2017 оны хоёрдугаар сарын 19. Төрийн ордон. Энэ өдөр уг нь бүтэн сайн буюу ням гаригийн амралтын өдөр байлаа. Гэсэн ч ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийг эцэслэсэн талаар хоёр талынхан байлцаж хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэнд мэдэгдэл хийлээ. Хэлэлцээр албан ёсоор дуусч, ОУВС-гийн EXTENDED FUND FACILITY хөтөлбөрт хамрагдаж, 440 сая ам.долларын зээл авахаар боллоо. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сард хуралдаж хөтөлбөрийг албан ёсоор батална гэж мэдээлсэн юм. “...Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд 6-7 татварыг нэмэхээс өөр аргагүй. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 40 хувьд л олгох боломжтой” гэж Сангийн сайд учирлаж байлаа.
 
2017 оны дөрөвдүгээр сарын 14. УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай уялдуулан хийсэн уг тодотголд Оюутолгой, Тамсагийн орлогыг Монголбанкаар дамжуулахаар тусгав. Энэхүү заалтыг “Рио Тинто” эсэргүүцэж ОУВС-д гомдол гаргажээ.
 
2017 оны дөрөвдүгээр сарын 28. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Вашингтонд хуралдав. Тэндээс Монгол Улсыг төсвийн тодотголдоо оруулсан хөрөнгө оруулагчдын эсрэг заалтаа “эргэж” харахыг хүсээд EXTENDED FUND FACILITY хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэхийг шийдэлгүй орхисон байна.
 
2017 оны тавдугаар сарын 1. Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан авсан арга хэмжээ болох автомашин, тамхи, хадгалам­жийн хүүний татвар энэ өдрөөс нэмэгдлээ.
 
Өнгөрсөн хэдэн сард ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой өрнөсөн гол үйл явдлууд энэ. Өнөөдөр энэ хөтөлбөр хэрэгжих эсэх нь нэн тодорхойгүй. Бараг л даший шог болж байгаа тухай энд тэндгүй ярьж байна. Бодит байдал ч тийм болсон бололтой юм. Харин өчигдрөөс зарим татвар нэмэгдэж, монголчууд ачааллыг нь албан ёсоор үүрч эхэллээ.
 
Ерөөс, энэ нэг л биш болчихлоо. Товчхондоо, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН засгийн эрх авсан. Аваад л улс орны эдийн засаг шавар намагт хутгалдсаныг ард түмэнд ойлгуулж эхэлсэн. Удалгүй ОУВС-гийн хөтөлбөрийг ярьж эхэлсэн. Явсаар хөтөлбөрт хамрагдахаар болсон. Эцэст нь хөтөлбөрт хамрагдахгүй болж, долоон төрлийн татвар нэмэгдээд үлдэхээр болж байх шиг байна.
 
Ер нь бол энэ удаагийн төс­вийн тодотголд “Рио Тинто”-гийн гомдол гаргаад байгаа заалтыг заавал оруулах шаардлага байхгүй. Үүнийг манай улстөрчид,  эрх баригчид мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Харин ингэж оруулсан нь санаандгүй биш бөгөөд ОУВС-гийн хөтөл­бөрөөс “зугтаж” байгаа арга байж болохыг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна.
 
Учир нь манай эрх бариг­чид анхнаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамраг­дах “хүсэл”-гүй байсан. Тэгээд ч өнгөр­сөн оны сүүлчээс эхлэн Мон­голын ганц амин зуулга болох зэс, нүүрсний үнэ дэл­хийн зах зээл дээр өссөн. Ийм байтал манай дарга нар “...Амь авар” гээд ОУВС руу хандана гэдэг үнэм­шил муутай асуудал юм. Айлаас эрэхээр авд­раа уудал гэдэг. Харин ч манайхны хувьд “авдраа” ухахыг бол ёстой үзүүлж өг­дөг улс. Мөн дээрээс нь манай улсад хоёр дахь, гурав дахь хөршүүдээс сая саяар нь ам.долларын зээл ол­гохоор болсон тухай хэд хэдэн баяртай мэдээг бид сонссон.
 
Ингээд бодохоор ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэг­жүүлэх шаардлага ма­найд байгаагүй юм байна гэж дүгнэж бо­лохоор байгаа юм. Гэтэл “...Үүнийг л хэрэг­жүү­лэхгүй бол Монгол Улс сөнөлөө. Хэрэг­жүүлэхийн тулд хэдэн татвар нэмэх боллоо” гэсээр нэмсэн нь харин хачирхалтай, асуулт нэхээд хоцорч байна. Хаа байна, тэр ОУВС-гийн хөтөлбөр. Хамгийн сүүлд Монголын ард түмний нуруунд до­лоон төрлийн татварын нэмэгдэл үүрүүлж, энэ дан­хар төрийг тэжээх үүр­гийг хүлээлгэж байна.
 
Захчин ардын нэг дуу бий. Монгол хүн бүр мэднэ дээ.
 
 ...Улаан бууртай тэмээгээ хариулна гэсэн чинь яалаа даа
 
    Ухаа хүрмэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа
 
гэсэн айхтар үгтэй. Ам асуусан утгатай л даа. Түүн лүгээ “...Татвар нэмэ­хээр та нар жаргана гэсэн яасан бэ” гэж эрх баригч­даас асуух хэрэгтэй боллоо.
 
Б.Дамдин-Очир