Олонхийн балаг цөөнхийн халаг
2018/02/12
УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүдийн ихэнх нь тойргоо зорилоо. Сар шинийн баяр угтаж тойргийнхоо ахмад настан, эмзэг бүлгийн өрхөд гар цайлган зүйл өгч, зарим нь аварга малчин, тариаланч, саальчдынхаа шагналыг гардуулж байна.
Парламентаас "бултсан" Б.Наранхүү
Намрын чуулганы хугацаанд гишүүдийн хариуцлагын асуудал хамгийн ихээр хөндөгдсөн. Наанадаж, чуулганы хуралдаандаа оролцохоос эхлээд гишүүд үүргээ биелүүлэхгүй байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Тэр дундаа, намрын чуулганы хугацаанд ганцхан удаа чуулган танхимд бараагаа харуулаад, бултсан гишүүн Б.Наранхүүг тойргийнхон нь шүүмжилж, эгүүлэн татах асуудлыг ч хөндөөд байна. УИХ-ын гишүүд хууль боловсруулах төрийн дээд байгууллагад тухайн тойргийн иргэдийг төлөөлж сонгогдсон эрхэм. Тиймээс ч түүнд хууль санаачлан, нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх бий. Гэтэл Б.Наранхүү гишүүн “парламентад дэмий сууж байхаар тойргоо хөгжүүлье” тэс хөндлөн тайлбар хийн, парламентад ч, тойрогтоо ч байхгүй хэрмэл нэгэн эрхэм байгаа. Тойргийг сум, орон нутгийн засаг захиргаа, ИТХ-ын төлөөлөгчид хөгжүүлэх үүрэгтэй. Хэрвээ тойрогтоо санаа зовоод тогтож, сууж чадахгүй байгаа бол парламентын бус орон нутгийн сонгуульд сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй. Бэлтэй бизнесмэний хувь аль нэг сонгуульд өрсөлдөхгүйгээр нутагаа хөгжүүлэх эрх нь иргэн бүрт бий. Гэвч тойрогтоо ч, парламентад ч үзэгддэгүй энэ эрхэмд хариуцлага тооцох асуудал цаашид ч сөхөгдөх байх. Уг нь төрсөн ах, дүү хоёр Монголын улс төрийн хоёр том намаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүхэн ховор тохиол Батсүх гуайн хүүхдүүдийнх. Гэвч айлын хүүхдүүд алагтай цоогтой аж.
Гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох уу
Намрын чуулганы хугацаанд гишүүдийн ирц хангалтгүйгээс хэд хэдэн хуулийн төсөл хууль санаачлагчид буцсан. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий хууль байнгын хороогоор дэмжигдсэн хэдий ч чуулганаар хэлэлцэгдэхэд “унасан”. Үүнтэй зэрэгцээд дагалдах Эд хөрөнгийн бүртгэлийн, Иргэний бүртгэлийн хуулиуд хэлэлцэгдээгүй буцсан юм. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсад цагаачлах иргэдийн тоо, байршил тогтоох хуулийн төсөл дэмжигдээгүй, буцсан. Үүнд ХЗДХ-ийн сайд ихээхэн бухимдаж, УИХ-ын даргыг ирцээ бүрдүүлэхийг шаардаж байлаа. “УИХ ирцээ бүрдүүлэх ёстойгоос биш Засгийн газрыг цаламддагаа боль” хэмээн УИХ, Засгийн газраараа нь талцуулаад авна лээ. Сөрөг хүчин хийгээд бие даагч гишүүд бус үнэмлэхүй олонх 65 ирцээ бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс сөрөг хүчин ч, гурав дахь хүчний төлөөлөл О.Баасанхүү ч эрх баригчдыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүл гэж шахаж, шаарддаг. Мөн бусдын кнопыг өмнөөс нь дарахгүй байхыг сануулдаг. Харин намрын чуулган завсарлахтай зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүдийн ирцийн асуудлаар хуулийн төсөл санаачлан өргөн барина лээ. Хуулийн төслөөр чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татахаар тусгажээ. Гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох хуулийн төсөлд хэр хандах бол. Ер нь өөрсдөдөө хариуцлага үүрэхээс зугатдаг гэмтэй.
Танагдсан хүүхдийн мөнгө ба тансагласан түшээд
Намрын чуулганаар төсвийн сахилга батыг хангах, хэмнэх зорилгоор хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож байгаа. Бусад 40 хувь нь амжиргааны түвшин дээгүүр айлын хүүхдүүд тул төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөөс танагдсан. Ийнхүү хүүхдийн мөнгийг танаж, төсвөө хэмнэсэн төрийн түшээд өөрсдийн урсгал зардлаа танасан гэвэл гонжийн жоо. Түшээдийн зардлаа нэмэгдүүлж, тансаглал нь хэрээс хэтэрснийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “Lexus” маркийн машин гэрчилнэ. Олны шүүмжлэлт өртсөн энэ машиныг буцаан зарахыг Ерөнхий сайд үүрэг болгосон бол Ц.Нямдорж сайдад авч өгсөн “хэргийн эзэн” ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр болохыг сөрөг хүчин АН олж тогтоогоод байгаа.
Ёсзүйн асуудалд холбогдсон гишүүдийн тайлбарт итгэх цагаан цаас шиг ард түмэн гэж байхгүй
Энэ парламентын хоёр ч гишүүн ёсзүйн асуудалд холбогдлоо. Гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод байгаа бол гишүүн Б.Мурат бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд өртөөд байна. Ёсзүйн асуудалд нэр холбогдсон гишүүдийн тайлбарт итгэх “цагаан цаас” шиг олон түмэн хаанаас байх билээ. Энэ мэтээр парламентын дотоод асуудал үргэлжилсээр байгаа ч хариуцлага тооцуулах нэгэн байгаагүй. УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ хариуцлага, ёсзүйн асуудлыг дурдсан. Тэрбээр “Төрд түмнээ төлөөлөн сууж буй гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй юм. Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлөн төр барилцаж, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ огтхон ч умартах учиргүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ёс зүйгээ огоорох эрх бидэнд байхгүй. Тансаглал, үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй. Түмний амьдрал зүдүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй. Төрийн түшээ, УИХ-ын гишүүний нэр хүнд нь бүхнээс дээгүүр, дархан торгон байдал биш гэдгийг ойлговол зохино. Хуулиар олгосон эрх хэдий байвч, үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг сануулж хэлье. Хууль хэрэгждэг, ёс зүйг эрхэмлэдэг улс оронд ийм үйлдэлд нэр холбогдсон бол аль хэдийнэ огцорсон байгаа даа гэж иргэдийн ярилцаж байгааг сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас ихэнхдээ эхлэлтэй байдаг” гэдгийг онцолсон юм.
Төрийн түшээд олонхи, цөөнх гэлтгүй хариуцлага, ёсзүйгээ чанд эрхэмлэх ёстой ч эрх баригч хүчний гишүүдийг балаг тойрохгүй, цөөнх ч баримт дэлгэн халагласаар хоёр намрын чуулганыг үдэж байна.
Н.Энхлэн
www.shuud.mn