Дархан-Уул аймгийн Хонгор суманд  их хэмжээний онц аюултай химийн бодис алдагдсанаас сумын төвийн хүн ам бөөнөөрөө хордсоноос хойш 10 жил өнгөрчээ.  Энэ нь тухай үед хувиараа алт олборлогчдод том сургамж болж улс орон даяар нүүрлээд байсан мөнгөн усны хэрэглээг зогсооход дорвитой хувь нэмэр болсон юмдаг. Гэвч өнөөдөр дахиад л мөнгөн усны хэрэглээ эмх замбараагаа алдаж байгаа талаар хаа сайгүй яригдах болов. Сургамжтай энэ  үйл явдлыг эргэн нэг санацгаая.

  

   2007 оны 4 сарын 23-нд Хонгор сумын төвд гурван үхэр, нэг хонь үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт үхэж, малын эзэд дуудлага өгсөнөөр мэргэжилтнүүд ирж үзэхэд үхсэн малын гэдэснээс мөнгөн ус илэрсэнээр хордлогын үйл явдал өрнөж эхэлсэн түүхтэй. Ингээд Дархан хотын Мэргэжлийн Хяналтын Газар сумын ундны ус, хөрс, хаягдлын цөөрмөөс дээж авч Геологийн Төв Лабораторт өгөхөд шинжилгээний хариугаар мөнгөн ус болон цианид байх ёстой  хэмжээнээс хавьгүй их болсон нь тогтоогдсон. Тодруулбал цианы хэмжээ ундны усанд Монгол улсын стандартаас 13 - 65 дахин, бохирын цөөрөмд  3700 дахин их байсан. Агаарт байх цианы хэмжээ нь стандартаас бүр 7000 дахин их байсан гээд л бодчих. Тэр даруй түргэн авч Отгонбаяр даргаар ахлуулсан онцгойнхон, Батбаатараар ахлуулсан мэргэжлийн хяналтынхан, Юндэн эмчээр ахлуулсан цэргийн госпиталийн дэргэдэх хордлого судлалынхны десант Хонгорт бууж, үзлэг  шалгалт хийгдсэн юм. 

     Хордлого судлалаараа Монголд тэргүүлдэг гавьяат эмч С.Юндэн тэр үед “Хэд хэдэн хүнд хүнд үзлэг хийлээ. Бүгдээрээ хордлогын шинжтэй амьсгаа давхцдаг, даралт ихэсдэг, арьсан дээгүүрээ битүү тууралттай хүмүүс байна. Яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахгүй бол горьгүй болсон байна” хэмээн дүгнэж, бараг онц байдал зарлах дөхөж байлаа. Тухайн үед Хонгорт томилолтоор богинохон хугацаанд ажиллаж байсан дарга сайд нарт хүртэл хордлогын шинж тэмдгүүд илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь хөдөлшгүй баримт. Тэр үед сумын төвийн хаягдал бохир усны цөөрмийн салхины доод талд амьдарч байсан иргэд илүү хордсон юм. Хүмүүс хөгшин залуугүй өвчилж, гахай шувуу үхэр мал нь хээл хаяж, үсгүй нүцгэн төл олноор гарч байсан. Дархан хотын малын эмч нэгэн эрхэм дуудлагаар ирэх болгондоо үүнд нь бруцеллёз гэсэн онош тавьдаг байлаа. Харин галзуурч үхсэн ноход, нүд нь цайсан үхэр, тэнгэрээс бөөн бөөнөөрөө унан үхэж байгаа бор шувууд, элээ тас, хэрээ шаазгайг юу гэж оношлохоо мэдэхгүй хуйхаа мааждаг байсан юмдаг. Бруцеллёзтой малаас  нүцгэн төл төрдөг бол та минь өдийд Монголоор нэг үсгүй шалдан амьтад гүйлдэж  байх байсан болов уу.

     Энэ их бужигнааны үеэр   сумын төвийн иргэдийг эмнэлгийн үзлэгт хамруулснаас  196 хүн бага зэргийн, 30 хүн их хэмжээний хордлоготой гэсэн дүгнэлт гарч байв. Химийн хортой хаягдал шороо болон агуулахын үлдэгдэл циант натрийг хамгаалалтын ямар ч хувцас хэрэгсэлгүйгээр ачин зөөлцөж байсан  5 хүн бие эрс муудан ухаан алдаж,Улаанбаатарт яаралтай хүргэгдэн сэхээний тасагт эмчлүүлж, үүнийг нь төр засгийнхан машид чандлан нууцалж байв. Нугасны ивэрхий гэсэн оноштой нугас нь нуруунаасаа гоожчихсон охин төрж, Улаанбаатарт ирж хагалгаанд орсон боловч хүн болсонгүй. Хордлогын голомтод амьдардаг нэг эмэгтэйн бүх  булчирхай нь цочоод томорчихсон  Улаанбаатарт хүргэгдэж ирсэн  ч эмч нар оношийг нь тодруулж чадсангүй, арай л. ДОХ гэж хэлэх нь холгүй юм болов. Тэр эмэгтэй өөд болохоосоо өмнө тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан Туяагаас мөн ч олон удаа аврал эрсэн дээ. Сайд гуай тоож тасгаар нь  ч шагаагаагүй. 

 

   Гэтэл Туяа сайд тэр бужигнаанаар сумын төвийн өвдсөн иргэдийг дахин үзлэгт оруулах багтаа С.Юндэн эмчийг хордлогын төвийн мэргэжилтнүүдийг оруулалгүй нас ная шүргэсэн ардын эмч нэгэн буурайгаар ахлуулсан дан ганц “Арьсны өвчин судлалын төвийнхнийг” Хонгорт аваачин тууралттай хүн бүрт хамуу гэсэн онош тавиулав. Тэдэнд гартаай барьсан ганц ч багаж хэрэгсэл байгаагүй. Хамууг  уг нь  микроскоп дуран ашиглаж, илэрсэн хачигаар нь оношилдгоос бус эмчийн цол гуншингаар тогтоодог эд биш гэдгийг хүн болгон мэдэх хойно энд элдэв нуршаа тайлбар хэрэггүй биз. Энэ мэтийн баримтыг дурьдах юм бол эцэс төгсгөлгүй юм болно.

   Хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг ч дор нь олов. Тухайн үед нэгэн ах дүүс холоос тодхон харагдах “МICH” /Mongolian Industrial Chemicals/ хэмээх компаний байранд 2006 оноос эхлэн мөнгөн усаар алт угаадаг байсан мөн дараа нь цианид натри ашиглахдаа өмнөд хөршөөс хятад ажилчдыг нууцаар авчран ажиллуулж байсан нь тогтоогдсон. Алт угаалгаж байсан ах дүү хоёр Мандал сумын нутаг дахь Ноён уултай хил залгаа орших Сүжигт хэмээх уулнаас алттай чулуу авчран Хонгорт тээрэмдэж, алтыг нь мөнгөн усаар ялгаж авдаг байж. Хэдийгээр ийм аргаар алтыг ялган авдагч, чулуунд агуулагдах алтны тэн хагас нь элсэнцэр хэсгүүдэд нь үлддэг. Элсэнд үлдсэн алтыг нь цианит натрийн уусмал ашиглан угааж авах арга ажиллагаа тэр үед Монголд хаа сайгүй өрнөж, эмх замбараагаа алдсан үе байлаа. Алттай элсийг цианит натриар дахин угаах үед цианы ион элсэн дэх мөнгөн усны хооронд химийн урвал явагдаж, циант-мөнгөн ус хэмээх шинэ төрлийн химийн хорт бодис үүсдэг. /Hg(CH)2/ Энэхүү бодис нь усанд  уусамтгай мөн маш дэгдэмхий  учир ус агаараар дамжин тархаж, орчны халуун цустай бүх амьтныг хуу хордуулдаг аймшигийн эд. 

   Циант натри бол асар хүчтэй хор мөн тэсэрч дэлбэрдэг бодис. Ширхэн цагаан будааны чинээ цианыг аягатай усанд холиод уулгахад л хүн  агшин зуурын дотор амь тавьдаг.  Яагаав нөгөө кинон дээр гардаг даа. Германы дээд тушаалын офицерүүд захандаа хадсан капсултай шингэн цианыг хазангуут л тэрий хаддаггүй юу. Эх орны дайны үед хорих лагеруудад байсан хүмүүсийг ч мөн цианы хийгээр хордуулан үй олноор нь алж шатаадаг байсныг та санаж байгаа байх. Цианыг Филиппин мэтийн далайн эргийн орнуудын ядуучууд загас алахдаа нууцаар ашигладаг талаар мэдээллүүд олон бий. Харин мөнгөн ус бол хүнийг аажмаар хорлоно. Эхийн ургийг сөнөөнө, гажуудуулна, галзуу солиотой болгоно, хорт хавдар үүсгэнэ. 1932 оноос Японы Минамата тосгонд үйлдвэрээс алдагдсан мөнгөн усанд хордсон мянга мянган хүнд шинж тэмдэг нь чухам ийм л маягаар илэрч байсан байдаг. Ийнхүү эхлээд мөнгөн усаар дараа нь цианит натриар алт угааж, хаягдлаа шууд крантны хоолойгоор дамжуулан бохирын суваг  руу хийж байснаас сумын төвийн цэвэр усны худгууд, хаягдал асгадаг цөөрөм, хөрс ургамал химийн бодисоор бохирдож, орчмын айлуудын хүн мал хордсон байдаг. 

 Энэ нь Монгол улсад бүү хэл дэлхийн улс орнуудад урьд өмнө нь гарч байгаагүй циант мөнгөн ус хавсарсан том хэмжээний хордлого байлаа. 

Урьд нь алтны уурхайн хаягдал циантай ус ууснаас Баянхонгор аймагт нэг айлын хоттой хонь ямаа тэр чигээрээ хиарч үхэр мал ганц нэгээр үхэж байснаас хүн ам төвлөрсөн газар ийм тохиолдол гарч байсангүй.

  БОЯамнаас тэр үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Их Даширын нуруунд алт олборлож байсан Сентерра Гоулдын охин компани болох “Бороо Гоулд”-д 6000тн, Төв аймгийн Жаргалант сумын нутагт алт олборлодог БНХАУ-ын эзэмшилтэй “ТэнХуан”  компани 200тн, орон нутгийн бусад 7 жижиг компанид Хятадаас цианит натри оруулж ирэх зөвшөөрөл олгосон байлаа.  Манай ТББ-ууд хамтран тэмцсэний дүнд зориулалтын ямар ч техник технологигүй, мэрэгжлийн хүнгүй байгаль орчныг хордуулж байсан 7 компаний зөвшөөрлийг хүчингүй болгуулж, харин Канадын Бороо Гоулд, Хятадын Тэн Хуан хоёр  зориулалтын үйлдвэртэй гэсэн Мэргэжлийн хяналтынхны дүгнэлтээр циант натри оруулж ирэх эрхээ авч үлдэж байсан юм. 

      Удалгүй 6 сар гарч, зуны халуун шатан, борооны улирал эхлэхэд Хонгорынхны дунд өнөөх  тууралт улам ихэслээ.  Тухайн үед ОБЕГын тайлангаас үзэхэд ойролцоогоор 45 мянган куб. м. хөрс, ундны усны эх үүсвэр худгууд бохирдсон байсан. Мөн “Мич” компаний агуулахад 20 тонн орчим цианит натрийн үлдэгдэл мөн 1200 гаруй тонн циант мөнгөн ус агуулсан маш хортой хаягдал овоолго элс мэрэгжлийнхний хэллэгээр шлам үйлдвэрийн хашаанд байсан юм. Энэ элснээс  авч сургуулийн засварын үед шалан дор нь дэвссэнээс дунд сургуулийн хүүхдүүд олноор хордлого авч, сумын төвийн нэг айл хаягдал элснээс авч байшингаа шавардсанаас гэр бүлээрээ туурч байлаа. 20т циант натрийг Өмнөговь руу ачуулж, хордсон хөрсийг хуулан хаягдлыг зайлуулсан юм.

   Албан ёсны хэвлэл мэдээлэлд дурьдсанаар өнгөрсөн хугацаанд хордлогын улмаас  хорт хавдраар 100 шахам хүн нас барж, 60 гаруй эх  зулбан, гаж хөгжилтэй арваад  хүүхэд төрсөн байдаг. Тууралтаас гадна даралт нь гэнэт ихэсч багасан тогтворгүйжин харвалт өгсөнөөс мөн ч олон хүн цэл залуугаараа хорвоог орхисон доо. Үүнийг тэр үед тэнд ажиллаж байсан миний бие  баттай гэрчилж чадна. Долоо хоног алгасахгүй хүн цувдаг байсан сумын оршуулгын газар очиж хийсэн бичлэг, үсгүй төрсөн хурга тугал, үхсэн нохой шувууны фото зурагнууд  одоо хүртэл надад хадгалаастай буй. Хүүхдүүдийн хамраас цус гоожих, томчууд даралт нь гэнэт ихсэх, толгой нь эргэж унах, амнаас нь төмөр амтагдах, барьсан тавьснаа мартах, маанагтах өвчин түгээмэл байлаа. 

 

 

   Тэр намар иргэн М-ийн бүх гахайд маажуур тусч,  хашаагаа шөргөөсөөр үхэж байлаа. Үл мэдэгдэх шалтгаанаар сохорсон нэг үхрийг эзэн нь төхөөртөл гэдэс дотор нь ногоороод ойртохын аргагүй өмхийрчихсөн  байсныг би нүдээрээ харсан. Дунд сургуулийн ахлах ангийн нэг сурагч Дархан хотын эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэтэл хэвлийн хөндий нь идээлчихсэн байсныг эмч нь нуун дарагдуулах гэж оролдож байлаа. Ийм явдал нэг бус удаа гарч байсаан. Тус сумынхан гомдол мэдэгдэл гаргасан ч, хүлээн авах  байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд байдаггүй хад мөргөж, ёстой л тэнгэр хол газар хатуу гэгчээр амьдарч байсан даа.  Боломжтой айлууд нь Хонгороос хашаа байшингаа буулган дүрвэн нүүж, хүүхдүүдээ Дарханы сургууль руу олноор шилжүүлж байлаа.   Хонгорынхноос хүмүүс зайгаа барьж, “Хонгороос бэр бүү буулгаарай, хүргэн бүү аваарай” гэсэн хэлц үг хүртэл гарч, тэнд 2 мин зогсдог байсан галт тэрэг хүртэл зогсохоо больж байлаа. Хүмүүс Хонгорт байгаа ах дүүгийндээ очих нь бүү хэл хоол унднаас нь ч амсахаа больсон.  Хонгорынхон хотод ирээд хоног төөрүүлэх айл ч үгүй боллоо гэж гомдоллон ярьдаг байлаа. Хамуутай тэмбүүтэй хүмүүстэй хэн ч ойрхон байхыг хүсэх билээ дээ. Ингэж Хонгорынхныг эртний сударт гардаг халдварт уяман өвчтэй хүмүүс шиг нийгмээрээ ад үздэг болж байсан цаг саяхан мэт. Хонгорыг хортой гэж хэлсэн хүн болгон ажлаасаа халагдах эрсдэлтэй байсан тул ялангуяа эмч нар бүр амаа үдүүлчихсэн байлаа. 

    Хонгорынхон дээш доошоо бичиг цаас шидэж, аргаа бараад нийслэлд бөөнөөрөө ирж  жагсаал цуглаан зохион байгуулж, хэвлэлийн бага хурал хийлгэдэг байсан.   Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, ерөнхий сайд М.Энхболд, аймгийн засаг дарга асан Хаянхярваа нар тэднээс нүүрээ буруулаад зогсохгүй Хонгор хордоогүй гэдгийг батлахаар яаж улайрч байсныг түүх хэзээ ч мартахгүй. Харин манай хэвлэл мэдээллийнхний уйгагүй хүчин зүтгэлийн ачаар энэ асуудал төр засгийн хэрмэн хананаас гадагшилж, Хонгорын хордлогыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг болсон юм. 

 

   НҮБ-ын байгууллагуудын удаа дараагийн шахалт шаардлагаар ДЭМБ-аар ахлуулсан шинжээчдийн баг 2008 оны эхээр  Монголд ирж хэд хоног ажиллаад буцсан. Харамсалтай нь энэ багийн бүрэлдэхүүнд цианаар тэр тусмаа циант мөнгөн ус хэмээх шинэ төрлийн химийн хорт бодисын мэргэжилтэн нэг ч байгаагүй ээ. Германаас мөнгөн усны хордлого судлаач гэх нэг хүн, Японоос Минамата хотын Мөнгөн усны хордлого судлалын хүрээлэнгийн эрдэмтэн доктор Сакамото гуай ирсэн байлаа. Гадаад яаман дээр энэ үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр тус багт ажиглагчаар томилогдсоныхоо хувьд намайг дээрх сэдвийг хөндөн циант мөнгөн усны мэргэжилтэн байгаа эсэх талаар ДЭМБ-ын багийнханд асуулт тавихад тэнд байсан манай сайд дарга нар учиргүй хилэгнэж, хашгичин бараг өмдөндөө дусаах шахаж байсныг тэр үед хэвлэлийнхэн бүгд харсан.  Ямар лобби нь орсныг би мэдэхгүй олон улсын шинжээч нар урьдчилсан дүгнэлтэндээ Хонгорынхон химийн бодисонд хордоогүй, арьсны өвчин байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан нь мөн ч олон хүний гайхшил  зэвүүцлийг төрүүлсэн дээ.  Дараа нь би тэдний ирүүлнэ гэж амалсан эцсийн тайланг олж үзэхээр хөөцөлдөөд бараагүй. Эцсийн тайлан ирмэгц ард түмэндээ ил тод болгоно гэж баруун солгойгүй бураад байсан ерөнхий сайд Энхболд дуугаа хураагаад мэлийгээд суучихсан. 

   Харин хаа очиж С.Баяр ерөнхий сайд болонгуутаа Хонгорт давхиж очоод “Юу үнэн, Хонгор хордсон нь үнэн” гэж хэлээд Хонгорынхноос  албан ёсоор уучлалт гуйчихсан. Харамсалтай нь тэрээр цаашид Хонгор суманд төр засгаас нэн даруй авах арга хэмжээг орхигдуулсан билээ. С.Баяр ерөнхий сайд дараахан нь намайг дуудаж хордлогын маргаантай асуудлыг эцэслэхийг үүрэгдсэн боловч, Тэр үед Байгаль орчны сайд байсан Барсболд хуруугаа хөдөлгөхийг ч хүсээгүй. Яагаад? Сонгууль дөхчихсөн байсан учраас. Харин Хаян дарга ямар арга хэрэглэсэн юм бүү мэд, сонгуулиар Хонгороос тасархай гарсаан. Дараа нь сонгууль будлиантуулсан хэмээн 7 сарын 1-нд ард олон босч, буун дуу гарч, юун Хонгортой манатай юм болсон. Хонгорын хорны асуудал ч тэгсгээд замхарсан даа. 

     Тэр намар Хонгорыг хордуулсан асуудлаар шүүх хурал суманд болж, хэргийн цаад жинхэнэ эздийг нь биш, тэнд ажиллаж байсан хөлсний хоёр муу Хятад ажилчинд ял өгөөд салж байж билээ. Яг саяын Зоригийн алуурчдыг шүүдэг шиг юм болсон юм.

    Өнөөдөр Хонгорт амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь хөгшин залуугүй хорт хавдар гэсэн оноштойгоор хорвоог орхиж байгаагийн учрыг олох цаг болсон. Тэнд хорноос үүдэлтэй өвчнөөр шаналж байгаа хүмүүс, хохирсон гэр бүл зөндөө бий. Өнөөдөр бүрлээчдийн дийлэнх нь хорт хавдар гэсэн пайзтайгаар булшинд орж, залуучууд олноороо группэд орцгоож байна. Тэд Хонгорыг хордуулж үүнийгээ нуун дарагдуулсных нь төлөө төрөөс нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй. Үүнийг нь тэр үеийн гол буруутан болох М.Энхболд, Д.Хаянхярваа нар төрийн эрх барьж байгаагийнхаа хувьд зохих дүгнэлт шийдвэрийг нь гаргуулан нэн даруй учрыг олж, нөхөн төлбөрийг олгох цаг нь нэгэнт болжээ. Ингэж гүрийсээр байгаад зүйл дуусгана гэж бодож байгаа бол та бүхэн том эндүүрч байна. Хэрэг хуучирч, хэрээ цайдаггүй гэдэг дээ. Тэр тусмаа энэ олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг ингэсгээд  мартагнуулна гэж бодож байгаа бол гонжийн жоо шүү. Юу болсныг Монголчууд бүгдээрээ мэднэ, төр засаг яахыг харж ч байгаа.

    1956 онд анх шинж тэмдэг нь илэрч эхэлсэн Минамата суурингийн мөнгөн усны хордлогыг Японы Засгийн  газар үгүйсгэсээр байгаад олон нийтийн уйгагүй тэмцлийн үр дүнд 12 жилийн дараа буюу 1968 онд хүлээн зөвшөөрч, хохирогсдод нөхөн төлбөр олгож эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 2300 шахам хүн хохирсон гэдэг нь  шүүхээр тогтоогдож, тэднээс 1800 шахам нь хорвоог нэгэнт орхисон ч ар гэр, үр хүүхдүүд нь шүүхээр заргалдан буруутан “Чиссо” компаниас 90 шахам сая долларын нөхөн төлбөр гаргуулаад байна.  Нэхэмжлэгчдийн тоо 10 мянга хол давж, одоо хүртэл зарга үргэлжилсээр  байгаа талаар Японы хэвлэлүүдэд бичиж байна.  Гэтэл Дарханы шүүхийнхэн тэр үед байшингаа мөнгөн устай элсээр шаваад хордож өвчилсөн иргэн Г-г Хонгорын цорын ганц хохирогч, бусад нь хохироогүй гэж тогтоосон нь арай л дэндүү тохуурхал мэт. Ийм юм гэж байж болох уу? Монголчууд тэр тусмаа Хонгорынхон дэндүү ноомой хүмүүс юм даа. 2008 оны сонгуулийн өмнө хордсоноо зарлаад заргалдаад явсан ганц нэг хүнд Хаян даргын сэмхэн тараасан жаахан мөнгөнд нь хууртаад тэртээ тэргүй сонсохыг ч хүсдэггүй төр засаг хууль хяналтынхнаас айгаад баг сумаараа амаа тас үдүүлсэн байна. 

   Төр засгийнхан  одоо хугацаа алдалгүй Хонгорынхныг дахин үзлэгт хамруулж эмнэлгийн хяналтанд авах шаардлагатай. Дээр дурьдсан амьдаараа гэдэс дотор нь ногоорчихсон явсан хүүгээс  эхлээд хоронд хохирогчдын эрүүл мэндэд төрөөс тусгайлан анхаарал тавих ёстой. Ингэж гэмээн хордсон Хонгорынхныг хамууруулж, тэмбүүрүүлж даажигнасан буруутан та  бүхний гэм нүгэл хагас хугас ч гэсэн наманчлагдах болов уу. Хэрэв тэр үеийн дарга нар ийм гэм нүгэл хийгээгүй бол 60 гаруй алаг үрс аав ээждээ эрхлэн жаргаж байх байлаа. Хэрэв та бүхэн хугацаа алдалгүй арга хэмжээ авсан бол энэ олон хүн хорт хавдар тусч,  хорвоог зуурдаар орхихгүй байлаа. Хэрэв... Гэвч цаг хугацаа бүх юмны, тэр тусмаа үнэний шалгуур байдаг хойно  олон юм нуршаад юүгхэв, ингээд түр зогсоё. Үнэн худлыг дэнсэлж ялгадаг Бурхан гэж байдаг бол энэ хэрэгт буруутан бүхнийг хаа нэгтээгээс харж байгаа гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байна.

                                                       

 Ш.Пүрэвсүрэн

 

2017-11-19