээл гарах боллоо. Лондонд болж буй түүнийг эсэргүүцсэн, элчин сайдаас нь эргүүлэн татуулах жагсаал хөдөлгөөн улам бүр газар авах шинжтэй болжээ. АНУ-д нуусан С.Баярын үл хөдлөх хөрөнгүүд шинэхэн эхнэр Э.Сувдынх нь нэр дээр бүртгэлтэй байсан нь ил болж, тэрээр нүүр хийх, бултах газаргүй болсон байна.

Тэгвэл энэ дуулиан намжаагүй байхад дараагийн ээлжинд элчингээр томилох хүмүүсийн жагсаалтанд гэмт хэрэгт холбогдон ял эдлэж байсан генерал Ч.Амарболдын нэр багтаж байгаа гэнэ.  Хэрвээ түүнийг үнэхээр гадаад улсад элчин консулаар томилбол гуравхан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн хувьд ихээхэн халтай хэрэг болох нь тодорхой. Сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн  үүнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.

Зарим эх сурвалжийн өгүүлж байгаачлан МАН дотор эрх мэдлийн тэмцэл дүрэлзэж байгаа, одоохондоо далд хэлбэртэй байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэсэрнэ гэдэг нь үнэний ортой гэдгийг дээрх нөхцөл байдал харуулаад байх шиг.

Дээр нь өдгөө нам дотроо эрх мэдэлд хүрч чадаагүй байгаа Сү.Батболд, У.Хүрэлсүхийн фракциуд тохиромжтой цагийг хүлээн дотоод бэлтгэлээ базааж буй бололтой. Офшор данстай  хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн МАН-ын даргын үг нам доторх өрсөлдөгч нарыгаа дарж авна, нар өөд үзүүлэхгүй гэсэн утгаар сонсогдож байгаа. Энэ үг Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын  фракцийн нөхдүүдэд ч хамааралтай.

Ийм учраас ГХЯ-ыг авсан Сү.Батболдын фракцийн Ц.Мөнх-Оргил өөрийн фракцид хамаарах улстөрч, тэдний үед хүчний байгууллагыг удирдаж байсан ард олны дунд нэр хүндгүй болсон, ял эдэлж байсан этгээдүүдийг гадаадад элчин сайд, консулаар томилох замаар намынхаа нэр хүндийг золиослон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ /хэн гэдэг нь бараг л тодорхой/ унагаж, эрх мэдэлд хүрэх зорилгоор хумсаа нуусан муур шиг аяглаж байгааг МАН дотор  анзаарч мэдэж байгаа хүн байна уу.

Иймд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Т.Эрдэнэбат тэргүүтэй нөхдүүд нам доторх өрсөлдөгч нарынхаа энэхүү атгаг санааг мэдэрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын нэр хүндэд халтай, олон түмний дургүйцлийг төрүүлэх аливаа шийдвэр гаргахгүй байж, нөгөө талаар Санжийн Баярыг эргүүлэн татах асуудлыг сөхөх, Ч.Амарболдыг мэтийн нэр хүндгүй хүмүүсийг гадаад улс оронд элчин, консулаар томилохгүй байх нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн ялалтанд шууд оноо болж очих боломжтойг санах нь зүйтэй. 

www.ulstor.mn