Манай улсад 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байдаг. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар, 13-17 насныхны 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн гэжээ.

Мөн  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь тэдэнд анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгаа юм. Иймээс Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс ахлах ангийн сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг зохион байгууллаа.Хүүхдүүд өсвөр насан дээрээ мансууруулах бодис хэрэглэж, хэн нэгэнд уруу татагдаж, гэмт хэрэгт холбогдох, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг гэнэ. Мөн цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр энэ дүүрэгт өсвөр насны хүүхдүүд амиа хорлохыг завдсан тохиолдлууд нэмэгдсэн юм байна. 
Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч Г.Баянбямба “Манай дүүрэгт бага насны хүүхдүүд дээрмийн гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Энэ нь өглөө хичээл цуглах, орой тарах цагаар их гардаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ үнэтэй утас авч өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд үнэтэй утас ашиглах нь дээрмийн хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн амиа хорлохыг завдсан хэрэг манайд хэд хэд бүртгэгдэж, өмнөх оныхоос гурван нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Гурван нэгж гэдгийг тодруулбал, өмнөх онд дөрөв байсан бол энэ онд долоон тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг. Энэ нь цахим тоглоом болон өсвөр үеийнхэн бие биедээ дурлах, эцэг, эх, багш нарын дарамт зэрэг шалтгаанаас үүдэлтэй байсан. 
Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдтэйгээ биечлэн тулж харьцах, тэднийг сонсох, цаг гаргах, ярилцах, хэрэгтэй. Өөрт нь тулгамдаад буй хайр, дурлалынх нь талаар яриа өрнүүлсэн ч болно шүү дээ. Тэгвэл тэр хүүхэд амиа хорлох тухай бодох ч үгүй. Харин одоогоор манай дүүрэгт өсвөр насныхан хар тамхи, тэр төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ гааз, цавуу үнэрлэдэг тохиолдлууд байдаг” гэсэн юм. 
Мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа “ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээлээр хүүхдүүдэд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэрэг ухагдахуунуудыг ойлгуулах ёстой. Гэвч хүүхдүүд энэ хичээлээр шаардлагатай ойлголтоо бүрэн гүйцэд авч чаддаггүй. Мэдлэг дутмаг байдаг. Тэгэхээр БЗХӨ, үр хөндөлт, архидалт, тамхидалт, цаашлаад сэтгэцийн олон асуудлаас үүссэн аюул нүүрлээд байгаа юм. Зөвхөн эрүүл мэндийн хичээл, ном сурах бичгээр тэдэнд энэ ойлголтыг өгөхөөс гадна цахим ертөнцөд энэ талын мэдээллийг байрлуулж, тэдэнд хор уршгийг таниулж, хэрхэн даван туулах арга замыг хэлмээр байгаа юм. Учир нь манай өсвөр үеийнхэн ихэнх цагаа цахим ертөнцөд өнгөрөөж байна шүү дээ. Тийм болохоор мэдээлэл хурдан тархана. Фэйсбүүк, цахим хуудсыг хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр дүүргэж байснаас нийгэмд тустай зүйлд ашигламаар байна. Өсвөр насныхны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх нь чухал болохоос болсон хойно нь мянга халаглаад яахав. Тэгэхээр урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг санаачилмаар байна. Миний бодлоор бол сургуульд Аюулгүй байдлын комисс гээд хүүхдүүдээс бүрдсэн бүлэг ажиллавал болж байгаа юм. Тэр хүүхдүүд сургалтад хамрагдаж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө аваад гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүддээ зөвлөгөө өгөх зарчмаар ажилламаар байна. Хүүхэд хүүхдээ ойлгох нь амар шүү дээ. Ингэж гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлмээр байна”  гэлээ.

Үндэсний шуудан сонин