Нүглийн нүдийг гурилаар хуурсан Зөрчлийн хуулийг баталлаа
2017/05/12
Сонинууд эхний нүүрээ харлуулж, сайтууд хэдэн цагаар нүүр хуудсаа хааж, телевизүүд “Таны мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээн дэлгэцээ харлуулж байсан цаг саяхан. Энэ бол Зөрчлийн хуулийн нэг заалтыг эсэргүүцэж байсан акц юм. Тодруулбал уншигч та хардах эрхээ эдэлснийхээ төлөө 10 000 0000 -100 000 000 сая төгрөгөөр торгуулах байв. Харин энэ акцын дүнд Б.Гарамжав гишүүн нулимс цэлэлзүүлэн байж саналаа татаж байв. Уйлж, дуулж, эсэргүүцэл тэмцэл дагуулсан Зөрчлийн хууль өчигдөр батлагдав. Батлах батлахдаа үнэхээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг үлгэрийг бодитоор нь харуулав.
Тодруулбал, чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тус байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан гэх. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн аж. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.
Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж байхад УИХ-ын дарга М.Энхболд аргаа барахдаа "За за манай бүлэг завсарлага авах уу” гэсэн үгийг хэлж суугаа харагдсан. Учир нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулах үеэр гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан байснаас үүдэн ийнхүү УИХ-ын дарга намын бүлэгт завсарлага өгөхийг хүссэн юм. Гэвч ажлын хэсэг болоод намын бүлгийнхний зүгээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг шуудруулж, батлуулах хүсэлтэй байсан юм. Учир нь энэ хуулийн төсөл ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх заалттай юм. Тодруулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан даруйдаа парламент ээлжит бус чуулган хуралдуулсан. Ээлжит бусаар хуралдахдаа хамгийн түрүүн өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан хуулиудыг буцаасан. Ингэхдээ эдгээр хуулиудыг энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр төсөл санаачлагчид нь буцаасан. Буцаагдсан дөрвөн хуулийн нэг бол Зөрчлийн тухай хууль юм. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийг УИХ-ын ажлын хэсэг орвонгоор нь эргүүлсэн тухайд гишүүд хуулийн төслийн хэлэлцэх эсэхээс эхлэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тухайлбал, хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хуулийг баталбал Монгол улс хуулиараа улс болно. Шоронгоороо дамжуулж жинхэнэ гэмт хэрэгтнийг үйлдвэрлэдэг тогтолцоотойгоор маш олон жил явлаа. Энэ хууль зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийн эрүүгийн хууль болж байна. Үүнийг дагаад зөрчлийн хуулинд прокурор хяналт тавина. Энэ нь дуртай хүнийхээ эрхийг хязгаарлах, дарамтлах, авилгал нэхэх, барьцаанд оруулах хэргийн эх үүсвэр болно” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Зөрчлийн хуулийг, Эрүүгийн гэмт хэрэгтэй хольсон. Жишээ нь орон байрандаа мөрийтэй тоглоом зохион байгуулж болно. Одоо бол бар, цэнгээний газраас өөр газарт мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол зөрчилд тооцогдохоор болсон. Гэтэл энэ чинь гэмт хэрэг шүү дээ” гэсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зүгээс ““Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, танхайрах” гэсэн хоёр төрлөөр танхайрах зөрчлийг тус тусад нь ялгаж тусган, зохицуулалтыг тусгасан. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэх юм. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчил хэмээн үзэхээр төсөлд тодорхойлсон. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүдтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Харин мансуурах зорилгоор газ, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэдгийг хэлж байв.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 74.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжин баталсан юм.
Энэ хуулийг анх санаачилсан Х.Тэмүүжин зөрчил, гэмт хэргээр нь ялгасан зохицуулалтыг эвдэж зарим жижиг гэмт хэргийг зөрчлийн хуульд оруулж ирсэн. Зөвхөн торгох шийтгэлтэй байсан хуулийн үзэл баримтлалыг эвдэж баривчлах шийтгэл нэмж зөрчлийн бус жижиг гэмт хэргийн хууль болгосон хэмээн цахим орчиндоо мэдэгдсэн.
Энэ хууль батлагдснаар та бид хардах эрхээ эдэлснийхээ төлөө 2 000 000-20 000 000 төгрөгөөр торгуулах болно. Таны үнэн зөв хэлсэн гэдгийг прокурор үзэмжээрээ шийднэ. Өмнө нь цагдаа хүн гүтгэсэн үү, хардах эрхээ эдэлсэн үү гэдгийг шалгадаг цаг ийнхүү ирэх 07-р сарын нэгнээс түүх болон үлдэж байна.
Үүнээс гадна зөрчил гаргасан нөхдүүдийг прокурор үзэмжээрээ шийднэ. Тэгэхээр прокурор хэмжээлгүй эрхт нэгэн болж, бусдыг харцаараа дармтлах болможтой болж байгаа юм.
07-р сарын нэгэнд хэрэгжиж эхлэх хуулийн хугацаандаа багтаах гэж тун чиг гоомой зүйл хийлээ дээ УИХ-ын гишүүд. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг хүн бүрийг торгодог аймшигт хуулийг баталлаа даа...