Монгол ёс жаяг гэж хатуу юм. Эрт дээр үеэс нүүдэлчин замналаар аж ахуйгаа эргэлдүүлж, хүүхэд багачуудаа ажлын дүйтэй болгох гэж малд дасгадаг.

Энэ ч утгаараа хар багаасаа морин дэлэн дээр өсч мал ахуйдаа явдаг. Хурдан морины хүүхэд гэх нэршил эрт үеэс эхлэлтэй ч энэ цаг үед эрлэгийн илч болжээ.

 

Өнгөрсөн жилүүдэд хурдан морины хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол мэр сэр гарч байсан. Гэтэл онд гарсаар нэлээд хэдэн тохиолдлоос болж хүүхэд хохирлоо. Ойрын жишээнээс дурьдвал, Төв аймагт болсон хурдан морьдын уралдааны явцад 20 гаруй хүүхэд унаж бэртсэн байгаа.


Үүний улмаас зургаан хүүхэд зэрэмдэг болж өдгөө эмнэлгийн үүд сахиж сууна. Түүнчлэн энэ сарын 17 буюу ням гаригт Ховд аймгийн Жаргалант суманд цэргийн баярт зориулсан хурдан морины уралдаан болжээ. Гэтэл энэ үеэр их насны морь унаж байсан хүү унаж улмаар км гаруй газарт  чирэгдэн амь насаа алдсан байна.

 

Эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн  унасан морь уралдааны гараанаас гармагц хадуурч ийнхүү осолджээ. Хүүгийн аминд хүрсэн  морины  эзэн нь тус аймгийн 123 дугаар цэргийн ангийн захирагч н.Галбадрах гэнэ. Тэрбээр цэргийн баярыг хурдан хүлгээрээ чимэх гэсэн боловч “чигчийхэн” чинээ хүүгийн амиар наадаж өнгөрөөв.

 

Нутгийн иргэдийн хэлж буйгаар хүү 8-9 настай байжээ. Айлын нялх хүүхдээр хурдан морь гэх адгуус унуулдаг төмөр зүрхтнүүд монголд л бий. Монгол ёс, заншил ярьж молиго үмхүүлж, эцэг, эхийг нь хэд гурван цаасаар хуурч хүүхдээр нь зугаацаж болдог хэрэг үү. Хүүхэд гэдэг чинь хүнээс тасарсан амь.


Эцэг, эхийн хайр халамжинд энхрий бяцхан насаа илээх тавилантай хүмүүс. Гэтэл хөрөнгөтэй нэгний хөл дүүжлэх унаад чиргүүлж хүүхэд насаа өнгөрөөх гэж үү. Хурдан морины уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг олон жилийн турш ярьсан. Унаач хүүхдэд насны хязгаар байх ёстой.

 

Хурдан морины уралдаанд оролцож байгаа хүүхэд хамгаалалтын хувцас заавал өмссөн байх. Уралдаанд оролцуулах насыг дахин хэлэлцэж есөөс дээш насны хүүхдийг хамруулна гэж заасан байдаг. Хуульд заасан наснаас доош настай хүүхдийг уралдаанд оролцуулсан тохиол­долд уяачтай хариуц­лага тооцдог болох саналыг хол­богдох газруудад хүргүүлж байсан удаатай.

 

Гэвч монголын хууль гурав хоног гэгчээр унаач хүүхдийн асуудал орхигдов. Хүүхдийн амжилтыг зохих түвшинд үнэлж спортын төрлөөр хөгжүүлэх, бооцоот уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх гэсэн дүрэм хааччихав. Хаа хамаагүй цэргийн баяраар далимдуулж хүний амиа наадлаа.

 

Зөвшөөрөлгүй мо­рины  уралдаанууд зохиог­дох болсон нь энэ төрлийн ослыг нэмэгдүүлэх болжээ. Албан эх сурвалжийн хэлж байснаар  300 гаруй морь уралдлаа гэхэд  5-6 хүүхэд мориноос унах тохиолдол гардаг байна. Мориноос унасан хүүхэд айж сандрахаас гадна амиа ч алдаж мэднэ. Тэд учир мэдэхгүй насан дээрээ байгаа.

 

Эртнээс л бэлдэж сургаж морь унуулаагүй бол ямар ч хүүхэд эрсдэнэ. Морины уралдаан зохион байгуулагчид зам талбайгаа цэвэрлэх ёстой. Гэтэл өвлийн улиралд хөлдөж мөстсөн газарт морь уралдуулж улмаар хальтирч унадаг байна. Цаашлаад эцэг эхчүүд хүүхдээ хурдан морины уралдаанд оролцуулах бол аюулгүй байдлыг нь хангадаг баймаар.

 

Уяач нартай урьдчилж тохирч ямар хувцас өмсөх, хэдэн уралдаанд орох зэргийг нь асуудаггүй нь алаг үрээ алдахын эхлэл гэлтэй. Хүүхдээр морь унуулсан нэр зүүгээд эх, эцэгт нь хэдэн төгрөг өгч нүүр тахалдаг гаж тогтолцоог арилгах цаг нь болжээ. Өнгөрсөн онд л гэхэд таван унаач хүүхэд нас баржээ. Эдгээрээс ихэнх нь зөвшөөрөлгүй зохиогдсон уралдаанд оролцсон гэх.

 

Энэ мэтээр хүүхдийн амь нас үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлсэн уяачдад хариуцлага тооцдог баймаарсан. Хүүхдийн төлөө “за” гэж хэлдэг эрх мэдэлтнүүд хаана байна вэ. Ирээдүй хойч болсон үрс чинь энэ мэтээр нөгөө ертөнц рүү илгээгдсээр байх уу.


А.Лхагважав