“…Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ”.

Энэ бол шүүгчийн тангараг. Шүүгчээр томилогдсон хүн 30 хоногийн дотор хамт олныхоо, эсвэл иргэдийн төлөөллийн өмнө Монгол Төрийн сүлдэндээ энэ тангарагийг өргөдөг.

Эх орны өмнө тангараг өргөнө гэдэг энэ юм. Ийм хатуу тангарагтай болохоор эрх үүрэгт нь итгэл үнэмшлээрээ үнэн зөв шийдвэр гарга гэж хуульчилж өгсөн. Ийм чанга тангарагтай болохоор ядруу буурай төсвөөсөө хамгийн өндөр цалин өгдөг юм.

Харамсалтай нь зарим нэг шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой байж болох элдэв мэдээлэл сүүлийн үед мэр сэр гарах болов. Элдэв барим тавим зүйл яригдаж л байдаг. Тэр улстөрчийн, энэ компанийн захирлын шүүгч гэдэг энд тэндхийн дэл сул яриаг сонсоогүй хүн ховор л байх.

Хамгийн сүүлд өнгөрсөн 2017 онд, одоогоос арав гаруй хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “…Б.Хурц гэх этгээдийг тойрсон хууль хяналтын мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн шүүгч байна. Б.Хурцын, Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигладаг. Төрийн эрх мэдлийг бизнесийн хэрэгсэл болж хувиргадаг. Ийм хүмүүсийн нэрийг тун удахгүй зарлана” гэж мэдэгдэв. Эрхэм гишүүн тэр шүүгчдийн нэрийг хараахан зарлаагүй байна. Ингэж яригдана гэдэг Монголын бүх шүүгчдэд таатай санагдахгүй байгаа нь тодорхой юм. Нэг үхрийн эвэр доргивол… гэж муухай гашуун үг бий. Үнэн үг л дээ. Гэвч эрхийг нь өгч чадсан төр, ард түмэн хариуцлагыг ч бас нэхэх эрхтэй.

Ер нь бол шүүхэд итгэх итгэлийг хэвээр байлгаж, төр ард түмний өмнө өргөсөн тангарагаа биелүүлэх ганц л арга бий. Тэр бол үнэн зөв итгэл үнэмшлээр л шийдвэрээ гаргах юм. Гэтэл шүүхийн зарим шийдвэр ард түмэнд илтэд эргэлзээ төрүүлдэг. 2013 оны сүүлчээр алдарт МИАТ-ийн хэргийн мөнгө угаасан гэх зүйл заалтыг Дээд шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байлаа. Ч.Хоролсүрэн нарын хүмүүс хэдэн жилийн турш Дайны эрсдлийн даатгал нэрээр олон тэрбум төгрөг зувчуулсан гэх хэрэг байсан. Шүүхийн энэ шийдвэрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл гайхширч байсныг санаж байна.

Саяхан шийдсэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт олон нийт эргэлзээтэй л ханддаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл шүүх буруу шийдсэн гээд шуудхан хэлээд байгаа юм.

Гэвч энэ бүхний цаана чухам юу байгааг хэн мэдэхэв. Буруу, зөвийг нь цаг хугацаа шалгаад өгнө.

Харин Улсын Дээд шүүх өнөө маргаашгүй нэгэн асуудлыг шийдэхээр болоод байгаа. Тэр нь МАХН-ын хууль бус хурлын тухай юм. 2017 оны арваннэгдүгээр сарын дундуур, нэгэн амралтын өдрөөр Төрийн ордонд МАХН-ын Их чуулган гээч болсныг эх сурвалжууд хэлж байгаа. Энэ хурлаар Н.Энхбаярыг намын даргаас чөлөөллөө гэчихсэн. Тэр мэдээг нь хэвлэлүүдээр дамжуулж сайтар тараасан. Дараахан нь “нөгөөдүүл” Дээд шүүхэд түүнийгээ бүртгүүлэх гэж хандсан юм. “…Яг үнэндээ МАХН-гүй Н.Энхбаяр, Н.Энхбаяргүй МАХН гэж үгүй гэдгийг “захын нохой” хүртэл хэлнэ” гэж нэгэн намын лидер хэлсэн байгаа юм. Гэтэл МАХН-ын нэг Үүрийн дарга тамгаа барьж очоод, маш их мөнгө цацаж хийсэн. Урьсан хүмүүсээ “Баянгол” зочид буудалд байрлуулж, хуралд оролцсоны шан гэж 100 мянган төгрөгийг хүн бүрийн банкны дансаар шилжүүлсэн байдаг. Баримт нь хүртэл бий. Дээрээс нь Төрийн тусгай хамгаалалт дор хуралдаж, төгсгөлд нь Сүхбаатарын талбайг цагдаагаар бүслүүлж байгаад Д.Сүхбаатарын хөшөөнд эрх баригчдаас ч сүртэй хамгаалуулж байгаад цэцэг өргөсөн. Энэ хурал энэ мэтээр маш олон хууль зөрчжээ. Тоочъё л доо. Үндсэн хуулийн 14.1, 16.10, 14, 17.1, 17.1.1,17.1.2, Монгол Улсын Иргэний хуулийн 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 25, 26, 27, 30, 83, 84, 89, 92,93, 98, 99, 100,  122, 123, 230, 540, 54 дугаар зүйл, заалтыг 1, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.1, 3.1, 186.1, 20.16.1, 22.1.1, 22.11.1, 23.3.1 дэх заалтыг, Зөрчлийн тухай хуулийн 1.5, 2.2, 5.2, 5.2.1, 5.2.1.1, 5.2.1.2, 5.2.1.3,.5.2.1.4, .5.2.1.5, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 2, 8.1, 8.1.1, 8.3, 10, 11.1, 11.1.2, 11.2, 11.2.4, 15.1, 15.6, 19.1, 19.3, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 1.1, 3.1, 4.1, 5.1, 6.3, 6.4, 7.1, 7.4, 8.1, 8.5, 11.1, 11.1.2, 11.2,  11.2.2, 13.1, Улс төрийн намын тухай хуулийн 2.1, 3.1, 3.2, 4.1, 5.1, 5.1.2, 5.1.4, 5.1.5, 8.1, 8.2, 11.1, 11.2.5, 11.2.6, 11.2.7, 12, 13.1, 13.2, 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.3, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4, 15.1, 16, 21.1, 21.2, 22, 24.1, 24.2 дахь зүйл заалтыг тус тус зөрчсөн байгаа юм. Нүд эрээлжилж, толгой эргэм олон хуулийн зүйл, заалт болж байна. Ийм л асуудлыг Улсын Дээд шүүх нэг тийш шийднэ.

Математикийн шинжлэх ухаанд цорын ганц логик бий. Тэр нь яаж ч нэмж хасч, хувааж үржүүлэхэд хариу нь зөв байх ёстой гэдэг. Түүн лүгээ шүүхийн шийдвэр тийм байх ёстой юм.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин