Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, шинжлэх ухааны байгууллагуудын нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан нар өчигдөр багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

“Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын талаар тэдний эрх ашгийг хамгаалан ажиллахгүй байна” гэсэн олон нийтийг төөрөгдүүлэх, хутган үймүүлэх худал мэдээллийг зарим хүн, багш нарын түр хорооноос нийгэм олон нийтэд түгээж байгаад харамсч байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Тус хороо багш нарын төдийгүй, нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зохицуулалтыг 25 жил хийж, багш нарын эрх ашгийг хамгаалан ажилласаар ирснээ энэ дашрамд хэлсэн юм.

Салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн хороо болон салбарын ҮЭ-ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгээд байгаа аж. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол энэ сарын сүүлчээр багш нарын хугацаагүй ажил хаялтыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тус хорооны дарга Ж.Батзориг “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны зүгээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үгүйсгэсэн, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой худал мэдээлэл нийгэмд түгээж буйг салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс буруушааж зохисгүй үйлдэл гэж үзэж байна. Манай холбооны гишүүд түр хороог ажиллах нөхцөлөөр хангах үүднээс бололцоотой арга хэмжээнүүдийг авч дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Хамтын маргааныг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол аравдугаар сарын сүүлээр хугацаагүй ажил хаялт зарлана.

Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Саранцэцэг “Манай байгууллага багш нарын ажил хаялтад хориг саад тавьж байна гэх асуудал яригдаад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Багш нар хуулийн дагуу бус, цалингүй ажил хаяна гэх байр суурийг түр хорооноос шаардаж байсан. Энэ нь цаашлаад ажлаас халагдах эрсдэлийг дагуулах байсан учир бид ажил хаялтыг дэмжээгүй. Эдийн засгийн хямралтай үед цалин нэмэх боломжгүй гэж ярьж байгаа.

Гэхдээ бид зарим судалгаа хийсэн. Жишээлбэл, хувийн цэцэрлэгүүд 300 мянгаас гурван сая хүртэл төлбөр авдаг. Гэтэл улсын цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд тодорхой хэсгийг эцэг, эхээс авна гэж заасан ч өнөөдрийг хүртэл авахгүй байгаа. Нэг ангид 60 хүүхэдтэй гэж тооцоолоход 1650 төгрөгийн тал хувийг нь авахад 1 сая 80 мянган төгрөг сард цуглах боломжтой. Үүгээр багш нарын цалинг нэмж болно” гэж хэллээ.

Б.МӨНХ

unen.mn