Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол олон зөрчил хямралыг давж чадна
2018/02/22
Улс орон эдийн засгийн хүнд байдалд арга буюу Олон Улсын Валютын Сангийн санхүүжилтэд хамаарч түмэн олны заяа түшиж арай дампуурчихгүй амсхийж байгаа ч бидний өөрсдийн урласан улс төрийн хямрал газар авч байна.
Энэ хямрал үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, төрийн тэргүүн Ерөнхийлөгч болон хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын хоорондын зөрчлөөр гүнзгийрч байгаа нь даан ч харамсалтай. Энэ хямралын үндэс нь 1992 онд ардчилсан үндсэн хуулиа батлахдаа хүн төрөлхтний ардчиллыг хөгжүүлэхдээ олж тогтоосон Ерөнхийлөгчийн юм уу, парламентын бүгд найрамдах улс уу гэдгийн сонгодог хэлбэрийг зөв тогтоож чадаагүйгээс болж байгааг Үндсэн хуулиа мөрдөж ирсэн 26 жилийн туршлага харуулж байгаа бус уу? Үйл явдлын мөрөөр харвал,
1.Ерөнхийлөгчийг 1993 онд сонгохдоо нам дотроо (одоогийн МАН) өрсөлдөн ялагдсан Пунсалмаагийн Очирбатын нэрийг өөр нам буюу Монголын Социал Демократ нам дэвшүүлсэн алдааг хориглох заалт дагаж мөрдөж буй аль ч хуульд байсангүй.
2.1996 оны Их хурлын сонгуульд ялалт байгуулж олонх болсон ардчилсан хүчний Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Даваадоржийн Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди Их хуралд өргөн мэдүүлэхээс долоон удаа татгалзаж сонгуулийн үр дүн хэрэгжихэд шинэ Үндсэн хуулийн заалтын дагуу саад болсныг улс төрийн хямрал Ерөнхийлөгчийг бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх эрхэм зүйлсийг чөдөрлөж зөвхөн нэр дэвшүүлсэн намын төлөө хүн гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлэхэд хүргэсээр өнөөг хүрлээ.
Шинэ Үндсэн хуулиа баталсан нь Монгол Улс ардчиллын замаар эргэлт буцалтгүй орсны баталгаа болж чадсан. Ард түмний төлөөлөл болсон Ардын Их Хурлын депутатууд баталсны хувьд шинэ Үндсэн хууль эрхэмлэн хүндлэх Монгол түмний оюуны их бүтээл мөн. Шинэ Үндсэн хуулиа мөрдөж ирсэн туршлагадаа тулгуурлаж оносон алдсанаа эргэцүүлж хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлагыг авч үзэн бүх ард түмнээрээ хэлэлцэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болжээ гэсэн санаанд хүрч байна.Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх талаар энэ ажлыг хариуцсан Улсын Их Хурлын ажлын хэсэгт ирсэн саналын 80 гаруй хувь нь Үндсэн хуулиа өөрчлөх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Энэ нь нийгмийн шаардлагын илэрхийлэл мөн.Харин Үндсэн хуулиа өөрчлөхгүй одоогийнхоор нь дагаж мөрдье гэдэг саналын дотор Үндсэн хуулиа өөрчлөх нийгмийн шаардлага гарсныг мэдэхийн цаагуур мэдсэн ч сонгуульд ялагдсан ч юм уу, нам дотроо түнжин хагарсандаа хонзон санаж зохиосон ажил бүхнийг эсэргүүцэн унагах, эс болсон ч эрч хүчийг нь сулруулбал сэтгэл нь ханах явуургүй бодлын цөөн эзэд байгааг үгүйсгэх аргагүй билээ.
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах үндэс нь нэгэнт Үндсэн хуульд заасан Парламентын Бүгд Найрамдах Улс гэсэн сонгодог хэлбэрийг мөрдөх нь зүйтэй. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгодог болбол олон зөрчил хямралыг давж чадна.
Хэрэв зарим хүний Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдгээр хандвал улс төрийн хямрал үргэлжилж гадаадад нэр хүндээ алхам тутамдаа алдаж хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж улс орны хөгжилд саад тээг болсоор байх нь гарцаагүй. Хоорондоо маргах бус даяарчлалын хөлгүй далайд нэг завьтай яваагаа олонх цөөнхгүй, хэн хүнгүй бодож үндэсний эв нэгдлээ эрхэмлэе!
П.Цэрэнбат
sonin.mn
зочин · 2018/02/22
Ерөнхийлөгчийг Сонгодог болохоосоо өмнө УИХ болон Гишүүд нь өөрснөө эхлэж Төлөвших хэрэгтэй, Тэгээгүй байж Ерөнхийлөгчийг Сонгоноо гээд сууж байвал Хөгийн л юм болж харагдана даа