Монгол Улсын хоёр иргэн тутмын нэг нь өглөөг автомашины түгжрэлээр эхлүүлж, оройг бухимдлаар дуусгадаг. Ажилгүйдэл ядууралдаа дарагдсан нийслэлийн иргэдийн олонхи нь амьсгалын замаар тусдаг өвчинд нэрвэгдэлгүй өвлийг давж үзээгүй. Хаврын улиралд харшлаас салж байгаагүй.

Зун харин тогтоол усан дээгүүр үсэрч, тоос шороондоо дарагдахын хооронд ээлжилнэ.  Намрыг угтсан үнийн өсөлтөд дээрэлхүүлэлгүй өнгөрсөн удаагүй. Цагийн сайханд “Азийн цагаан дагина” өргөмжлөлтэй байсан нийслэл Улаанбаатар хотын жилийн дөрвөн улирлыг өнгөн талаас нь харвал нэг иймэрхүү. Нийслэлийн гаднах хальс гандаж муудсан байна гэдэг үнэндээ тийм ч айхтар аюулын харанга дэлдсэн асуудал биш юм. Хальсыг нь аваад үзвэл авахын аргагүй ялзарч муудсан, өрөвдөлтэй “тосгон” биднийг угтах вий. Дөрвөн зүг найман зовхист хогоор бүтсэн хана нүдэнд торж, алхах бүрт хэн нэгэн ухамсарт иргэний хаясан шүлс бидний гутлын улыг мялаана. Хот маань хог, утаа, шүлсэнд дарагдаж, иргэд нь хөлс, нулимсандаа живж байна. Тийм ээ, эх орны маань цорын ганц нийслэл хот дотроосоо бас гаднаасаа ялзарч байна. 1,5 сая ам.км газар нутагтай улсын ердөө 4,7 мянган ам.км-т 1.3 сая амь ялзарч байна. 

Энэ бол сэтгэдэг тархитай, цохилдог зүрхтэй хүн бүрийг айдаст автуулж буй бодит байдал. Хамгийн харамсалтай нь энэ бүх зовлонгоос гэтэлгэж, асуудалд шийдэл олох даалгавар хүлээсэн эрх баригчид маань холоос биднийгээ гэрэвшингүй харж зогсоод, буруутан энэ гэж амьтай амьгүй зүйлсийг чичилж анхаарлыг өөрөөсөө холдуулдаг жишиг сүүлийн 30 жилд тогтоод байсан гэхэд хилсдэхгүй. Анхаарал өөр дээр нь төвлөрөхөөс өөр аргагүйд хүрвэл ард түмнийхээ нүдийг хуураад алга болдог байсан тэднийг одоо мартъя, урьдын юм ул болсон. Ялзарч муудсан гэж чичлэх ам мундсан биш арай эергээр асуудлыг харъя.
...Ерөөс Улаанбаатар хот маань замаа алдсан хүүхэд юм. Тэрээр 377 настай хэрнээ одоо болтол хаашаа явж байгаагаа мэдэхгүй, ажил төрөлгүй, бас нэмээд хир дагандаа баригдсан нэгэн. Ердөө тавь хүрэхгүй жилийн өмнө түүнийг нутгийнхан нь “цагаан дагина” гэж дууддаг байсан гэхэд итгэхийн аргагүй. Яагаад замаа алдаж орхисон түүхийг товчхон өгүүлбээс амьдралд олонтаа тохиолддог гэр бүлийн зөрчил гарсан байгаа юм. Амны салиа нь арилаагүй хүү гэрийн эзнийг хоймроос нь хөөж босгоод, ар гэрээ хөсөр хаяжээ. Хоол хүнсээрээ тоглоод, гэрийнхээ тавилга бүрийг таних танихгүй хүмүүст хувааж өгсөн тэрхүү залуу хүү саахалтынх руугаа хөлчүүрхээд арилсан юм байх. Хамаг л ачаа аятайхан өсч торниж явсан Улаанбаатар болон хаягдаж хоцорсон хөгшин гэрийн эзний нуруунд ирсэн аж. Хүн бүр түүнийг зорих хэдий ч бохирлож, бузарлахаа бас мартсангүй. Шууд утгаараа гэхэд тун танил түүх байгаа биз. Өнөөх залуу гэрийн эзэн үе үе гарч ирээд төвхнөх гэж ядаж яваа орон гэрээ бусниулж байлаа. Хөгшин гэрийн эзэн ч солигдож, Улаанбаатарын амьдралыг ээлжлэн дордуулсаар ирснийг энд онцолъё. Ямар сайндаа гэрийн эзнээр нэрлэгдэж асан залуу хөвгүүдийн нэг хөөрхий Улаанбаатарыг “ирээдүйгүй” гэж хүйтнээр чичлэх вэ дээ. Ямартай ч Улаанбаатар гомдсон нь лавтай. Бар болж архирна гэсэн мөрөөдөл ч яахав гээд хирнээс нь эхлээд салгая гэсэн шинэ гэрийн эзэн азаар гарч ирлээ. Энэ бол олзуурхууштай хэрэг...
2017 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн засаг дарга, хотын захирагч Су.Батболд нар нийслэл хотын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, түүнд тохирох шийдлүүдийг Байнгын хороонд танилцуулсан. Гишүүд ээлжлэн байр сууриа илэрхийлж, саналаа тусган уг хуулийн төслийг дэмжиж, бас шинжлэх зуур УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн үгс анхаарал татаад зогсохгүй багагүй эгдүүцэл төрүүлснийг энд тэмдэглэе. Тэрбээр 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх хэрэггүй, хангалттай сайн хууль учраас бүрэн дэмжихгүй гэсэн юм. Сүүлийн 20 орчим жилийн турш идэвхтэй улс орны үйл хэрэгт оролцсон туршлагатай улс төрчийн амнаас ийм бодит амьдралтай нийцэмгүй үг гарч болно гэж үү. Хот төлөвлөлт гэсэн үгийн зүйдэл ч багтаагүй гэр хорооллоор хүрээлүүлж, утаа хогондоо дарагдсан нийслэл хотын амьдралыг мэддэггүй хэрэг үү. 23 жилийн өмнө батлагдсан хууль үнэхээр сайн хууль байсан бол нөхцөл байдал ингэтлээ дордох байсан уу гэвэл эрүүл ухаан үгүй гэж хариулна. 
Энэ бол дан ганц АН-ын Бүлгийн удирдагчийг буруутгаж байгаа хэрэг биш, монголын улс төрчдийг, эрх баригчдыг дундаж, дунджаас доош давхаргын амьдралаас хэт тасарсан байгааг харуулж буй явдал. Гэтэл улс төрчдийн амьдралыг нь мэддэггүй, нөхцөл байдлыг нь ойлгодоггүй тэдгээр хүмүүс улс орныг бүрдүүлдэг. Тийм хэрнээ нам эвслээрээ талцаж төрийн ажлыг гацаана. Бүрэн төгс байх ёстой гэж хойшлуулна, тэгээд бүр мартана. Энд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийг намрын чуулган хүртэл хойшлуулсан асуудлыг дурдахгүй орхиж болохгүй. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр дээрх хуулийн төслүүдийг баталчихсан байсан бол 1.3 сая хүнтэй нийслэл төдийгүй боловсролын салбарын хүндийг нуруун дээрээ үүрдэг багш нарын амьдрал тодорхой хэмжээнд сайжрах л байсан юм. Уул нь хэрэгжүүлж үзсэний дараа л засах алдаа тодрох учиртайсан.

Дэмжих гурван үндэслэл

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол манайдаа хамгийн зузаанд тооцогдох улс төрийн намтартай цөөхөн эрхмүүдийн нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дэд даргын алба хашиж байсан тэрбээр УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан. Бүр өмнө нь Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явж, өөрийн биеэр өмнөх засгийг унагаасан дэлхийд нэртэй улс төрч. Энэ талаар дурдаж байгаа нь ерөөс эрхэм экс Ерөнхийлөгчид 1989-2017 оны хооронд Монгол Улсын төрийн дээд эрх мэдэл буюу хүссэнээ хийх чадамж байсаар ирснийг харуулахын тулд юм. Гэтэл тамгаа дамжуулж өгөхөөс хэдхэн сарын өмнө “Улаанбаатар бол ирээдүйгүй хот” гэж хэлдэг нь ямар учиртай вэ. Ирээдүй байхгүй болчихсон бол хаачсан хэрэг вэ. Улаанбаатар хотын “алдагдсан” ирээдүйг авчрах эрх зүйн чадамж, эрх мэдэл, улс даяар хүрэх, бас дагах дуу хоолой өөрт нь байхад хэлэхгүй өнгөрөх шалтгаан юу байв. Чухам та бид яагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих ёстой вэ гэдгийг маш энгийн гурван үндэслэлээр тайлбарлая.

1. Ирээдүйгээ эргүүлж олохын тулд

Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал ирээдүйгүй гэдэг үнэн. Үнэн учраас иргэд та бидэнд хатуу сонсогдсон. Иргэд хэтийн ирээдүйгээ харах байтугай долоо хоногийн төлөвлөгөө гаргах чадамжгүй амьдарч байна шүү дээ. Өнгөрсөн жилийн судалгааны дагуу монголчуудын 70 хувь нь амьжиргааны түвшин доогуур аж төрж байгаа. Багаар бодоход л гурван хүний хоёр нь өдөр хоногийг аргацааж, өнөө маргаашийн хоолныхоо төлөө зүтгэж яваа. Нийслэл хотын зохион байгуулалт ачааллаа даахаа болиод олон арван жилийн нүүр үзэж байгаа учраас хөгжлийн тухайд ярилтгүй. Хаашаа явах, яаж хөгжих талаар Улаанбаатарчуудыг чиглүүлсэн юм байхгүй. Харин эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг төрөөс тогтвортой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх гэсэн үндэслэлийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байгаа юм. Уг төсөл нийтдээ 14 бүлэг, 52 зүйлтэй бөгөөд нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэд хэдэн чиглэлийн дагуу тодорхой болгож тусгасныг онцолъё. Үүнд: 
-Нийслэлийг өрсөлдөх чадвартай, бие даан хөгжих боломжтой болгох, цаашлаад Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох
-Суурин соёл иргэншлийг хөгжүүлэх 
-Төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот байгуулах
-Өндөр технологийн, өрсөлдөх чадамжтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих
-Гадаад бодлогын үзэл баримтлалд тулгуурлаж олон улсын томоохон байгууллагуудын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар байгуулах 
-Дэд бүтцийг хүн амын өсөлт, хөгжлийн шаардлагад нийцүүлэх гэсэн заалтууд багтсан байна.

2. Гүнзгий амьсгал авахын тулд

Агаарын бохирдлын улмаас амьсгалын замын, зүрх судасны, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт ихэсч, эрүүл мэндэд ноцтой аюул учирч байгаа энэ үед төрийн зүгээс агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах хүрээнд төрөл бүрийн ажил зохион байгуулдаг. Гэхдээ бодитоор үр дүнд хүрсэн нь хараахан үгүй. Эрүүл цэнгэг агаарт, эсвэл сэтгэл хангалуун байхдаа хүн гүнзгий амьсгал авч чаддаг. Одоо нийслэлд “гүнзгий амьсгал авах” боломж төдийлөн тохиолдоод байдаггүй. Харин утааны гол эх сурвалж болох гэр хороолол, автомашиныг шинэ зохион байгуулалтад оруулж, хууль эрх зүйн зохицуулалт хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна агаар шүүгчээр айл өрхүүдийг хангах, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлийг төсөлд тусгасан нь гүнзгий амьсгал авах нэг хөшүүрэг болно.

3. Толгойгоороо бодож, хөлөөрөө алхахын тулд

Хүн толгойгоороо хэр хол алхаж чадах вэ, хөлөөрөө хэр сайн бодож чадах вэ. Манай нийгэмд зөв зохистой байдал алдагдаад байгаа. зохион байгуулалтгүй, эмх журамгүй хотоос ёс суртахууны үнэр гарна гэж үгүй. Хууль дүрмийг дээр дооргүй огоорсон, дураараа байдал газар авсан энэ үед яах аргагүй хуулийн хяналт, эмх цэгцтэй зохион байгуулалт нийгэмд шаардагдаж байгаа. Хотын удирдлагуудын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байгаагүй. Харин уг асуудлыг шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн удирдлага жил бүрийн нэгдүгээр улиралд хуулийн хэрэгжилтийг тайлагнаж, цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд танилцуулж байхаар тусгасан байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд нийслэлийн нутаг дэвсгэрт явуулахыг хориглосон үйл ажиллагааг дараахь байдлаар заажээ.
-Төлөвлөлтөд багтаагүй газар суурьшил үүсгэх болон суурьших
-Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, ашиглах, барилга угсралтын ажил явуулах, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашигт халдах, бусдын орц, гарцыг хаах
-Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ашиглах, гэмтэл учруулах
-Хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод бут, сөөгийг устгах, сүйтгэх
-Байгаль орчин, нуур цөөрөм, гол горхи, булаг шандыг бохирдуулах
-Зориулалтын түлшнээс өөр хорт утаа ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх.

Улаанбаатар хотоо хүүхэд гэж үзээд, төр засгаа гэрийн эзэн гэвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хатуу үг, хүмүүжил гэж ойлгоход утга төдийлөн зөрөхгүй л болов уу. Үнэн бөгөөд хатуу үг, хүмүүжил л хүүхдийн цаашдын амьдралыг нь зөв чиглүүлдэг. Хүүхдийг загнахад хажуунаас нь өмөөрнө гэдэг хүмүүжиж, төлөвших явцад асар том саад тотгор учруулдаг. Гэр бүлийн доторх харилцаа, уламжлал өнөөгийн нөхцөл байдалд яв цав тохирно гэдэг бас хачирхалтай хэрэг юм шүү. Эл хуулийг хэрэгжүүлэх нь “хууль санаачлагч“ гэрийн эздийн хувьд цадиггүй хүүхдээ хүмүүжүүлэх хүндхэн сорилт болж байна. Ядаж байхад хүмүүжилгүй Улаанбаатарыг өөгшүүлэн өмөөрөөд байдаг.
Улс орныг удирдана гэдэг нэг том айл гэрийн амьдралыг авч яваатай адил хэмээн харьцуулах нь түгээмэл үзэгдэл. Өмнөх эцгүүд харин өнөөгийн хүнд нөхцөл байдалд хүргэсэн. Дор бүрдээ хувиа хичээж, асуудлыг өөгшүүлсэн та бид ч бас хариуцлага хүлээх учиртай. Улаанбаатар хотын гудамжинд чухам хэн шүлсээ хаяж, ил задгай бие засч, хогоо хаядаг билээ. Хэн хүссэн газраа барилга барьж хамаг газрыг хаадаг билээ, хэн гол горхины ундаргад хашаа зоож ширгээдэг билээ. Хэн өдөр тутам автомашин унаж, хэн нүүрс түлдэг билээ. Иргэд та бид нийслэл хотоо бузарласан гол буруутнууд. Гэхдээ энэ бүхнийг зогсоож, зохицуулах боломж байсаар атал юу ч хийгээгүй гэдгээрээ эрх баригчид бүр их буруутай. Бид өөрсдийн нэгдмэл ашиг сонирхлын төлөө буруугаа хүлээн зөвшөөрөөд, шийдлийг хамтдаа хэрэгжүүлж байж ирээдүйгээ эргүүлж олно, гүнзгий амьсгалж чаддаг болно, бас хөлөөрөө алхаж, толгойгоороо боддог болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих хэрэгтэй. Гарсан алдаа, дутагдлыг нь тухайн цагт нь шийдвэрлэх мөч олдоно, эс тэгвээс нийслэлтэйгээ дээр дооргүй ялзраад дуусах нь дээ.

Үндэсний шуудан сонин