Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлсэн. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай. Өдгөө 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

 

Тухайлбал, Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан. Эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Дипломат харилцаа тогтоож буй улс орнуудын түүхийн талаар товч дурьдвал:

  • Францын эзэмшлийн газар нутаг Афарс болон Иссас 1977 онд нэгдэж Жибути гэж нэрлэгдэх болсон. Франц Улсаас 1977 онд Жибути тусгаар тогтнолоо зарлаж Хассан Гулед Аптидон нэг намын авторитар систем тогтоон 1999 он хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн байна. 1999 онд Жибутид анх удаа олон намын ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Өдгөө хаант болон Ерөнхийлөгчийн засаглалтай.  Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилдог.  Улс төрийн  13 намтай. 1.2 тэрбум ам.долларын гадааад өртэй.
  • Бахамын хамтын нөхөрлөлийн улсын уугуул иргэд нь Taйно угсааны хүмүүс. Тэд  анх 11-р зууны орчимд Хиспаниол арал,  Кубаас өмнөд Бахамын арлууд руу нүүж суурьшжээ. Яваандаа тэд өөрсдийгөө Лукаяан хүмүүс гэж нэрлэх болсон байна. 1492 онд Кристофер Колумбыг Бахамд ирэх үед ойролцоогоор 30,000 Лукаяан хүмүүс оршин сууж байжээ. 700 гаруй арлаас бүрддэг арлын улс бөгөөд 2016 оны байдлаар хүн амын тоо 392,718 байжээ. 1973 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тусгаар тогтнолоо зарлаж, Их Британийн колониос гарсан түүхтэй. 18 тэрбум ам.долларын гадаад өртэй.
  • Сент Кристофер ба Невисийн холбооны улс нь 52,715 хүн амтай Үндсэн хуульт хаант засагтай парламентын засаглалтай. Английн II Элизабет Хатан хаан амбан захирагчийг  томилдог. Эдмунд Лорэнс 2013 оны 1 сараас амбан захирагчаар томилогдон ажиллаж байгаа.  2016оны байдлаар 187.9 сая ам.долларын өртэй. 1623 онд Британичууд ирж суурьшихаас өмнө Карибын индианчууд олон зуун жил суурьшин амьдарч ирсэн. 1967 онд Кристофер ба Невис нь Их Британийн харья өөртөө засах орон болсон. 1971 онд Ангуилла арлын иргэд бослого гаргаж, тусгаар тогтнолоо зарласан бол 1983 онд үлдсэн арлууд Их Британиас тусгаар тогтносон. 
  • Эртний Маяачууд өнөөгийн Белиз Улсын нутаг дэвсгэрт хот улсаа байгуулан суурьшин амьдарч байжээ. 17-18-р зууны үед Их Британи болон Испани нь тус бүс нутагт газар нутгийн маргаан дэгдээж байсан. Гватемал, Их Британи хоёрын дунд өрнөсөн газар нутгийн маргаан нь Белиз Улсын тусгаар тогтнолоо олох үйл явцыг 1981 он хүртэл хойшлуулсан бөгөөд Гватемал Улс нь 1992 он хүртэл Белизийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан байна. Үндсэн хуульт хаант засаглалтай парламентын улс. Засаглалын бүтэц нь Их Британийн парламентын систем дээр суурилсан. Английн хатан хаан II Элизабет “хаанчилдаг” бөгөөд Амбан захирагчийг Английн хатан хаан томилдог. 2016 оны байдлаар 1.3 тэрбум ам.долларын өртэй улс. Амбанзахирагч нь хууль тогтоох сенатын дээд танхимын 12 гишүүнийг томилдог.  Белиз Улс нь Засгийн газрын 2017 оны 244 дүгээр тогтоолоор Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт”-д багтсан.

Засгийн газраас тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Хэлэлцэж батлах эсэхийг УИХ-аар хэлэлцэж байж шийднэ. Гадаад харилцаатай холбоотой энэ төрлийн асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар асуулт асуухгүй, үг хэлэхгүй, ногоон гэрлээр шууд баталдаг жишиг тогтоод байгаа. Энэ удаад ч гэсэн дээрх дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.