2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байхад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг бусдыг тарчлаасан хэмээн зүйл ангиар гурван сар хорих ял оноодог байв. Харин   Гэр бүлийн хүчирхийллийн хууль, шинэ Эрүүгийн хууль гарснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага олон төрөлтэй болж, алдаагаа засах боломж олгосон. Үүнийг гэр бүлийн хүчирхийллийг шүүхийн байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн талаар хүргэж байна.  

Монгол улсын иргэн,  Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, Б.А гэгч нь 2013 онд Б.Д гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон, гэрлэлтийн баталгаагүй. 2014 онд бүл нэмсэн ч Б.А нь байнга архи уудаг, архи уухаараа агсам тавьдаг байгаад  2016 оноос эхнэртээ гар хүрэх болжээ. Гар хүрэхээс гадна бусадтай хардаж, хэрүүл маргаан хийх болсон байна.  Тухайлбал,

  • 2016 оны зун Б.А нь эхнэрээ зодсон. Түүнээс болж дээд эрүүний соёоны ар талын араа хагарсан,
  • 2017 оны 01 дүгээр сард  Б.А нь архи ууж, согтуудаа эхнэрээ хэл амаар доромжилж, зодсон.
  • 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Б.А нь эрүүл байхдаа эхнэрээ гэрээс гаргахгүй маргалдаж, зодсон.
  • 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.  

Үүнийг зарим эх сурвалж баталсан байдаг.  Гэр бүлийн хүчирхийллийн энэ хэргийг  шалгаж байхад болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.А нь ““Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэж мэдүүлсэн аж.

Тиймээс Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Б.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж дүгнэсэн байна. Улмаар Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож нэг жилийн тэнсэн харгалзаж,согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах юм.  

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг. Тиймээс хүнээ, хүүхдээ бүтэн байгаа дээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч болзошгүй эрсдэлээс сэргийлэх учиртай.