“Аз жаргалын шок”, “Дурсамжинд төгсгөл үгүй”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас би чамд хайртай” зэрэг үзэгчдийн үзэх дуртай олон кинонд тоглож өөрийн авьяас чадварыг бусдад хүлээн зөвшөөрүүлж чадсан уран бүтээлч бол Мишигдоржийн Баярбат билээ.

Тэрээр саяхан  “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Олон залуусын үлгэр болсон уран бүтээлчийн "Монгол эр хүн"-ийг тодорхойлж хэлэх үгс нь өнөөгийн залууст нэгийг сануулах мэт. Өөрийнхөө амжилтанд бардалгүй урлагийн салбарт ихийг бүтээж яваа “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбаттай хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэж байна.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе.  “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны гол дүрийн жүжигчинтэй ярилцаж байгаадаа баяртай байна.

Намайг урьсанд баярлалаа.

Олон хүмүүст хүлээлт үүсгээд байгаа “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд тоглосон дүрийнхээ тухай товчхон танилцуулаач. 

Би “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд Эрболд гэдэг залуугийн дүрд тоглосон. Энэ дүр бол 1867 оны Манжийн дарлалын үед амьдарч байсан малчин ардын төлөөлөл гэж хэлж болно.

“Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны гол дүрд тоглохоор болсон гэдгээ мэдээд зохиолоо уншиж байх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Анх “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны зохиолоо авч байхад дотроо их сандарч байсан. Найруулагч маань “За, чи Эрболдын дүрд тоглох нь байна шүү” гээд хэлж байхад бага зэрэг айж байсан. Ер нь айсаар байгаад л киноныхоо зураг авалтыг дуусгасан даа. /Инээв/

Жүжигчин хүн бүрт түүхэн дүрд тоглох юмсан гэсэн хүсэл байдаг. Учир нь түүхэн дүр дээр ажиллахад жүжигчин хүнээс маш их юмыг шаарддаг. Жишээ нь: Тухайн тоглож байгаа цаг үеийнхээ нийгмийн байдлыг илэрхийлэх, түүхэн судалгаа хийх, дүрээ маш сайн дүрсэлж харуулах, жүжигчний уран чадвар сайтай байх гэх мэт. Тэр утгаараа анх зохиолоо уншаад дотроо "Би маш их хичээх ёстой" л гэж бодож байсан.

Би Эрболдын дүрийг  жинхэнэ "Монгол эр хүн"-ий дүр гэж тодорхойлсон. Одоо цагт нийгмийн өөрчлөлтөөс хамаараад бидний үеийн залуус  эртний зан заншил, мал ахуйтай хэрхэн харьцах, дээл хувцасаа хэрхэн зөв өмсөх гэх мэт монгол уламжлалуудаасаа бага багаар хөндийрчихсөн байна шүү дээ. Таны хувьд нийгмийн өөрчлөлтөөс хамаарч бага багаар бүдгэрч алга болсон тэр ёс заншлыг өөртөө сэргээж дүр дээрээ ажиллахад хэр байсан бэ?

Ер нь хэцүү байсан. Миний болон бидний доод үеийн залуус  монгол ёс заншлаа бараг мартчихсан, хуучныхаа дээл хувцасыг яг яаж өмсдөгийг сайн мэдэхээ больчихсон байна шүү дээ. Арга ч үгүй биз дээ, бид чинь хотын амьдралын хэмнэлд орчихсон байгаа юм чинь .

“Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны хувьд 1867 оны үеийн тухай өгүүлдэг. Тэр үед хүн болгон таван хошуу малтай, амьдралын хэв маяг нь яг хуучны ёс заншлаараа  байсан үе шүү дээ. Тийм болохоор адуу малтай хэрхэн харьцахаас эхлээд анхаарч ажиллах зүйлс их байлаа.

Гэхдээ би багадаа хөдөө их явдаг хүүхэд байсан. Аав ээж маань хөдөө явуулж, хурдан морь унуулдаг байсан болоод ч тэр үү, зураг авалтын үеэр адуутай харьцахад  их дөхөм байсан. /Инээв/ 

Чиний хэлсэнчлэн Эрболд бол түүхэн үеийн жинхэнэ "Монгол эр хүн"-ий дүр. Киноноос маань тэр үеийн "Монгол эр хүн", одоогийн "Монгол эр хүн" хоёрын хооронд ямар их ялгаа байгааг харж болно. Ер нь "Монгол эр хүн" ямар байх ёстой юм бэ гэдгийг одоогийн нийгмийн залууст уран бүтээл маань харуулж нэгийг бодуулах байх.

Тэр үеийн “Монгол эр хүн”, одоогийн “Монгол эр хүн” хоёрын хооронд хэр их ялгаа байгаа юм шиг санагдаж байна вэ?

Өнөөгийн нийгэмд эрчүүд маань ноён нуруугаа алдаад байгаа юм шиг санагддаг. Сэтгэл зүй, хувцаслалт, биеэ авч яваа байдал, зан араншин гэх мэт зүйлс дээр “Монгол эр хүн” гэх үзэл бага багаар алдагдаад байгаа юм болов уу гэж би их боддог юм. “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны монгол дүрийн эрчүүдийг хараад хүмүүст “Нээрээ л Монгол эрчүүд чинь ийм байсан шүү дээ” гэж бодогдох байх гэж бодож байна.

Кино зураг авалт эхлэхэд бид нар адуу малнаас холдчихсон морь барьдаггүй юмаа гэхэд  морио эмээллэж чадахгүй их төсөөрчихсөн байсан. Тэгээд би дотроо бодсон л доо. "Монгол эр хүн" ядаж морь унаж чаддаг байх ёстой. Зарим залуус  одоо “Би бол хотод төрсөн, хотод өссөн хүүхэд. Хотын хүн морь мал мэддэг байх шаардлагагүй”  гэж ярьдаг. Шаардлагагүй биш ээ. "Монгол эр хүн" гэдэг утгаараа хааяа нэг хөдөө мал дээр очоод, морио унаад хийморио сэргээчихдэг байх ёстой. Энэ чинь бидний хэзээ ч орхиж, гээж, мартаж болохгүй бидний цусанд шингэсэн зүйл шүү дээ.

Мөн надад хөдөө зураг авалттай явж байхад нэг зүйл анзаарагдсан. Намайг бага байхад хөдөө очиход айл бүр хаашаа ч явсан морио унадаг, цагаан идээ бэлтгэх арга барил гээд бүх зүйл нь хуучныхаа уламжлалаар байсан. Одоо бол юм болгоныг жаахан амарчлах гээд байдаг болсон юм шиг санагдсан. Хөдөө амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь хятад мотоцикл унадаг, зарим нь бараг морио барьж чадахаа больчихсон, морио унадаггүй хүмүүс зөндөө байсан. Нөгөө талаараа Монгол морьны хурд хүч шандас бага зэрэг муудсан ч юм шиг санагдсан шүү. Би багадаа хөдөө морь малтай ойр өссөн болохоор тэр талаар бага зэрэг мэднэ л дээ. /Инээв/

Эрболдын дүрийг илэрхийлж зурсан зураг өөрийн тань зурагтай харьцуулагдаад танай “making movie-1” дээр гарч байсан. Түүхэндээ Эрболдын дүрийг илэрхийлсэн зураг нь тэр байсан уу? Тэр зурагтай адилтгаж дүр сонголтоо хийсэн байх.

Тийм биш ээ. Эрболдын дүр бол уран сайхны дүр. Ямар нэг түүхэн дээр дүрслэгдэж үлдсэн зураг бол байхгүй. Манай киноны монгол талын дүрүүд ихэнх нь уран сайхны дүрүүд гэж хэлж болно. Анх зохиол бэлэн болсны дараа зураачид маань дүрүүдийн гадна төрхийг бии болгодог л доо. Түүний дараа найруулагч дүр хуваарилалтаа хийж жүжигчин бүртэй гаднах байдал болон дүрийнхээ дотоод ертөнцийг илэрхийлэх тал дээр тулж ажилладаг.

“Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд алтан үеийн ахмад уран бүтээлчидтэй хамтран  ажиллаж байхад эмээх, сандрах мэдрэмж  хэр төрж байсан бэ?

Ахмад уран бүтээлчидтэйгээ цуг ажиллах их сайхан байдаг шүү. Би туршлага хуримтлуулж өөрийгөө хөгжүүлж яваа жүжигчин хүн шүү дээ. Тэр утгаараа өөрөөсөө доод үеийнхэнтэйгээ эсвэл оюутнуудтай хамтарч уран бүтээлд тоглохоос илүү ахмад үеийнхэнтэйгээ хамтарч ажиллахад бүх зүйл дээр зааж сургаад ажилд түшигтэй байдаг.  Мэдээж эмээх сандрах зүйл байлгүй л яахав. Тэр хүмүүсээс эмээж байна гэдэг чинь тэр хүмүүсийг хүндэлж байна гэсэн үг шүү дээ./Инээв/

 Хүндлэхээс ч өөр арга байхгүй хүмүүс шүү дээ, бидний алтан үеийнхэн.

“Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны утга санаа яг өнөөгийн нийгмийн байдлыг харуулаад байгаа юм шиг санагдсан. Үйл явдал нь, илэрхийлэх байдал нь өөр боловч яг л одоогийн нийгэмд байгаа асуудлууд ажиглагдаад байгаа юм л даа. Зохиол анх гарахдаа энэ нийгмийн байдлыг давхар харуулах зорилготой байсан болов уу?

Ер нь бол тийм гэж ойлгож болно. Хувцасны загвар он оноороо буцаад сэргэдэг гэдэг шиг тухайн үед болж байсан муу муухай үйл явдал өнөөгийн нийгэмд ч гэсэн болж байна. Энэ яг юунаас болоод байна вэ. Гадаад харь орны бодлогоос болоод байна уу аль эсвэл бидний өөрсдийн арчаагүй байдлаас болоод байна уу. Тэр үед болж байсан муу муухай үйл явдал одоо цагт давтагдаад байгаа болохоор бид нар уран бүтээлээрээ дугарахыг хүссэн. Би хүн бүр эх орныхоо төлөө юм хийх ёстой гэж боддог юм. Тийм ч учраас манай хамт олон киногоороо дамжуулж хүмүүст нэгийг ойлгуулахыг хүссэн.

Зохиолын талаар илүү дэлгэрэнгүйг манай зохиолыг бичсэн Алдар,Тамир 2 маань ярих байх аа.

Сүүлийн үед гарсан түүхэн уран бүтээлүүдийг хараад байхад үг хэллэгийн тал дээр их дутагдалтай санагддаг юм. Дээр үеийн уран бүтээлүүдийг  үзэхэд хоорондоо харилцах киноны үг хэллэг их яруу, утга төгөлдөр байсан шүү дээ. “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны хувьд энэ тал дээр хэрхэн анхаарсан бэ? Мэдээж 1867 оны хүмүүс одоогийн бид нарын нэг нэгэнтэйгээ харьцдаг шиг үг хэллэгээр ярьдаг байгаагүй  байх л даа.

Тэгэлгүй яахав. Одоогийн нийгмээс тэр үеийн нийгэм бараг 100 жилийн өмнө учраас үг хэллэгүүд нь өөр байсан нь ойлгомжтой. Монголчууд бид “дээд хэллэг” гэж ярьдаг шүү дээ.

Тухайн үед хүмүүс тэр дээд хэллэгээр буюу нэг нэгнээ их хүндэтгэж харьцдаг байж. Мөн далд утга агуулсан үгнүүд их хэрэглэдэг байсан үе. Тийм ч учраас манай хамт олон киноныхоо зохиолын үг хэллэгийн тал дээр их анхаарсан. Зохиолын үг хэллэг бүр дээр яруу найрагч, жүжгийн зохиолч Цогнэмэх ах маань редакторлаж ажилласан. 

Бид нар бэлэн болсон зохиолоо уншиж байхад зарим эртний үгсийн ямар утга илэрхийлж байгааг ойлгохгүй тохиолдол мэр сэр байсан. Тэгээд бодохоор одоо цагт Монголчууд бид “дээд хэллэг” гэдэг зүйлээ бараг мартаад гээчихсэн юм шиг санагдсан. 

Жүжигчин хүний хувьд нэг уран бүтээлд тоглоод дараагийн уран бүтээлдээ тоглоход нэг шат ахисан байдаг байх. Өөрийн тань хувьд  “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноноос өмнө олон уран бүтээл дээр ажиллаад амжсан туршлагатай жүжигчин шүү дээ. Тэр утгаараа “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд өөрийгөө хэр сайн тоглосон гэж дүгнэж байна вэ?

Тэрийг ч би дүгнэж хэлэхэд хэцүү л дээ. /Инээв/  Гэхдээ миний хувьд “Би бол болоогүй л байгаа юм байна лээ” Надад түүхэн уран бүтээлд тоглох юмсан гэсэн мөрөөдөл байсан. Тэр мөрөөдөл биеллээ олох нөхцөл надад тулж ирсэн учраас өөрийнхөө бүх л нөөц бололцоо, авьяас чадвар юу л байна тэр бүгдийгээ шавхаж ажилласан. Гэхдээ миний хувьд миний тоглосон  Эрболд сэтгэлд арай л хүрээгүй. /Инээв/

Би хийснээсээ илүүг хийж чадах ч байсан байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Сайн хэлж мэдэхгүй юм аа. Хүн чинь тэгээд ер нь өөрийгөө чамлаад байдаг шүү дээ.Миний хэр сайн дүрдээ тоглосныг, хэр чадварлаг жүжигчин бэ гэдгийг үзэгчид болон найруулагч маань дүгнэж хэлэх болов уу. /Инээв/

 “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд хүү нь тоглосон байсан. Хүүтэйгээ цуг кинонд тоглож эргээд дурсах сайхан дурсамжийг бий болгож чадсан байх. Зураг авалтын талбайд хүүгээ кино дүрд тоглож  байхыг харах ямар байсан бэ?

Тэр чинь ёстой аймар хэцүү юм байна лээ. /Инээв/ Өөрөө зураг авалтанд орж байхдаа зарим хэсэг дээрээ алдаад найруулагчид загнуулах тэр мэдрэмж бас л хэцүү шүү дээ.Тэгээд болоогүй хүүтэйгээ  цуг  кинонд тоглоод хүүгээ зураг авалтанд орж байхыг хажуунаас нь харах үнэхээр хэцүү байсан шүү. /Инээв/

Хүүгээ дэргэдээс нь хараад өмнөөс нь сандраад, алдчихвий, үгээ буруу хэлчихвий гээд л. Энэ бол эцэг хүн бүрт л байдаг л мэдрэмж байх л даа.  Яг тэр үед би аавыгаа бодсон. Миний аав ч гэсэн намайг СУИС-ын шалгалтанд орж байхад ажлаа хийгээд байж байхдаа яг над шиг л сандарч тэвдэж байсан байх даа гэж бодогдож байлаа.

Аавын авьяас хүүд нь байна уу? Кинондоо хэр сайн тоглосон бэ?

Аавын авьяас ч юу байхав. /Инээв/ Гэхдээ миний  хүү үнэхээр авьяастай байна лээ. Би бол номыг нь сонсчихсон мэргэжлийн жүжигчин хүн. Авьяас 1  хувь, хөдөлмөр 99 хувь байж хүн амжилтанд хүрдэг гэдэг. Би бол хөдөлмөрлөж л яваа жүжигчин шүү дээ. Миний хүү бол мэргэжлийн жүжигчин биш гэхэд найруулагчийн зөвлөгөөг сайн хүлээж авч их мундаг байсан. Хүү маань их сэргэлэн, хэрсүү л д ээ. Их хөөрхөн байж дүрдээ сайн тоглосон. Миний хүү Золбоот ахын дүр болох Лодойгийн балчир насны дүрд тоглосон.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд би “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд тоглосноо их билэгшээж байгаа. Кино эхлэхдээ Эрболд гэдэг дүр маань сүүлийнхээ ганц морийг, удам дамжин өвлөгдөж ирсэн үнэтэй эмээлээ Данжаадад өгөөд үйл явдал эхэлдэг л дээ. Тэр хэсэг дээр би өвөөгөөс аавд, ааваас надад өвлөгдөж ирсэн сайхан хуучны эмээлээ барьж тоглосондоо их билэгшээж байгаа. Дээрээс нь хүү маань ийм жоохон байхдаа түүхэн уран сайхны кинонд тоглосонд их баярлаж байна./Инээв/

Хүү нь аавтайгаа хамт кино зураг авалтанд ороод аавыгаа ямар их ажилтай байдгийг, яаж ажилладгийг ойлгосон байх. Урлагийн хүмүүсийг хараад байхад гэр бүлдээ зарцуулах цаг зав бага байдаг шүү дээ.

Ер нь манай хүүхдүүд намайг маш сайн ойлгодог шүү. Би чинь 2 хүүхэдтэй. Гэртээ байж байгаад зураг авалттай болоод гарахад араас дагахгүй их хүлээцтэй ханддаг. Миний ажлыг ойлгож аавыгаа их дэмждэг.

“Фантастик” продакшны залуус тайзны уран бүтээлүүд дээр ажиллаж үзэгчиддээ хүргэх төлөвлөгөө байгаа юу? Аль эсвэл дан ганц кино уран бүтээл дээр л ажиллах уу?

Байлгүй яахав. Бид бүгд СУИС-ийг мэргэжлийн жүжигчнээр төгссөн. Тэр утгаараа тайз, дэлгэцийн бүх л төрлийн уран бүтээл дээр ажиллах ёстой хүмүүс. Бид нарын хувьд драмын жүжиг, мюзикл гэх мэт төрлүүд дээр ажиллах төлөвлөгөөнүүд байгаа. Цаашдаа жүжиг, мюзикл гаргах байх, ер нь юу ч гаргаж магадгүй.  Аль төрөл дээр ажиллах нь хамаагүй. Бид хүмүүсийн сэтгэлд нийцсэн уран бүтээлүүдийг л гаргах болно. Мэргэжлийн уран бүтээлчид мэргэжлийн түвшинд л ажиллах ёстой шүү дээ. /Инээв/

Гэхдээ яг одоогийн байдлаар кино урлагт хөл тавьчихсан байгаа болохоор энэ төрөлдөө тултал хөдөлмөрлөж сайн уран бүтээлүүдийг гаргах ёстой болоод байна.

“Фантастик” продакшныхаа хамт олонтой ажиллах өөр продакшны хамт олонтой ямарваа нэг уран бүтээл дээр ажиллахад өөрийн тань хувьд ямар ялгаа мэдрэгддэг вэ?

Миний хувьд “Фантастик” продакшнаасаа өөр хамт олонтой уран бүтээл дээр ажиллаагүй 2,3 жил болчихсон байна. Гэхдээ ажиллахад ялгаа байгаа л даа. Шинэ хамт олонтой ажиллахад эхлээд өөрийгөө ямар хүн бэ гэдгээ ойлгуулна, бүгд санал бодлоо нэг болгохоос эхлээд цаг хугацаа их ордог гэх юм уу даа. Бидний хувьд оюутан байхаасаа нөхөрлөсөн найзууд болохоор нэгнийгээ харцаараа ойлгодог гэхэд хэлсдэхгүй. Нэг ойлголтыг маш хурдан авч тэрнийхээ төлөө тууштай зүтгэж чаддаг болохоор ажиллахад урамтай байдаг.

“Фантастик” продакшны нэрний тухай асуумаар байна. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

Энэ нэр их олон жилийн түүхтэй нэр л дээ. СУИС-ийн манай анги 16 хүүхэдтэй байсан. Тэр үед чинь “Фантастик-4” гээд кино гарч байсан шүү дээ. Манай ангийн хүүхэд бүр “Фантастик-4” киноны баатрууд шиг тус тусын онцлогтой байсан. Гэхдээ зан ааш, гаргадаг зуршлын хувьд шүү./Инээв/ Тийм болохоор өөрсдийгөө  "Фантастик-16" гэж хочилдог байсан хэрэг л дээ. 

Тэр нэр маань явсаар байгаад л “Фантастик” продакшн болсон доо.

 “Фантастик” продакшны залуустай хамтарч ажиллах хүсэлтэй доод үеийнх нь дүү нар их байдаг уу? Мэдээж та нараас юм сурч продакшн-д орох хүсэлтэй залуус их байдаг байх гэж бодож байна.

Кино хийх явцад арын албанд ажилладаг маш олон хүмүүс байдаг. Тэр дунд манай дүү нар сэтгэл зүрхээ зориулж бид нартай нийлж ажилладаг. Хамтарч ажиллах хүсэлтэй залуус дүү нар байгаа. Тэр хүмүүсийг бид нар хүнийх нь хувьд их хардаг. Тэр хүн авьяастай байж болно, мундаг байж болно. Гол нь хувь хүний хүмүүжил, юуг ч хийсэн сэтгэлээсээ юманд хандаж чадаж байна уу гэдэг л чухал гэж боддог. Аливаа юманд сэтгэлээсээ ханддаг хүн ямар ч салбарт амжилтанд хүрдэг шүү дээ.  Тийм болохоор хүний сэтгэлийг л хардаг даа. /Инээв/

Анд явдаг уу?

Анд явдаг аа. Гэхдээ ойр ойрхон бол явдаггүй ээ. Дээлээ өмсчихөөд, морио унаад, буугаа үүрээд уулан дээр алхаад явах ч хийморь сэргэм шүү дээ. Тэр нь л их сайхан байдаг юм. Зарим хүмүүс анд явна гэхийг амьтны амь таслахаар л ойлгоод байдаг. Амьтан алахдаа гол нь биш шүү дээ. Миний хувьд амьтан алах гэж улайрч анд явж байгаагүй. Байгаль дэлхийтэй ойр байж уул усандаа мөргөж хийморио сэргээхэд л анд явахын мөн чанар нь байдаг гэж боддог.

Одоогийн хотын залуус эртний ёс заншлаа хадгалж үлдэхийн тулд юу хийх ёстой гэж бодож байна вэ?

Улс болгоны хүмүүс өөр өөрийн гэсэн дэлхийд танигдсан тодорхойлолттой байдаг шүү дээ. Монголчууд гээд аваад үзэхээр яг онцлоод нэг тийм хүмүүс шүү гээд тодорхойлох дотоод хүнийг илтгэсэн тийм зүйл байхгүй байдаг юм шиг санагддаг. Энэ нь Монгол үндэстэн гэсэн үндсэн ойлголтоо бага багаар алдаад байгаагийн илрэл юм болов уу даа. Одоо үед залуус маань гадны соёлд хэт автаад байгаа харагддаг. Тийм байж болохгүй.

Хамгийн гол нь оюуны дархлаатай байх хэрэгтэй. Тэгээд түүхэн ном зохиол маш сайн унших хэрэгтэй.

Мэдээж түүх соёлоо хадгална гээд бүх хүмүүсийг мал дээр гарч малчин бол гэхгүй л дээ. /Инээв/ Монголчууд  нүүдэлчин ард түмэн учраас эртний ёс заншлууд маш ихтэй үндэстэн. Зарим нь амьдралдаа хэрэгжүүлэхэд хэцүү ч хэрэгжүүлж болох нь ч бас бий. Тухайлбал, гэр бүлийн харилцаанд гэргий хүний цээрлэх ёс, эр хүний цээрлэх ёс, нялх хүүхэдтэй айл ямар ёстой вэ гэх мэт олон ёс заншил, сургаалиуд байдаг шүү дээ. Тэр бүрийг манайхан гэр бүл дотроо хэрэгжүүлдэг байвал эргээд үр хүүхдүүд маань түүх соёлоо хадгалж авч үлдэхэд хэрэгтэй гэж боддог юм. Адаглаад хурим найраа монгол уламжлалаараа хийдэг байгаасай.

Одоо ямар дүр дээр ажиллахыг хүсэж байна вэ?

Одоо яг тийм дүрд тоглох юмсан гэсэн бодол байхгүй байна. Сайн уран бүтээлүүдэд тоглож ямар ч дүрд тоглосон бай хамаагүй тэр дүрээ тултал нь илэрхийлж сайн гаргах юмсан гэж л бодож байна даа.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Спортоор хичээллэх дуртай. Би волейболийн спортоор 10 жилийн сурагч байхдаа хичээллэж эхэлсэн. СУИС-д орсноосоо хойш волейбол тоглоогүй их удсан л даа. Одоо цаг завтай үедээ буцаад волейболоо тоглохыг хичээж байгаа.  Мөн жүжигчин хүний хувьд бие бялдрын хувьд заавал тэгш хөгжилтэй байх ёстой байдаг. Тэр утгаараа фитнесс клубт байнга хичээллэдэг. Тэр маань  нэг төрлийн хобби болж байна даа.

Хоёулаа ярилцлагандаа эр хүний тухай их ярьлаа. Тэгвэл эр хүн эмэгтэй хүнтэй яаж харьцах ёстой гэж боддог вэ?

Миний хувьд яг тэгэж харьцах ёстой гэсэн тодорхойлолт байхгүй ээ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй яг адилхан нэг байдлаар харьцах ёстой гэсэн харилцааны хэлбэр байхгүй шүү дээ. Мэдээж эмэгтэй хүнийг хүндлэх ёстой. Эмэгтэй хүн гэдэг эр хүний удам залгах үр хүүхдийг хэвлийдээ тээж төрүүлдэг. Хүндэлж хайрлах ёстой хүмүүс шүү дээ. Ямар ч эмэгтэй хүн эх хүн болдог гэдэг утгаараа ээжээс минь ялгаагүй санагддаг.

Харилцааны тал дээр аваад үзэхэд эмэгтэй хүн бүхэн адилхан биш шүү дээ. Тийм болохоор эмэгтэй хүмүүстэй дундыг барьж аль болох  өөрийнх нь зан аашинд тааруулж хүндэлж харьцдаг даа.

Хосуудын харилцааны хувьд аваад үзвэл эр хүн хүлээцтэй байх хэрэгтэй гэж боддог юм. Юу юуны туханд хүрээгүй эмэгтэй хүнтэй хэрэлдээд л, тэвчээргүй зан гаргаад дэмий шүү дээ. Тайвшрахаар нь асуудлаа ярилцаад ухаалгаар шийдэлд хүрдэг байх хэрэгтэй гэж боддог.

Ярилцахад үнэхээр сайхан байлаа. Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Танай хамт олонд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Сэтгүүлч:Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn