Хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ хүчирхийлэлд өртдөг. Гэвч энэ талын мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж энэ бол байх ёстой үзэгдэл гэж хүлээн авдаг байна. Энэ тухай Хүнйи эрхийн комисссийн 16-р илтгэлд тодорхой дурьдсан байх юм.

Сургууль, цэцэрлэг нь хүүхдийн хоёрдогч гэр болохуйц чухал орчин билээ. Гэвч сургуулийн орчинд зарим багш, ажилтан хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүүхдүүд багшаасаа, үе тэнгийнхнээсээ айж, эмээж түгшдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Мөн сургуулийн орчинд гарч буй үе тэнгийнхний хүчирхийлэлд хариу арга хэмжээ авахгүй байгаа нь ийнхүү хүчирхийлэл бүхий л орчинд газар авч байгаагийн гол шалтгаан болж байна.

Сургууль дээрх дарамт, хүчирхийлэл нь багш болон бусад сурагчдын зүгээс дээрэлхэх, хүчирхийлэх үйлдэл юм. Монгол Улсын хууль тогтоомжоор сургуулийн орчинд бие махбодын шийтгэлийг хориглосон билээ. Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт багш нь суралцагчийн бие махбодод халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно гэж заасан байдаг ч энэхүү заалтын хэрэгжилт тунхгийн шинжтэй байгаагаас нь болж сургуулийн орчинд, багш хүүхдийг сэтгэл санааны хувьд хүчирхийлэх явдал амь бөхтэй оршин тогтносоор байна.

Сургуулийн орчинд, ялангуяа эрэгтэй сурагчдын дунд насаар бага сурагчдаас мөнгө нэхэж дарамтлах, өгөхгүй бол зодож гар хүрэх явдал нийтлэг байна. Зарим тохиолдолд үүнийг ангийн багш нь мэдэж байгаа ч ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа нь үе тэнгийнхний дарамт хүчирхийлэл нэмэгдэж байгаагийн шалтгаан болж байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 16.5 хувь нь багшаасаа, 8.4 хувь нь сургуулийн нийгмийн ажилтнаас, 2.3 хувь нь дотуур байрны багшаасаа айдаг гэжээ. Энэ нь багш нар хүүхдийг хүмүүжүүлэх, сургах зорилгоор тэдний эрхийг зөрчиж байгааг илтгэж байна. Түүнчлэн асуулгад оролцсон хүүхдүүд, тэдний эрхийг хамгийн их зөрчдөг этгээдээр дээд ангийнхан болон үе тэнгийнхнийг нэрлэсэн нь сургуулийн орчинд хүүхдүүд нэг нэгэндээ хүч хэрэглэх, бие биенийхээ эрхийг зөрчих явдал элбэг байгаагийн нэг илрэл юм. Насанд хүрэгчдийн зүгээс сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хичээл хийх ёстой, сайн сур гэдэг шаардлагыг маш өндөр тавьдаг боловч бусадтай зөв харилцах, найз нөхдөө хүндлэх, хайрлах тухай сургаж хүмүүжүүлэх тал дээр учир дутагдалтай байна. Хүүхэд наснаасаа найз нөхөд, үе тэнгийнхэнээ ойлгож, хүндэлж харилцаж сурах нь ирээдүйд бусадтай зүй зохистой харилцдаг, багаар ажиллах, бусадтай хамтрах чадвартай бие хүн болон төлөвших суурь хандлага нь болох юм. Ёс зүйн онолоор ёс суртахуун гэдэг нь хайр энэрэл, хүнлэг ёсны үзэл дээр суурилдаг бөгөөд энэ нь хүүхэд насанд төлөвшөөгүй бол насанд хүрсэн хойно сөрөг үр дагавартай гэж үздэг байна. Иймд хүүхэд насны хүмүүжлийн агуулгад онцгой анхаарах шаардлагатайг байгаад иргэн бүр анхаарах шаардлагатай байна.