-Хувь хүний нууц, түүний нэр төр, алдар хүндийг төр хамгаалахаа батлан зааж өгсөн байна- 


Хувь хүний нууц гэж юу вэ. Социализмын үед хэн нэгэнд хувьдаа нууцлах ямар нэг зүйл байсангүй. Хүний ямар ч асуудлыг намын хороо авч хэлэлцдэг байсан цаг. Гэтэл ардчиллыг сонгосон үеэс хүмүүс сая нэг нууцлах нууцтай болж, түүнийгээ хуулиар хамгаалуулах эрхтэй болов. Өөрөөр хэлбэл, хувь хүний нууц нь нийгэмд харшлахааргүй, олон нийт, улс оронд аюул тарихааргүй л бол хуулийн дагуу түүнийгээ илчлэх, илчлүүлэх ёсгүй болсон билээ. Гэхдээ сүүлийн үед энэ эрх үгүй болсон мэт. Цахим технологи хөгжих хэрээр хүмүүсийн харилцаа хязгааргүй орчинд өрнөх болж, үүнийг одоогоор хянах эрхзүйн орчин бүрдээгүй байгаа тул хүний нууцыг задлах, үүгээр далимдуулж нэр хүндэд нь халдах, үгүй бол бүр нууц гэсэн үгээр халхавчлан гүтгэн доромжлох үйлдэл хэрээс хэтэрлээ. Нэгэн жишээ дурдахад, /нэр дурдагдсан хүмүүсийг нууцлах үүднээс үсгийг өөрчилсөн болно/ одоогоос гурван сарын өмнө буюу энэ оны тавдугаар сард, голчлон шар мэдээ түгээдэг сайтуудаар олны танил нэгэн эрхмийг гэр бүлээсээ гадуур харилцаатай гэж нэр ус, зураг хөрөгтэй нь мэдээлсэн. Улмаар түүнтэй амрагийн харилцаатай гэх бүсгүйн зурвасыг утасны дугаартай нь цацсан билээ. Хамгийн ноцтой нь, эдгээр мэдээлэлд ямар нэгэн эх сурвалж дурдаагүй, барин тавим байсан ч фейсбүүк, твиттерээр анх бичсэн сайтынх нь холбоосыг цацсанаар маш олон хүн энэ талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байв. Гэхдээ сэтгэгдлүүдийн ихэнх нь уг мэдээлэлд нэр дурдагдсан хоёр хүнийг харааж зүхсэн, муучилсан байсан. Гэтэл уг мэдээ нь ямар нэг хяналтгүй, эх сурвалжгүй, цэвэр гүтгэлгийн шинжтэй, хувь хүний нууцад халдсан байсныг хэн ч дурдаагүй юм.

Хувь хүний нууцыг хуулиар хэрхэн яаж хамгаалдаг вэ?

Тиймээс хувийн нууц гэж яг юуг хэлдэг тухайг хуулийн заалтаар тайлбарлахыг зорилоо. Ямартай ч, Монгол Улсын хуульд Хувь хүний нууцын тухай хууль байдаг ажээ. Энэ хуульд зааснаар хувь хүнд захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн гэх нууц байх эрх бий. Мөн хуулиар тогтоосон бусад нууцын тухай хуульд заасан объект эрх хэмээн нууцын төрлүүдийг тодорхой ангилж өгсөн байна. Эндээс харахад, нийтлэлийн эхэнд дурдсан жишээнд хувь хүний захидал харилцаа, гэр бүлийн нууцыг шууд задалсан, эсвэл зурвасаар үндэслэн гүтгэсэн гэдэг нь тодорхой ажээ.
Тэгвэл хувь хүний нууц гэдгийг яг тодорхойлохдоо Хувь хүний нууцын тухай хуулийн 2.1 дэх хэсэгт "Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж тун тодорхой тайлбарлажээ.
Тэгэхээр сүүлийн үед цахим орчноор нэрээ нууцалсан хэн нэгэн бусдын зураг, хувийн зурвас, бичлэгийг нэр хүндэд нь зориуд халдах утга бүхий тайлбартайгаар олон нийтэд түгээж байгаа нь хуулийг шууд зөрчсөн үйлдэл аж. Тухайлбал, тун саяхан фейсбүүкээр 20 орчим насны нэгэн залуугийн зургийг тараахдаа бусдын эд зүйлсийг хулгайлсан мэтээр тайлбарласан байв. Гол нь Б гэх тэр залуу бусдад хохирол учруулсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоогоогүй, яг хулгай хийж буй зураг, бичлэг нь байхгүй. Гэтэл түүний овог нэр, утасны дугаар, сургуулийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээллийг зургийнх нь хамт цацсан билээ.
Тэгвэл дээрх үйлдэл нь Үндсэн хуулийн 16.17/ “…Хүний эрх, нэр төр, алдар хүнд… задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэх заалттай шууд харшилж байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний нууц, түүний нэр төр алдар хүндийг төр хамгаалахаа батлан зааж өгсөн байна.
Үүнээс гадна энэхүү Үндсэн хуулийн заалттай нийцүүлэн Эрүүгийн хуулийн 13.10 дахь хэсэгт Хувь хүний нууцад халдах гэж бие даасан гэмт хэрэг болгон тогтоосон, үүндээ “Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол….харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж… үйлдсэн бол…нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул дээрх жишээнд бусдын нэр хүндэд халдсан этгээд ял авахаар гэмт үйлдэл хийсэн болж таарах нь.
Мөн хуулийн 13.11-т Хувь хүний нууцыг задруулах гэсэн зүйлд “Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол… мөн энэ гэмт хэргийг хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор үйлдсэн бол…. нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж объектив маш ойлгомжтой зааж өгсөн.
Бодит байдал ийм байхад хуулийн байгууллагаас сүүлийн үед үүсээд буй олон жишээнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг болжээ. Хууль тогтоогчид хувь хүний нууцыг хуулиар хамгаалахаар олон хуульд тусгаж хэм хэмжээнүүдийг нарийвчлан зааж өгсөн боловч эдгээр заалт амьдрал дээр ямар ч хэрэгжих боломжгүй болж маш олон хүн нэр төр алдар хүнд, хувь хүний нууцад тооцогдох үнэт зүйлээ алдан хохирох болжээ.
Ингэснээр ардчиллын маш том үнэт зүйл болох иргэдийн хувь хүн байх, нууцтай байх эрх үгүй болж байна гэж хуульчид үзэж байгаа аж. Хамгийн гол нь үүний цаана бидний бодсоноос ч ноцтой үр дагавар гарах магадлалтай. Олон нийтэд үнэнийг дэлгэж чадалгүй байсаар доромжлуулж, гүтгүүлсэн хүн сэтгэл санааны маш том хохирол амсахаас гадна амиа хорлох явдал ч цөөнгүй гардаг.
Нөгөөтэйгүүр прокурор цагдаагийн алба хаагчдын энэ мэт ажилдаа ур чадваргүй, хуулийг хэрэглэхдээ өөрсдийн дураар тайлбарлах болсон нь хүмүүс нэгнийгээ үндэслэлгүйгээр гутаан доромжлох, гүтгэх, хувь хүний нууцыг ил тодоор олон нийтэд дэлгэх, түүнийгээ шударга ёс, бодит үнэн хэмээн буруу тайлбарлах явдал ихсэх нэг шалтгаан болж байна. 
Прокурор, цагдаа нар гэмт үйлдлийг ингэж өөгшүүлж байгаа нь тэдний үйл ажиллагаанд хяналт тавьдаг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба /УЕПДМБА/ байхгүй болсонтой холбоотой гэдгийг нэгэн хуульч ярьж байна. Үүнээс болж шүүгч, прокурор, мөрдөгчийн бүрэн эрх нэрийн дор хуулийг өөрийнхөө ойлгосноор тайлбарлан хэрэгжүүлдэг явдал хэрээс хэтэрсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.5 дахь хэсэгт “УЕПДМБА..” гэдгийг байгуулан тусгай субъектүүд /шүүгч, прокурор, цагдаа, шийдвэр гүйцэтгэгч, тагнуул/-ийн үйл ажиллагаанд хяналт тавиулахаар тогтоож өгсөн боловч энэхүү хэсгийн заалтыг энэ оны тавдугаар сард УИХ-ын хуулийн хэлэлцүүлгээр хүчингүй болгож хассан. Ингэснээр эрх мэдэлтнүүд хуудийн байгууллагыг ашиглан бусдын нэр хүндийг үгүй хийх, яллах, гүтгэх боломжтой болсон гэхэд хилсдэхгүй. Эцэст нь хэлэхэд хувь хүний нууцыг хуулиар яаж хамгаалдаг болох вэ?