Эрх баригч МАН-ынхан эвтэй, эсвэл эвгүй байгаа тухай ярих хэрэггүй. Ямар байгаа нь тов тодорхой байгаа юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоорондоо дайтсаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайд болгож Засгийн газрыг нь эмхэлсэн.

Бас М.Энхболдыг намын даргаас “авч хаяад” Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон. Түүнээс хойш гурван сар болж байна. Гэсэн ч өнөөг хүртэл МАН-ын энэ байдал нь өөрчлөгдөөгүй.

Энд тэнд уулзалдлаа. Янз бүрийн нэртэй бүлэг фракц бололцлоо гэдэг мэдээлэл энд тэндгүй “нисдэг” болсон.

МАН-ынхан, тэр байтугай улс төрийн хүрээнийхэн тэр аяараа үүнийг мэддэг, ярьдаг.

Эрх баригчид эв түн­жингүй байгааг харуулж байгаа нэг зүйл нь одоогийн Засгийн газрын хийж буй томилгоонуудтай холбоотой.

У.Хүрэлсүхийн тэр­гүүл­сэн Засгийн газрын хуралдаан бүрээр хэн нэгнийг чөлөөлж, өөр хэн нэгнийг томилсон байдаг. Энэ мэдээлэл нь хэд хоногийн дараа мэ­дэгд­дэг болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар элдэв томилгооныхоо мэ­дээллийг тас нуух гэж оролддог болоод байгаа юм.

Ингэж чимээгүй томилгоо хийх болсон нь нам доторх зөрчлөө нуух гэсэн оролдлого гэж харагддаг гэхэд болно.

Энэ Засгийн газар шинээр байгуу­лагдсанаасаа хойш хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлжээ. “Тоосго” су­га­лах зарчмаар хэд хэ­дэн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн байгаа юм. Заримд нь үүрэг гүй­цэтгэгч томилсон байна. Өдгөө ХХАХҮЯ, БСШУСЯ, Эрүүл мэн­дийн яам Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа.

Дараагийн ээлжинд нэр бүхий дэд сайд нар, зарим агентлагийн дарга “сугалуулах” жагсаалтад нэр нь бичигдчихээд байгаа тухай мэдээлэл бий. Өөрсдөө ч мэдэж байгаа гэх юм билээ.

Дээрээс нь У.Хүрэлсүхийн тан­химын зарим сайд яамаа бужигнуулж байгаа мэдээлэл хэвлэлээр өдөр бүр гарах боллоо. Шинэ сайдын халаа, сэлгээ гэдэг тэр аж. Тухайлбал, БСШУСЯ-нд энэ байдал хэтрэх шинжтэй явж байгааг салбарынхан нь ярьсаар удаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай гарч байна.

Ер нь бол МАН-ын ч, АН-ын ч үед засаг солигдох бүрт халаа, сэлгээ хоморголж хийдэг уламжлал тогтсон. Сонгуулийн дүнгээр төрийн эрх нэг намаас нөгөөд шилжсэн үед бол яая гэхэв гэж болно. Харин намынхаа байгуулсан засгийг унагаж очсон шинэ дарга, сайд очоод баахан халаа сэлгээ хийж байна. Тэнд уг нь намынх нь л хүн ажиллаж байсан байдаг.

Гэтэл энэ нь цаанаа тэрний хүн, энэний хүн гэдэг нэр томъёоны дор болдог эд ажээ.  Ийм хачин явдал сүүлийн үед байдаг л зүйл болох шахаж байгаа.

Бас болоогүй, нэг нөхрөө халаад явуулдаг. Тэр нь шүүхэд очдог. Шүүх хууль бусаар халсан гэж шийддэг. Харин тэр шийдвэрийг шинээр очсон сайд эсвэл дарга биелүүлдэггүй. Оронд нь аль хэдийнэ “өөрийнхөө хүн”-ийг томилчихсон байх жишээтэй. Ингэж эрх баригчид төрийн ажлыг завааруулж орхидог болоод байгаа юм.

Ер нь бол нам гэдэг багийн тоглолт л гэсэн үг. Нэгэнт УИХ-д 65 суудалтай болж, үнэмлэхүй олноороо төр, засгийн эрхийг барьж байгаа МАН-ын удирдлагууд багийн тоглолтын стратегийг гаргаж, эвцэлдүүлэн нийлүүлэх ёстой хүмүүс нь юм. Уг нь эрх баригч МАН энэ тал дээр бусад улс төрийн хүчнээс илүү туршлагатай байх ёстой. Гэтэл тийм биш байгаа. Энэ нь МАН-ын удирдлага сул байна гэсэн үг.

МАН багийн тоглолтыг сайн хийх тусам намынх нь бодлого Засгийн газраар нь дамжиж хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл, энэ намынхан 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх шаардлагатай. Гэтэл багийн тоглолт нь байхгүй болж, засагт орсон сайд нар нь өөрсдийн дүрмээр тоглосноор мөрийн хөтөлбөр дашийн шог болоход гайхах зүйлгүй болж байна. Ийм нөхцөлд 2016 оны сонгуулиар МАН-ын сонгогчдод амласан амлалт биелэх талаар яриад ч хэрэггүй юм. Ингэж энд тэндгүй ярьж байна.

Тиймээс “…УИХ-ыг тараана гэлээ, Засгийн газрыг огцруулна” гэж бусдад гомдож суухаар намынхаа дотоод эв нэгдлийг бодоцгоож, “тогоо”-н дотроо энэ бүгдээ ярих учиртай юм.

Тэгээд ч, явж явж багийн тоглолтоо алдсан МАН-ын энэ байдал дан ганц энэ намын бус Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг хөндөж буйг тэд ойлгох цаг нэгэнт болсон байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин