Сүүлийн үед хэн сайн цүнх барьсан бэ нэртэй  тэмцээн залуусын дунд өрнөж амжилттай бөгс долоосон нь хурган дарга болдог марафон үргэлжилж байна.   Уг нь ийм байдлыг таслан зогсоохын тулд Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байгуулагдаад, Төрийн албаны тухай хууль цаасан дээр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн байх юм.

Гэвч энэ байгууллага ажлаа хийхгүй, Төрийн албаны тухай хууль нь хэрэгжихгүй байгаагаас өнөөдөр засаг солигдох бүрт төрийн албан хаагчид ажлаа өгдөг. Үүнээс болж төрийн залгамж халаа утгаа алдаж, туршлагатай, мэдлэгтэй нь улс төрийн золиос болж халагдсаар байна.

Үүнийг илтгэх тоон баримтыг хүргэе.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийтдээ 10,036 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан. 3373 хүн ажил албаа сэлгэн шилжсэн, 2758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон, 1210 төрийн албан хаагчийн эрхэлж буй албаны чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 1100 хүн төрийн албанд шинээр томилогдсон байх юм.

МАН өмнө нь цөөнх байхдаа энэ хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө идэвхтэй оролцдог байсан. Одоо олонх болсныхоо дараа асуудалд яаж хандаж байгааг бид бүгд харж байна.

 

Төрийн албаны зөвлөл нь Үндсэн хуулийн цэц шиг өндөр босготой байх хэрэгтэй. Ингээд тус зөвлөл төрийн албан хаагчдын халаа, сэлгээний асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг байх. Төрийн албан хаагчид шүүхэд хандах шаардлагагүй, зөвлөлдөө ханддаг тогтолцоо руу шилжвэл өнөөгийн байдал цэгцрэх  болно. Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийг засаж тохируулах ажилд УИХ-ын гишүүд хойрго хандаж байгаа нь нууц биш. Гишүүдийн хувьд халаа сэлгээний асуудлаа л ярилцах нь чухал байгаа бололтой. 

Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Сангийн яамнаас санал болгосноор нөхөн олговрын 25 тэрбум төгрөгөөс хууль бусаар ажлаас халагдсан албан хаагчдын зөвхөн цалингийн зардалд гэхэд 1.2 тэрбум төгрөгийг төсвөөс олгохоор төлөвлөсөн байна. Бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас халагдсан албан хаагчид хуулийн дагуу гурван сарын цалин, хууль бусаар халагдсан гэж үзвэл өнгөрсөн хугацааны цалинг нөхөн олгож ажилд нь эргүүлэн авах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр төрийн албанаас 11000 албан хаагчийг халсан байна гэсэн тооцоог С.Эрдэнэ зарлаж байж.

АТГ-аас явуулсан шалгалтаар ил болсон хоёрхон жишээ дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон нийт 54 хүнд 257 сая төгрөгийг олгосон бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 2 албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Засаг солигдсон энэ цаг үед АТГ-ын ачаалал нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл халаа сэлгээ эхэлсэн энэ цаг үед хурган дарга болох гэж байгаа нөхдүүд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг шалгаж байгаа. Уг нь ингэж мөнгө төгрөг үрэн таран хийж, бусдад ажил нэмж байхын оронд туршлагатай нэгнийг ажлын байранд нь үлдээх хэрэгтэй. Ингэснээр төрийн залгамж халаагаа хадгалж үлдэх хэрэгтэй баймаар... 

Ерөнхий сайдаа халаа сэлгээ хийх нь зүйн хэрэг. Гэхдээ туршлагатай нэгнээ золигт гаргаж, цүнх баригчдыг дэвшүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?  Туршлагатай нэгэн халагдаж, цүнх баригчид завшдагийг болиулаад өгөөч сайд аа