Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нейл Сакертай ярилцлаа.


-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хоёр дахь хэсэг хэрэгжиж эхэлж байна. Энэ хүрээнд бидэнд олгогдохоор болсон 79 сая ам.доллар хэзээ Монгол Улсад орж ирэх юм. Мөн зарцуулалт дээр хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Энэ сарын 15-нд захирлуудын зөвлөлийн шийдвэр гарч 79 сая ам.долларыг Монгол Улсад зээлүүлэхээр болсон. Одоо Монгол банкны гадаад валютын санд ороод ирсэн гэж бодож байна. Энэ мөнгө хэрхэн зарцуулагдаж байна вэ гэдэг дээр ОУВС үргэлж хяналт тавьж байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт дөхөж очоод байна. Цаашдаа ч өсөх төлөвтэй байгаа. Нэг жилийн өмнө нэг тэрбум хүрэхтэй үгүйтэй л байсан шүү дээ. Мөн Валютын сангаас гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар гээд тус хөтөлбөрийг дэмжин оролцож байгаа хандивлагчид өөрсдийнхөө санхүүжилтийг эхнээс нь олгоод эхэлсэн. Он дуустал нийтдээ 0.5 тэрбум буюу 500 сая орчим ам.долларын санхүүжилтийг хандивлагч байгууллага улс орнуудын зүгээс Монгол Улсад өгөх юм.

Энэ бол Засгийн газраас дэвшүүлсэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжиж байгаа санхүүжилт гэсэн үг.

-Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт ямар тодорхой өөрчлөлтүүд гарна гэж харж байна вэ?

- Төсвийн бодлогын тухайд Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд тохирсон зүйлээ хэрэгжүүлээд явж байна. Богино хугацаандаа эдийн засгийн нөхцөл өнгөрсөн нэг жилтэй харьцуулахад хамаагүй сайжирсан. Урт хугацаандаа бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг хэрэгжүүллээ. Эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа нь Засгийн газрын бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Юуны түрүүнд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрэлтгүй дагаж, алдагдлыг бууруулахад авах арга хэмжээг авсан. Нүүрсний үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн суурьт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэж байна. Төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгийн урсгал нэмэгдсэн, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсан нь сайн үзүүлэлт юм. Тухайлбал, олон улсын бондын зах зээлд маш бага буюу таван хувийн хүүтэй бонд гаргасан нь томоохон амжилт. Өнгөрөгч оны мөн үед 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсантай харьцуулбал энэ нь том амжилт юм. Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид ямар их итгэж байгааг харж болно. Дотоод зах зээлийг харвал Засгийн газрын бондын хүү 18 хувиас 11 хувь хүртэл буурсан сайн үзүүлэлт байна. Банкуудыг бэхжүүлэх ажил хийгдэж байгаа учраас цаашид арилжааны банкны хүү буурна гэсэн найдлага байна. Мөн гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо. Энэ мэтээр эдийн засаг өссөөр байвал 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусахад төсөв ашигтай гарах төлөвтэй байна.

-Манай улсын зээлжих зэрэглэлээс хамаарч ОУВСангаас авч хэрэгжүүлсэн хөтөлбөр илүү хүнд нөхцөлтэй байсан уу?

-ОУВСангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бол Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой. Энэ хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгд, эдийн засагт тулгараад байгаа богино хугацааны асуудлуудыг шийдвэрлэх. Хоёрт, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бааз суурийг бий болгох. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бол Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилготой хөтөлбөр гэдгийг энд дахин онцолмоор байна. ОУВСангийн оролцоо бол бодлогын зөвлөгөө өгөх, хандивлагчдаас санхүүжилт олж авахад дэмжлэг үзүүлэх юм. Валютын сангийн зүгээс ямар нэгэн нөхцөл тулган тавьдаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газартай бид харилцан ярилцдаг.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танаж, татвар нэмж ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдэх шиг болсон?

-Хүүхдийн мөнгөний тухайд бол нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн халамжийн чиглэлээр гаргаж байгаа зардлын үр ашгийг нэмэгдүүлэх нь маш чухал гэдгийг бид ойлгож буй. Хүүхдийн мөнгийг ядуу эмзэг бүлгийнхэнд олгож байгаа. Ер нь Засгийн газарт байгаа хязгаарлагдмал эх үүсвэрийг хамгийн хэрэгтэй зүйлд оновчтой байдлаар зарцуулах хэрэгтэй гэсэн олон улсын нийтлэг туршлага бий.

-Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон. Харин цаашид цалинг нь нэмэгдүүлэх ямар боломжийг та бүхэн харж байна вэ?

-Макро түвшинд харвал төсвийн алдагдлыг бууруулах гэсэн хамгийн том зүйл байгаа. Өнгөрсөн хугацаанд төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалингийн зардал их хэмжээгээр өссөн. Үүний үр дагавраар төсвийн алдагдал ч нэмэгдсэн. Төсвийн алдагдал нэмэгдэхээр Засгийн газар төсвөө санхүүжүүлэхийн тулд зээл авч, зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн. Бас хажуугаар нь төгрөгийн ханшны уналт явагдсан гээд маш олон үр дагавар гарч ирсэн. Цалингийн тухайд бол төрийн албан хаагчид түүний дотор эмч багш нарын цалин маш доогуур байна, нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг бид ойлгож байгаа. Төрийн албаны цалин хөлсийг шийдвэрлэх тухайд урт хугацаанд маш сайн төлөвлөсөн төрийн албаны шинэчлэлийн хүрээнд авч үзэх нь зөв. Төрийн албан хаагчдын тоог эргэж хараад үр ашигтай бүтээмж сайтай байж чадаж байна уу үгүй юу гэдгийг үнэлж үзэх хэрэгтэй. Бид цаашдаа төрийн албан хаагчдын илүүдэл орон тоог цөөлөх замаар тэдэнд олгогдож буй цалинг нэмэгдүүлэх нэг хувилбар бий гэж харж байгаа. Гэхдээ төрийн албан хаагчдын тоог нэг өдрийн дотор бууруулж чадахгүй. Тиймээс маш сайн төлөвлөгөө гаргаж, олон жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Мөн эдийн засаг сайн өсч байгаа үед энэ арга хэмжээг авахгүй бол төрийн албанаас цомхотголоор гарч байгаа хүмүүст дараагийн ажлын байрыг бүрдүүлэх шаардлагатай. Тэр бүгдэд маш сайн бэлтгэлтэйгээр хандаж байж энэ асуудлыг цогцоор нь, илүү урт хугацаанд шийдвэрлэх боломжтой.

-ОУВСангаас шаардлага тавьсны дагуу орон сууцны найман хувийн хүүтэй зээл мөн хязгаарлагдсан байгаа. Энэ зээлийг өргөн хүрээнд олгох боломжтой юу?

-Монгол улсад орон сууцны хэрэгцээ шаардлага их байгаа учраас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөр зайлшгүй шаардлагатай. Хэрвээ Засгийн газраас ийм хөтөлбөр хэрэгжүүлбэл түүнтэй холбоотой бүх зардлаа төсөв дээрээ ил тод тусгасан байх ёстой гэсэн зарчмын хатуу шаардлагыг бид тавьсан. Анх энэ хөтөлбөрийг Монгол банкнаас хэрэгжүүлж эхэлсэн. Одоо бол Монгол банк, Засгийн газрын санхүүгийн агентийн үүргээр моргейжийн зээлийн хөтөлбөрт оролцож байгаа. Тодруулбал, урьд олгогдсон зээлийн эргэн төлөлт орж ирэхээр буцааж зээл болгон гаргаж байгаа. Зээлийн эргэн төлөлт нь үндсэн төлбөрийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр гээд хоёр төлбөр байгаа. Үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг Монгол банк тэр чигээр нь буцаагаад гаргаж байгаа бол зээлийн хүүгийн төлбөрийг буцааж гаргахдаа төсөв дээр зардал болгон тусгаж байна. Тэгэхээр маш ил тод процесс явагдаж байна гэж хэлж болно. Гэхдээ одоогийн тогтолцоог хамгийн оновчтой хувилбар гэж үзэхгүй байгаа учраас цаашдаа энэ тогтолцоог боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. Засгийн газар үүнд нухацтай хандаж, олон талаас нь судалж байгаа бөгөөд ирэх оны сүүлийн хагас гэхэд ямар нэгэн шийдэл гаргаж ирэх болов уу гэж харж байна.

-Манай улсын 13 банкин дээр ОУВСангаас хяналт хийгдэж байгаа шүү дээ. Энэ хяналт шалгалт Монголын банкуудад ямар боломж хийгээд эрсдлийг авчрах вэ?

-Монгол Улс, Монгол банкнаас захиалж арилжааны банкууд дээр активын чанарын үнэлгээ хийлгэж байгаа. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд банкны салбар илүү хүчирхэг байж, илүү олон зээлийг бага хүүтэй олгож байх ёстой. Активын чанарын үнэлгээгээр арилжааны банкуудын нөхцөл байдал яг одоо ямар байна гэдгийг тодорхойлоод цаашдаа банкуудыг бэхжүүлэх, хүчирхэг болгоход юу шаардлагатай байна гэдгийг мэдэж авах зорилгоор үүнийг хийж байгаа гэж ойлгож болно. ОУВСан нэлээд хэдэн улсад үүнийг хийлгэсэн нийтлэг туршлага бий. Банкны салбарыг бүхэлд нь эрүүлжүүлэх том арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм. Активын чанарын үнэлгээ хийгдээд дуусч байгаа ч эцсийн үр дүн нь хараахан гараагүй байна. Гарсан үр дүнг харгалзан үзээд дараагийн алхмуудыг тодорхойлох юм.

-Арилжааны банкууд ер нь цаашид хэрхэн ажиллах хэрэгтэй гэж харж байна вэ?

-Валютын сангийн хувьд санхүүгийн салбар системээрээ тогтвортой байх нь чухал байдаг. Зах зээл дээр өрсөлдөөн их байх тусам зах зээлийн оролцогчид болон эдийн засагт бүхэлд нь сайн гэж харж байгаа. Өрсөлдөөн нэмэгдсэнээр хүүгийн түвшин буурах боломжтой.