Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буй үйл явц

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц 15 орчим хувьтай яваа гэсэн багцаа таамаг бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусвал Оюу толгойгоо 100 хувь ашиглах боломж бидэнд нээгдэнэ. Одоо ажиллаж буй ил уурхайгаа бүрэн ашиглалаа гэхэд нийт баялгийн ердөө 20-хон хувийн өгөөжийг хүртэх юм. Хурдан бариад дуусгавал 45-60 тэрбум ам.долларын өгөөж хүртэх зам Азийн Монголд нээгдэнэ. 45 тэрбум ам.долларыг өнөөгийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 110 гаруй их наяд төгрөг болно. Хамгийн багадаа гэж тооцоход л Оюу толгойгоос хүртэх өгөөж ингэж гарч байна. 110 гаруй их наяд гэдэг бол аварга тоо. Нэг тэрбум төгрөгөөр нэг сургууль барьчихдаг гэхээр ямар их мөнгө эдийн засагт орж ирэх нь төсөөлөгдөх байх. Энэ өгөөжөөс гадна олон мянган хүн ажилтай, олон зуун компани орлоготой болно. Тэд 100 жилийн турш орлогоо алдахгүй аятайхан амьдарна. Гэхдээ Оюу толгойгоо зуун хувь ашиглах боломж бүрдсэн тэр цагт, гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж дууссан хойно энэ хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж, Оюу толгой жинхэнэ өгөөжөө өгч эхэлнэ. Өмнөх шиг элдвээр улстөржиж ид өрнөж буй далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоовол, уурхай барьж дуусгах боломж өгөхгүй бол мэдээж хэн ч ашиг хүртэхгүй.

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурсан үйл явдал байсхийгээд улстөржилтөд өртөх гээд байдаг гэмтэй. Гадныхны толгойгоор гадаадад зурсан гэж ирээд улстөрждөг, одоо ч тийм мессэж хаяад эхэлчихсэн. Ганц л үнэн бий. Санхүүжилтийн төлөвлөгөөг санаачилсан, боловсруулсан тал нь манайх. Бид өөрсдөө. Өмнөх засгийн үед гарын үсэг зурж баталгаажсан энэ төлөвлөгөө монголчуудад ямар давуу талууд өгсөн юм бол гэдэг асуулт олны сонирхлыг татаж байгаа. Асуултад хариу хайя.

Олон улсын нэр хүнд бүхий 19 орчим банк санхүүгийн байгууллагуудаас дор хаяж 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт татах боломжийг далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нээж өгсөн. Ингэснээр дэлхийн банк санхүүгийн томчууд Монголын түнш болсон том олз бий. Оюу толгойн араас олон олон монгол компани дэлхийн санхүүгийнхэнтэй харилцах боломж тэр үед нээгдсэн юм. Өмнөх засгийн толгой дохисон төлөвлөгөөний дараагийн давуу тал нь өгөөжийн харьцааг баталгаажуулсан явдал. Дэлхийд гэж яригддаг энэ төслийн 53-аас дээш хувийн өгөөжийг манай тал хүртэнэ гэсэн зарчим үргэлжлүүлэн хадгалагдахаар болсон. Менежмэнтийн төлбөрийг бууруулсныг онцлохгүй орхиж болохгүй. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.долларын хэмнэлт гарсан. Төсөл үргэлжлэх хугацаанаас хамааран тэрбум хүртэл ам.долларыг хэмнэх нь тодорхой болчихсон. Наад зах нь хоёр их наяд 500 тэрбум төгрөгийн хэмнэлт гэдэг муугүй тохиролцоо.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголд мөрдөгдөж буй жишгийн дагуу төлүүлэх шийдвэрт хүрснээр олон сар үргэлжилсэн маргаанд цэг тавьсан гэж ирээд тухайн үед хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Үүнээс гадна өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр болсон давуу тал бий. Ингэснээр дор хаяж 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан юм. Монголын талаас хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн нь алга ташихаар тохиролцоо.

Төслийн санхүүжилт Монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй гэсэн давуу талыг дурдахгүй орхиж болохгүй. Тодруулж хэлбэл хувьцааны санхүүжилтэн дэх Монголын талын 34 хувийг баталгаажуулсан. Далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажсан гэсэн үг.

2014 онд үүссэн татварын маргааныг арбитрт очуулахгүйгээр шийднэ гэж тохирсон нь далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний бас нэг давуу тал. Өөрөөр хэлбэл 30 сая ам.долларын акт манай талд ашигтайгаар шийдэгдсэн билээ. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.21 тэрбум, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт бий болно, Өмнөговь аймгийн хөгжилд жил бүр таван сая ам.доллар зарцуулна гэсэн чихэнд чимэгтэй тоонууд санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар бодитой болсон.

Уул уурхайн төслөөс их мөнгө эдийн засагтаа авч үлдэх хамгийн том боломж бол дотоодын ханган нийлүүлэгчдийг нэмэгдүүлэх. Уул уурхайн компанид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг компаниудын олонхи нь гадных байвал бүх мөнгө нь гадагшаа урсана. Харин ханган нийлүүлэгчдийн дийлэнх монгол компаниуд бол Оюу толгойн долларын ихэнх нь Монголд үлдэнэ гэсэн энгийн логик бий. Хар үгээр хэлбэл Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж буй долларын ихэнхийг Монголд авч үлдэх тохироог өмнөх Засгийн газар хийж чадсан юм. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгохын тулд төсөл шалгаруулахад Монголын талын хяналтыг нэмэгдүүлэх тохиролцоог тухайн үед хийж чадсан гавьяа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт бий.

Өмнийн говьд Таван толгойн цахилгаан станц барих аварга бүтээн байгуулалт удахгүй өрнөнө. Оюу толгой энэ станцаас эрчим хүч авна гээд дуугарчихвал уул уурхайн бүс нутгаа тэр чигт нь цахилгаанаар хангах станц баригдах боломж нээгдэх байсан юм. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой, Таван толгойн цахилгаан станцаас эрчим хүчээ худалдаж авна гэж дуугарсан билээ.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөнд гарын үсэг зурах үйл явц хуулийн дагуу өрнөсөн гэж тухайн үеийн Засгийн газар мэдээлж байв. УИХ-ын 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолуудын дагуу ажиллажээ. Уг тогтоолуудад төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд засгаас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг.

Эцэст нь бас нэг статистик онцолъё. Далд уурхай ашиглалтад орсноор Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 2009 оны Оюу толгойн ТЭЗҮ-ийн тооцоололтой харьцуулахад 40 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон.

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН