УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг хэлэлцэх байсан ч хойшлуулав. Учир нь томилгооны саналыг хэлэлцэхээс өмнө тодруулах шаардлагатай асуудал байгаа гэж гишүүдийн олонх нь үзсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т. Аюурсайхан, Л.Болд нар Б.Хурцын хэлсэн Монгол Улс зэвсгийн наймаа хийх гэж байсан гэсэн мэдэгдлийн учрыг олохгүйгээр сайдаар томилуулж болохгүй гэсэн байр суурьтай байв. Мөн гишүүний нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн, гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн Т.Аюурсайхан УИХ-ын даргаас хүсэв. Мөн Б.Хурцтай холбоотой асуудлаар УИХ-ын нийтийн сонсгол хийхээр Ж.Батзандан тэргүүтэй 21 гишүүн санаачилга гаргасан.

Хуулийн дагуу нийтийн сонсгол хийсний дараа Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх тухай санал ч гарч байсан юм. Харин УИХ-ын Тамгын газраас Нийтийн сонсгол явуулах хуулийн зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нийтийн сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүйг тайлбарлалаа. Тиймээс нийтийн сонсгол хийх асуудлаар биш гишүүний нэр хүндэд халдсан мэдэгдлийг тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гаргав. Санал хураахад гишүүдийн олонх нь буюу 60 гаруй хувь дэмжсэн юм. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг тоймлон хүргэе. 

Ц.Нямдорж: 
-Би өчигдөр Засгийн газрын хуралтай байсан тул Байнгын хорооны хуралд сууж чадаагүй юм. Гэртээ хариад телевиз үзэхэд, томилгоо авах гэж буй хүн ноцтой асуудал ярьсан байсан. Асуудалдаа миний нэрийг оруулсан байна. Л.Болдод хандаж “Зэвсгийн наймаа хийсэн. 300 мянган ам.доллар нэхэмжилсэн. Таниас болж  хоёр хүн цаазлуулсан” гэсэн. Ингээд төгсгөлд нь “Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа” гэж холбосон байгаа юм. Би гайхаж, тийм бичиг ирсэн эсэхийг яамныхнаар хайлгалаа. Тагнуулын ерөнхий газартай ярьлаа. Цагдаагийнхантай ярьлаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Одоо Гадаад харилцааны яамаар дамжиж тийм бичиг ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо. Би Хойд Солонгосоос ирсэн бичгийг мэдэхгүй, сонсоогүй.  Өчигдөр (уржигдар) анх удаа л сонслоо. Тэгэхээр энэ асуудлаа хэлэлцэхийг хойшлуулж, энэ бүгдийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий их халдаад байгаа юм биш үү. Л.Болдоос болж Хойд Солонгосын ямар хоёр хүн цаазлуулсныг хэн очиж мэдсэн юм. Тэр тухай ямар бичиг Монголд ирсэн юм. Ийм л юм болж байна шүү дээ. Тиймээс нэгдүгээрт би энэ асуудлыг хойшлуулах саналыг дэмжиж байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга та гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Томилгоог шавдуулж хийхийн оронд гишүүдийнхээ учрыг ол. Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан. Энэ асуудлыг шалгуулж, миний нэр төрийг цэвэрлэж өг өө. Миний таньдаг хүний хүүхдүүд ямар бизнес эрхэлж, хэр хөрөнгөтэйг мэдэх алба надад байхгүй. Миний ямар ч оролцоо байхгүй. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болж байгаа юм уу. Би УИХ-ын дарга таныг эхний ээлжид гишүүдийн нэр хүндийг хамгаалах ёстой гэж бодож байна. Арай дэндүү байна.  Нийтийн сонсголыг нь хийлгэ. Тусгай албаны үйл ажиллагаанд шалгалт оруул. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчилж, ажилуул. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэм буруутай гэж үзэхгүй гэж Үндсэн хуульд байдаг. Тусгай албаны дарга нар чинь элдэв хов жив цуглуулчихаад, юу ч нотолж чадаагүй байж, ард түмний өмнө эмгэнэлт жүжиг тоглох явдал завхайрч байна. Хуулийн байгууллагад хандсан Хойд Солонгосын бичиг байхгүй шүү. Зэвсгийн наймаа гэдэг чинь олон улсын харилцааны хамгийн эмзэг сэдэв. Монголын нэр хүндийг хөндөж эхэллээ. Энэ нийтийн эрх ашиг биш үү. Хэрвээ энэ асуудлыг хүчээр шийдэх гэж байгаа бол Нийтийн сонсгол хийлгэхээр санаачилга гаргасан 21 гишүүн хуралдаанд оролцох бололцоо байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд заасан хүний эрх, нэр төрийн асуудлыг хөндөж эхэллээ. Тагнуулын байгууллага чинь шүүх юм уу. Тэгээд УИХ-д төлөөллөө суулгачихсан. О.Баасанхүү сүүлийн үед их юм мэддэг боллоо шүү. Тагнуулын даргатай уулзаж байхад гэж гурван удаа мэдээлэл хийлээ. Сүрдүүлээд байгаа юм уу, хаашаа юм. Бусдын гар хөл болж явдгаа боль О.Баасанхүү. 

Л.Болд: 
-Байнгын хорооны хэлэлцүүлэг халуухан болсон. Чуулганы хуралд Байнгын хорооны уур амьсгалыг оруулж ирэх шаардлагагүй. Энд Монгол төрийн онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байна. БНСУ-д суух Элчин сайдыг томилох гэж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал ярьсан. Үүний хариултыг Монголд төдийгүй, олон улсад өгөх ёстой боллоо. Энэ асуудлаа шийдсэний дараа томилгоог явуулахгүй бол хөнгөн хандах бололцоогүй болсон. Дээр нь УИХ-ын нэр хүнд, улсын нууц, төрийн нууцтай холбоотой асуудал гарлаа. Тэгэхээр хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү. УИХ-ын дарга та гишүүдийн нэр төр эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр үүргээ биелүүлнэ гэж найдаж байна гэв.
Ингээд гишүүдийн гаргасан саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжиж Б.Хурцыг Элчин сайдад томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. 

Үндэсний шуудан сонин