Хятадад 1500 ажилчин есхөн цагийн дотор 247 километр урт төмөр зам тавьжээ гэсэн мэдээ сүүлийн хэдэн өдөр дэлхий нийтийг шуугиуллаа. 

Ёстой л хүний хүчээр, техникийн хүчээр, мөнгөний хүчээр асар цараатай бүтээн босголтыг ганцхан өдрийн ажлын цагт амжуулжээ. Энэ мэдээг уншсаны дараа “Монголчууд бид иймэрхүү урттай төмөр замыг хэдий хугацаанд барих бол” гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирээд атаа төрөөд болдоггүй ээ. Яагаад гэвэл бид яг ийм урттай төмөр зам тавих гээд ес байтугай жил зарцуулсан хэрнээ өнөөг хүртэл сураггүй л сууцгааж байгаа шүү дээ. 

Зарцуулсан мөнгөн дүнгийн тухайд бол талийж одсон. Энэ тухай бодохоос ч дургүй, эгдүү хүрээд, бухимдал оволзоод ирдэг юм.Угаас энэ бол Монголын өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх. Ингэхэд сүүлийн жилүүдэд улсын хөгжилд хувь нэмэртэй томоохон бүтээн байгуулалт бид хийсэн билүү, яалаа! Санаанд орж буй гайхуулах ганц зүйл нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал л байна даа. Одоо үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхийг нь монголчууд хоног тоолон хүлээж сууна. Гэхдээ энэ төсөл сайн урагшилж байгаа нь япончуудаар гэрээгээр гүйцэтгүүлж буйн л ач гэдгийг хүн бүр мэднэ. Хэрэв манайхан өөрсдөө хийнэ гээд зүтгэсэн бол энэ буудал өдийд ганц хашаа, оффисын барилгаас хэтрэхгүй байсан байх биз.

Бусдын есхөн цагт хийж чадаж байгааг ядаж есөн сард хийчихдэг болохсон 

Аягүй бол ТЭЗҮ-гээ боловсруулж байна гэж суусаар өнөөдөртэй золгосон байж ч мэднэ. Иймэрхүү жишээ дэндүү олон болохоор ингэж бодохоос ч өөр арга алга. Бодоод үз л дээ. Манай эрхэм төр нүүрсээ, газар доорх баялгаа зөөх төмөр зам байгуулна гэж хэчнээн жил ярив аа. Ярьсан, хэлсэн нь биелсэн бол өдийд Монголын нутгийг хөндлөн гулд хэрэх төмөр замын сүлжээтэй болчих байлаа, бид. Гэвч Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 34 км замыг эс тооцвол замын урт огт ахисангүй. Өнөөх замыг нь хувийн хэвшлийнхэн барьж гүйцэтгэсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Бас ДЦС-V-ын төсөл байна. Аль 10 жилийн өмнөөс л ярьсан ажил. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өнөө маргаашгүй баригдчих юм яриад л байсан. Гэвч байдаггүй. Сүүлдээ огт баригдахгүй болж таарав. Энэ хооронд ТЭЗҮ боловсруулах нэрээр овоо хэдэн тэрбум төгрөг улсын төсвөөс гаргуулсан байх. Бид олон жил ярьсан том бүтээн байгуулалтуудаа яагаад хийж чаддаггүй юм бэ. Хариулт нь тун энгийн. Төр хэтэрхий их оролцоод байгаа юм. Угаас төрийн данхар аппарат оролцох тусам ажил цалгардаж, эзэнгүйрдэг жишиг урьд өмнө байсан. Одоо ч хэвээрээ. Цаашид үгүй болох найдвар харагдахгүй байна. Аж үйлдвэржсэн орнуудын туршлагаас харвал төрийн оролцоо бага байх тусам тэнд үйлдвэрлэл хөгжиж, капитал бий болж, ажлын байр нэмэгдэж, хуримтлал үүсэж байна.

Товчхондоо бол төр бага оролцох тусам тэнд хөгжил цэцэглэдэг юм. Харин бид яаж байна. Төрийн бүтцийг багасгаж, төрийн өмчит компаниудыг хувьчлах ёстой гэдэг ч бодит байдал дээр биеллээ олсон зүйл алга. Төрийн мэдэлд байгаа том компаниуд бүгд алдагдалтай ажилладаг. Уг нь татварын мөнгөөр татаас авдаг эдгээр байгууллагыг хувьчлах ёстой гэж олон жилийн турш ярилаа. Гэвч энэ нь улстөрчдөд ашиггүй болохоор өдийг хүртэл байлгасан хэвээр. Тэр ч байтугай 1930-аад он шиг хувийн өмчийг төрд булаан авдаг болж байна.

Энэ бүх үйлдэл нь төр данхар бүтцээ танана гэх итгэл огт төрүүлэхгүй байгаа юм. “Салхи Дамбий” гэдэг хэнхэг нөхөр байдаг даа. Энд тэнд очоод хэнхэг царайлаад давхина. Бусдыг шүүмжилж юм хийлгэхгүй хэрнээ өөрөө хийж гийгүүлсэн зүйлгүй. Манай төрийн өнөөгийн байдлыг харахаар “Салхи Дамбий” л санаанд буух юм. Төрийн оролцоогүй юм гэж алга. Эгээтэй л эхнэр, нөхрийн хооронд илжиг болж жороолох нь л дутаж байна. Уг нь төр ийм юмнаас аль болох савраа татаж, татвар, бодлогын орчноо чамбай бүрдүүлээд өгвөл улс аяндаа хөгждөг зүй тогтолтой. Нэгэнт боломж нь бүрдчихвэл хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт өрнүүлж, хөгжлийг түүчээлдэг.  

Бид нийслэл Улаанбаатараа утаатай гэж муулдаг ч, нүд хужирлах гоёмсог барилга байшин сүндэрлэсээр байгаа. Энэ бүгдийг үндэсний хэмжээний хувийн компаниуд л бий болгосон юм. Дотоодын том компаниуд л Coca Cola, KFC, E-Mart, Shangri-La зэрэг дэлхийн брэндүүдийг эх орондоо нутагшуулж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн дангаараа бүтээдэг гэсэн статистик бий. Хувийн хэвшлийг чөлөөлчихвөл юу хийж бүтээх чадвартайг бид хангалттай харлаа . Харамсалтай нь, төр тэдний замд хөндөлсөж, элдэв татвар, дүрэм журмаар боож хаагдуулахдаа дэндүү гарамгай. Ийм байхад улс яаж хөгжих юм бэ.

Бид яаж Сингапур шиг болох билээ. Төмөр зам гэхэд хувийн компаниуд бариад өгье гэж өчнөөн санал тавьсан. Япон, солонгосчууд ч бариад өгье гэж хэлээд татгалзсан хариу сонссон. Тэгсэн хэрнээ өөрсдөө барьж чаддаггүй. Ингээд эцэст нь 200 гаруй км үргэлжилсэн машины түгжрэл үүсгэж, нүүрсээ урагш гаргах гэж үйлээ үзэж сууна. У.Хүрэлсүхийн Засгийн газар хэд хоногийн өмнө нефть боловсруулах үйлдвэрийг Дорноговьд байгуулах шийдвэр гаргав. Үнэхээр баярлууштай. Гэхдээ боловсруулах үйлдвэр барих тухай хэдэн жил ярьж, хэдэн удаа шав тавьсныг нь бодоод үзээрэй. “Сод Монгол” тэргүүтэй 10 гаруй компани нефть боловсруулах үйлдвэр байгуулах төсөл боловсруулж, ажил хэрэг юу юугүй эхлэхэд бэлэн болоод байсан удаатай.

Төрийн оролцоо бага байх тусам тэнд хөгжил цэцэглэдэг юм

Гэвч төр тэднийг дэмжээгүй. Тухайн үед төсөл хэрэгжсэн бол дотоодын хэрэглээнийхээ 70-80 хувийг Монгол Улс дангаар хангах боломжтой байсан гэдэг. Харин манай төрийн эрхэнд байгаа нөхдийн эрх ашигт нийцээгүй тул уламжлал ёсоор боомилон зогсоосон юм. Шанд нь Оросын зах зээлээс 100 хувь хараат, дотоодын импортлогчдын шахалтад орсон өрөвдөлтэй байдалд өөрсдийгөө оруулав. Дээхнэ үед хятад хүүхнүүдийн хөлийг багаас нь битүү боож, өсөлтийг нь хүчээр зогсоодог байсан гэдэг. Мэдээж ийм хөлтэй хүн яаж олигтой алхаж чадах билээ, хүчтэй салхинд хийсч уначих гээд урагшилж чадахгүй дэнжигнэнэ.

Тэгвэл Монголын эдийн засаг, хөгжлийн төлөв байдал модон шаахайн дээр дэнжигнэх хятад бүсгүйн хөл шиг л байх юм. Өсөж тэлдэггүй, ахиж шальдаггүй. Жаахан салхи үлээхээр шургаж уначих гээд хэцүү. Монголын эдийн засгийг яг л ийм эмзэг хэвэнд оруулсан нөхөд бол төрийн эрхэнд гарсан үе үеийн удирдлагуудаас өөр хэн ч биш. Төрийн оролцоотой юм бүхэн урагшилдаггүй. Тэр тусмаа аж ахуйн ажилд хутгалдах нь хөгжилд бус ухралт уруудалтад хүргэдэг гэдгийг хаа хаанаа ухаарахаар болсон доо.

Цэр нь цээжиндээ баймаар санагдах. Тийм ээ! Бусдын есхөн цагт хийж чадаж байгааг ядаж есөн сард хийчихдэг болохсон. Бүтээн босголтын садаа тээг, хөгжлийн гацаа нь тэгэхээр төр өөрөө байж ирлээ. Хийж бүтээж чадаж байгааг нь дэмждэггүй юмаа гэхэд элдвээр хясан боож, тээг болдоггүй төртэй байхсан. Гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэдэг дээ.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ