Эрүүгийн хуулинд нэг айхтар том цоорхой байна. Үүний улмаас иргэд эд зүйлээрээ хохирч, хулгайч нар нь хуулийн цоорхойгоо ашиглаж байна. Тодруулбал, хэд хэдэн удаагийн давтан үйлдлээр цагдаад шалгагдаж байгаа хулгайчийг шүүхээс  цагдан хорьдоггүйгээс болж  хулгайч нар шалгагдаж байхдаа  дахин бусдын эд зүйл хумсалдаг.

 

Хоёр ба түүнээс дээш удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 300 000 төгрөг хүрэхгүй эд зүйл хулгайлсан бол 7-14 хоног албадан  сургалтад  хамруулаад, 20 000 төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа.

Гурав дахь удаагаа албадан сургалтад хамрагдаж байгаа этгээдийг хулгайн гэмт хэргийг амьжиргааны эх үүсвэр болгосон гээд шүүхээс ял оноож таслан сэргийлдэг болсон.  Ингэснээр Монгол улсад байнга хулгай хийдэг хулгайч нарын 20-30 хувь нь ял эдэлж байгаа. Харин үлдсэн 70 хувь нь “шигшээ” гэж хэлж болохоор хулгайч нар бусдын эд хөрөнгийг хулгайлж, иргэдийг хохироосоор байна. Уг нь шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.   

Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн ээжийн гэрийг ухсан хулгайч 30 гаруй удаагийн давтан үйлдэлтэй этгээд байна.  ХУД-ийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байсан этгээд мөрдөн байцаагчтайгаа уулзаж батлан даалтад гарсан байгаа юм. Улмаар маргааш нь Ерөнхийлөгчийн ээжийн гэрийг ухсан байдаг. Хулгай халдлагад өртсөн айл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайнх бөгөөд их гарын мөнгөн аяганууд, алтан бугуйвч, хөөрөг зэрэг үнэт эдлэлүүд алдагджээ. Хулгайчийг баривчилсан. Тус хулгайч нь 2016 оноос сүүлээс эхлэн 30 гаруй айлын эд хөрөнгийг хулгайлсан байгаа юм. Нэгэнт орон гэргүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажил хийдэггүй тул хохирол барагдуулж чадахгүй нь тодорхой тул иргэд хохироод үлддэг.

 

Хэрвээ тухайн этгээдийг  ноднин жил эхний болон хоёр дахь хулгайгаа хийхэд шүүхээс зөвхөн хоёр үйлдэл дээр нь ялыг нь өгсөн бол өнөөдөр 30 гаруй айл хулгайн хэргийн золиос болохгүй байсан. Мөн энэхүү “хулгайч”-ийн ял нь хүндрэхгүй, бүх  хохирлыг төлж барагдуулахын тулд “зовохгүй” байх байв. Мөн цагдаагийн байгууллагын хувьд ачаалал нь буурч бусад илрээгүй хэргийн хойноос хөөцөлдөх боломжтой болох байв.

Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор нь тодорхойлолт гаргаад өгвөл шүүх нь барьж хориод иргэдийг хулгайн хэргийн золиос болохоос сэргийлэх шаардлагатай байна. Иймхэн зохицуулалт хийгээгүйгээс болж хулгайн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг цагдаад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо болон шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргийн тооноос харж болно.  Монгол улсын хэмжээнд он гарсаар 09 сарын байдлаар гарсан нийт гэмт хэргийн 56 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа юм. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн  80 гаруй хувь нь хулгайн хэрэг. Энэ нь Монгол улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 37 хувь нь хулгайн гэмт хэрэг байгаа юм. Хулгайн гэмт хэрэг үйлдэгчийн 70 гаруй хувь нь давтан үйлдэлтэй этгээдүүд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийн тоо   29.3, ял шийтгүүлэгчдийн тоо 28.5 хувиар тус тус өссөн байна.  2016 оны 3-р улиралд 899хэрэг шүүхээр шийдэгдсэн бол  2017оны 3-р улирлын байдлаар 1038 хулгайн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.  

Тиймээс  шүүх нь асуудалд мэдрэмжтэй хандаж,  хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд нь олон удаагийн үйлдэлтэй бол цагдан хорих шаардлагатай байгааг анхаарна уу. Эс бөгөөс иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор, цагдаа, прокурор, шүүгч нарын ачаалал нэмэгдэх хандлагатай байгааг харна уу.